Их үйлсийн ард энгийн хүмүүн байдаг

Н.Саранчимэг / Хууль

Монгол улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгож, Үндсэн хуулиа шинэчилсэн түүхт өдрийн 28 жилийн ойгоо тэмдэглэв.1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ. Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон батлалцаж байсан түүхтэй. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байв.

Түүх ингэж үргэлжилнэ. Гэхдээ аливаа сайн сайхан үйлсийн ард энгийн хүмүүн байдгыг бид үеийн үедээ мартах учиргүй.

УИХ-ын Тамгын газрын бичээч Т.Уранчимэгтэй ярилцлаа.

“Үндсэн хуульд засвар орлоо гэвэл би протоколоо түр орхиод шууд л Үндсэн хуулиа эхнээс нь бичнэ. Зөвлөхүүд намайг бичиж байхад миний хажууд зэрэгцэж суугаад л шууд уншаад гаргана. Тийм л хурдтай, сэтгэлтэй ажилладаг байж дээ.Үндсэн хуулийн эхийг ерөөсөө балруулдаж болдоггүй байсан. Өөр материал дээр ганц, нэг үсэг солиод биччихсэн бол баллуурдаж байгаад засвар оруулчхаж болдог. Тухайлбал, илтгэлийг бид заавал гурван хувь бичиж гаргана. Энэ дунд алдаа гаргавал дээрх аргаар л засварлачихдаг.

Гэхдээ алдаа гаргасан ч зөвлөх нь зөвлөх гэж томрохгүй, Бага хурлын гишүүн нь бага хурлын гишүүн гэж томрохгүй, бид нэг л зүйлийн төлөө адилхан л ажиллаж байгаа учир их л “гоё” сэтгэлээр, “гоё” ажилладаг байсан даа.Б.Чимид даргын тухай л яримаар байна. Чимид гуай хүний толгойд юу багтах боломжтой, түүнээс илүүг толгойдоо багтааж чаддаг хүн шиг санагддаг байлаа. Чимид гуай дандаа гараараа бичнэ. Нэг өгөхдөө 20, 30 хуудас ноорог өгнө. Өрөөндөө дуудаад л “Энийг бичээд ир” гэнэ. Өнөөхийг нь бичээд аваад ирэхээр, цай хийж өгчхөөд “Наанаа сууж бай” гээд л уншаад суучихна. Уншиж дуусаад “Чи наадахаа нэг уншдаа, миний бичсэнээс нэг л юм дутуу байна” гэнэ. Тэр их юман дотроос ганц үг л байхгүй бол шууд мэдчихдэг. Үнэхээр уншаад үзэхээр нэг л биш, тулгаад үзэхээр яг л нэг үг байхгүй. Их айхтар, мундаг хүн байсан. Чимид гуай ямар ганц Үндсэн хууль хийсэн биш, өчнөөн л хууль дээр ажилладаг, үргэлж л гараар ямар нэгэн юм ноороглоод сууж байдаг. Тэгж их бичиж байж, алийг нь ч мартахгүй, үг үсэггүй санаж байдаг. Толгойны багтаамж үнэхээр мундаг. Даанч арай л эрт явчихсан. Өдийд байсан бол… гэж их бодогддог. Чимид дарга миний амьдралд тохиосон их сайн дарга. Тэр хүн хэзээ ч би дарга, чи бичээч гэж харьцдаггүй, маш хүнлэг хүн байсан”. ингэж ярьжээ. Их гоё энгийн ярилцлага. Тэгвэл хэзээ ч ярилцлага өгөхгүй, тэгсэн атлаа их үйлсийн эзэд бас бий. Тэдний нэг бол үе үеийн УИХ-ын Тамгын газар хэмээх тулгар төрийн маань хууль төрөх их өргөөг манагчид мөн. Энэ өргөөний галыг асааж, бадрааж байсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар тэр дундаа одоо галыг бадрааж буй анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы үед Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа. “Нэмэлт өөрчлөлт орууллаа” гэдэг ганц өгүүлбэрт УИХ-ын Тамгын газрын удирдлагаас эхлээд энгийн үйлчлэгчийнх нь хөдөлмөр хүртэл шингэсэн юм билээ. Энэ их өргөөнийхөн “төрийн алба” хэмээх нэрийн дор шүүмжлүүлэх тохиолдол байдаг биз. Гэхдээ тэд энэ улсад мөрдөгдөх, батлагдах хуулийн үг өгүүлбэр бүрийг хянан тохиолдуулж, бичих шивэх, бэлтгэл ажлыг хийх гээд их ажлын ард дандаа энгийн хүмүүн ажиллаж байдаг юм шүү. Эргэн харахад, Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жил, нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 18 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулсан нь нэг сарын ажил биш, нэг жилийн ажил биш, нилээн жилүүдийн санал онол, хөдөлмөр хүч үүний ард бий. Их үйлсийн ард байдаг энгийн хүмүүн энэ эх орны хөгжил, дэвшил, ололт, амжилт бас алдаа бүхний ард байдаг!


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.129] 2020-01-14 01:24:06

Наад Үндсэн хуулийн өөрчлөлтөөс чинь илүү Нямбаатарын батлуулсан “ хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хууль” өнөөдөр Монгол улсын хөгжил дэвшилд хамаагүй илүү ач тустай хууль боллоо шүү!!!! Хамгийн дампуурсан балайрсан улсаа дампууруулах хуулиар зээл чөлөөлсөн хууль орлоо доо. Хар хууль гэвэл энэ л боллоо.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.