Б.Баттогтох: 2027 оноос хэрэгжих татварын өөрчлөлтүүд бизнес эрхлэгчдэд эерэг хэдий ч илүү чөлөөтэй, хөнгөлөлттэй орчин бүрдүүлэхэд төр анхаарах хэрэгтэй
УИХ-аас баталсан татварын хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтүүд 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх гэж байгаа аж. Энэ талаар татварын өмгөөлөгч Б.Баттогтохтой ярилцлаа.
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх хуулиудад гол нь ямар ямар өөрчлөлт орсон бэ?
-Ирэх оноос Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд мөрдөгдөж эхэлнэ. Татварын ерөнхий хуулийн хувьд хууль даган мөрдөлтийн түвшин гэх ойлголт, түүний шалгуур үзүүлэлтийг хуульчилсан.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрхэн дагаж мөрдөж үнэлэх, энэ үнэлгээгээ татварын нэгдсэн системээр дамжуулж татвар төлөгчид мэдэгдэх зохицуулалт орсон. Эндээс тухайн татвар төлөгч өөрийгөө татварын хувьд ямар түвшинд явж буйг мэдэх боломж бүрдэнэ.
Мөн татвар төлөгчид ашигтай буюу эерэг нөлөө бүхий Маргаан таслах зөвлөл, шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа нөхөн ногдуулалтын актад заасан алданги, торгуулийг тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд татвар төлөгчөөс нэхэмжлэхгүй байх, татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 70 хувиас хэтрэхгүй байх гэсэн зохицуулалтууд орсон. Түүнчлэн татварын хяналт шалгалтын томилолтыг олгосноос шийдвэр гарах хүртэл хугацаанд төлөөгүй татварт алданги тооцохгүй гэдэг шинэлэг зохицуулалт орсон. Алдангийн нийт дүн нь хугацаандаа төлөөгүй татвар, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалт орж ирсэн. Одоогийн хуулиар алданги дээд хэмжээг зааж өгөөгүй хязгааргүй гэж байсныг 50 хувиас хэтрэхгүй өөрчилсөн.
НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл бол манай бизнес эрхлэгч компани, иргэдийн нуруун дээр маш том дарамт, ачааллыг үүрүүлдэг. Хэдийгээр энэ дарамт, ачааллыг огт байхгүй болгоогүй ч гэсэн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босго 50 сая төгрөг байсныг 400 сая болгосон. Энэ нь зарим иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлт үүсгэж байсан зохицуулалт. НӨАТ-ын хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй албан татвар суутган төлөгч албан татвар төлөх хугацааг 1-2 сарын хугацаатай хойшлуулах зохицуулалт орж ирж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах босго, шатлалыг өөрчилсөн. Тухайлбал, аж ахуйн нэгжийн татвар ногдуулах жилийн орлогын эхний зургаан тэрбум төгрөгт 10, дараагийн дөрвөн тэрбум төгрөгт 15, 10 тэрбумаас давсан хэсэгт 25 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон.
-Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн чухал зохицуулалтыг багтаажээ. Жишээ нь, Татварын өртэй ААН-үүдийн дансыг бүтнээр нь хаадаг байсныг больж байгаа юм байна. Энэ талаар та дэлгэрүүлж иргэдэд ойлголт өгнө үү?
-Татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 70 хувиас хэтрэхгүй гэсэн зохицуулалт 2026 оны зургадугаар сарын 26-ны өдрөөс буюу батлагдсан өдрөөсөө үйлчлээд эхэлсэн. Өмнө нь татварын өртэй аж ахуйн нэгж, хувь хүмүүс дансаар орж ирсэн мөнгөө бүхэлд нь татварын өрөнд татуулчихдаг байсан. Энэ нь татвар төлөгч татварын өртэй ч гэсэн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учруулдаг байв. Ийм учраас энэхүү нөхцөл байдлыг бодолцож, татварын өрийн 70 хувийг нь хурааж, 30 хувийг татвар төлөгчид үлдээх байдлаар татварын үүргээ биелүүлэх боломжийг олгосон байна.
-Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх дээр ямар өөрчлөлтүүд гарав?
-Жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлж, хөнгөлөлтийн босго дүн 1.5 тэрбумыг 2.5 тэрбум төгрөг болгосон. Ингэснээр жижиг, дунд аж ахуйн нэгжүүд 90 хувийн албан татварын хөнгөлөлтөө үргэлжүүлэн эдлэх боломж бүрдэж байна.
-Иргэдэд хамаарах хэд хэдэн өөрчлөлтүүд гарчээ. Анхны орон сууц борлуулах, цалингийн орлогын татварын хөнгөлөлт гэх мэт?
-2027 оноос цалингийн татвар ногдуулах жилийн орлогын эхний 9 сая 504 мянган төгрөгт татвар ногдуулахгүй. Үүнээс давсан 120 сая төгрөг хүртэлх хэсэгт 10, 120 саяас дээш 180 сая төгрөг хүртэлх хэсэгт 15, 180 сая төгрөгөөс давсан хэсэгт 20 хувийн татвар ногдуулна.
Харин 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхний 9 сая 504 мянган төгрөгт татвар ногдуулахгүй хэвээр байх бөгөөд үүнээс давсан 24 сая төгрөг хүртэлх хэсэгт 1 хувь, 24 саяас дээш 120 сая төгрөг хүртэлх хэсэгт 10, 120 саяас дээш 180 сая төгрөг хүртэлх хэсэгт 15, 180 сая төгрөгөөс давсан хэсэгт 20 хувийн татвар ногдуулна.
Анхны орон сууц буюу 100 мянган иргэний санал авч дэмжигдэж байсан хуулийн өөрчлөлтийн санал Монгол Улсын иргэн анх удаа өмчилж, амьдран суусан, улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд баригдсанаас бусад орон сууцаа борлуулж олсон орлого гэсэн томьёоллоор батлагдаж хоёр хувийн татвар авахааргүй болсон.
Хувиараа бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг, бие даан мэргэжлийн ажил, үйчилгээ явуулдаг иргэдийн хувьд үйл ажиллагааны орлого буюу нэг тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдох орлоготой иргэд нэг хувиар татвар төлөх боломжтой болж байна.
-Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон хувь хүнд хэр оновчтой, бодитой өөрчлөлтүүд болсон гэж та хуульч хүнийхээ хувьд бодож байна вэ?
-Засгийн газраас өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан татварын хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт цаг үеийн шаардлагад нийцсэн, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн. Гэхдээ цаашид аж ахуй, бизнес эрхлэгчдээс авах татварыг илүү хөнгөвчлөх, чөлөөтэй шударгаар бизнесээ өргөжүүлэн тэлэх эрх зүйн орчныг төр маш сайн бүрдүүлэх шаардлагатай байна.
Манай улсын үндэсний татварын эрх зүйн тогтолцоонд татварын хууль тогтоомжийг системчлэх хэрэгцээ шаардлага бодитой оршиж байгаа. Үүнийг цаашид урт хугацаанд судалгаанд суурилсан байдлаар хийж олон дахин нэмэлт, өөрчлөлт оруулах үзэгдлээс зайлсхийж, татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, эдийн засагт эерэг нөлөөг авчирна гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН





.jpg)






































































Сэтгэгдэл