Төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүдийн казинотой холбогдож байсан фактууд

Л.Батцэнгэл / Улстөр

Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагч мөрийтэй тоглоом болон казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцох шийдвэр гаргасан нь ердөө оны өмнөхөн буюу 2019 оны арваннэгдүгээр сар шүү дээ. Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. У.Хүрэлсүхийн хувьд залуу зандан насандаа алдаж онохын дэнсэн дээр ард Монголынхоо буяныг алс Солонгос нутагт асгаж цутгаж явсан нь сонин хэвлэлийн хуудсанд дурайн үлдсэн нь бий. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүүрт орж байна гэсэн судалгаа өгч байна. Энд ямар логик харагдаад байна вэ гэхээр авлига гэж харагдаад байгаа юм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улс албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ” гэсэн юм.

2019 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж “Төрийн албан хаагчийг ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд шууд ажлаас нь чөлөөлж байх хуулийн заалтыг нэмж оруулах шаардлага бий болсон” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан. Учир нь УИХ, Засгийн газар, төрийн өндөр албан тушаал хашдаг эрхэмүүд дотоод томилолтоор явахдаа болон гадаадад айлчлах үеэрээ мөрийтэй тоглоом тоглож ёс зүйн алдаа гаргаж байгааг онцлон нэр бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ салбар яамдад хүргүүлж байв. Үүний тод жишээнд ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Мөн “МИАТ” ХХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдож байгаа тул ажлаас чөлөөлөх хүсэлтийг Засгийн газраас гаргаж байв. Тэрчлэн ХХААХҮЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилж, ёс зүй алдагдсан тохиолдолд шууд ажлаас чөлөөлөх хуулийн заалт нэмж оруулах, төрийн албан хаагчид цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох нь зүйтэй гэж байсан нь хар дээрээ цагаанаар бичээтэй хэвээр байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Австрали улсын Сидней хотод казино тоглосон нь “Бүлгийн дарга бүдүүн зүрх гаргаж бүдүүлэг авирлалаа” гэх дуулианыг нийгэмд тарьж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар казино тоглож байсан тухай ч хэвлэлийн хурлыг иргэд хийлгэж, тэр бичлэгийг олон нийтэд тарааж байв. “Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар, Ч.Мөнхбаяр, Хундаганай нар 2018 оны хоёрдугаар сарын 18-нд хэвлэлийн хурал зарласан байдаг. Тэд 2017 оны арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол нар долоон эмэгтэй гишүүний хамт БНСУ-ын Пусаны “Paradise” казинод гурван хоног байрлан тоглосон тухай мэдээлж байсан. Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нарын Засгийн газарт орж ажилласан сайд асан Д.Оюунхоролыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэж тухайн үед мэдэгдэж байсан юм. Энэ талаар Ч.Мөнхбаяр “Солонгос улсын Бусан хотод өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-7-ны хооронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар “Paradise” казинод тоглосон гэх мэдээлэл цацагдсан. Тэд ард түмний мөнгөөр тансагласан гэх хардлага төрж байгаа. Үүнийг АТГ шалгах ёстой” гэж ярилцлага өгч байв.

Монгол Улсын гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагваа нэг хэсэг мөрийтэй тоглоомын асуудлаар цагдаа шүүхэд дуудагдан, нэг жилийн тэнсэн харгалзах ялаар ч шийтгүүлж байсан. Тэрээр “Тоглодог хүмүүс гээд ярихаар тэр дунд цагдаагийнхан, мэргэжлийн хяналтынхан, шүүх прокурорынхон гээд бүгд л өөрсдөө тоглодог ш дээ. Их хурлын гишүүд ч хүртэл тоглож л байсан. Төрийн албаны сайд нь хүртэл тоглоод явдаг. Гэтэл тэр хүмүүсийн нэгийнх нь ч нэр гарахгүй ганц миний нэр л гараад байгаа. Би тэр хүмүүсийн нэрийг хэлээд яахав. Цагдаагийнхан Их хурлын гишүүдэд халдашгүй эрх гэдгээр халдаж чаддаггүй байлгүй. Адилхан цагдаад баригдаад мэдүүлэг өгөөд явж байсан хэрнээ нэг мэдэхэд зүгээр гараад ирчихсэн байдаг. Харин яг баригдаад шалгагдаж байгаа хүмүүс нь жаахан чадал муутай хүмүүс байдаг байхгүй юу. Надад хээл хахууль өгье гэвэл мөнгө байна. Гэхдээ би ямар нийгэмд хортой зүйл хийчихсэн биш, тиймэрхүү зүйл дээр мөнгө зарж яах юм бэ. Энэ мөрийтэй тоглоом тоглосон нь эрүүгийн хуулийн зүйл ангид ордог юм байна л даа. Тоглосон хүнд нь шүүхээс зохих шийтгэлийг нь өгдөг. Надад зохих ёсны шийтгэл өгсөн байгаа. Нэг жилийн тэнсэнтэй байгаа. Шүүх цагдаагийнханд хандаж хэлэхэд Би өөрийнхөө олсон мөнгөөр л тоглодог байсан. Ямар хүний мөнгөөр тоглосон биш. Харин тэр УИХ-ын гишүүд, төрийн сайд, шүүх прокурорынхон чинь ард иргэдийн мөнгөөр, авлига авсан бохир мөнгөөрөө тоглодог ш дээ” гэж нэлээд хэдэн жилийн өмнө ярилцлага өгч байв. Тэрээр “Монголд мөрийтэй тоглоомын газрууд их олон байдаг, зөндөө байгаа. Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байгаа хүмүүс нь ихэвчлэн томчууд байдаг байхгүй юу. Тэд нарын ард дандаа шүүх цагдаагийнхан зогсож байдаг. Монголын зарим томчууд Солонгос руу очиж тоглодог. Тэнд очихоор казинод тоглодог” гэсэн байдаг юм.

“Үндэсний шуудан” сонины 2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний дугаарт “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ. АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ. Мөн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн баривчлан саатуулах гэж байсан хүнтэй хамт мөрийтэй тоглоод сууж байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна. Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм” гэсэн мэдээлэл гарч байв.

Хан-Уул дүүргийн “Моннис”-ийн байранд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүд казино тоглосон тухай яригдаж эхэлсэн. Эл мэдээлэлд гишүүд их л эмзэглэж буй бололтой. Казино тоглодог гэдгээрээ алдаршсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэхэд цахим хуудастаа “Би Хан-Уулд Моннисийн байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа мөн “Тоглосон тэгээд АТГ-т баригдсан бол юугаа нуухав дээ. Тэртэй тэргүй зарлана шүү дээ” гэж өгүүлбэрийн найруулгаас харахад тоглосон ч юм шг, тоглоод баригдсан ч юм шиг, тэртэй тэргүй гэм буруутайгаа мэдээд байгаа ч юм шиг ацан агуулгатай сэтгэгдэл үлдээсэн байх юм.

image

Хаянхирваа шиг бичгийн ийм боловсрол муутай “амьтдаар” төр бариулж байна гэхээр ард түмэн бид өрөвдмөөр ч юм шиг. УИХ-д М-ээр эхэлсэн таван гишүүн, Х үсгээр эхэлсэн нэртэй хоёр л гишүүн байдаг аж. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхирваа нар казино тоглоогүйгээ мэдэгдлээ. Тэгэхээр одоо Сангийн сайд Хүрэлбаатар, Мурат, Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Мөнхбаатар нар үлдэж байна гэсэн мэдээллийг нягталж АТГ-аас албаны эх сурвалжаас тодруулахад “УИХ-ын гишүүд Хан-Уул дүүрэгт казино тоглосон тухай гомдол, санал одоогоор ирээгүй. Тиймээс Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүдийг шалгаж байгаа гэдэг цуурхал” гэж мэдэгдэж байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2020-01-20 15:36:05

МИАТЫН СЕӨҮЛЫН АЖИЛТАНЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ УЛСЫН ИХ ХУЛГАЙЧИЙГ ЯАХИЙМ ТА НАР?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.