Анталья хотод COP31 эхэлж байна

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцид нэгдсэн Талуудын 31 дүгээр бага хурал /COP31/ өнөөдөр Турк улсын Анталья хотод өнөөдөр эхэлж байна.

Туркийн Хүрээлэн буй орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлснээр, энэ сарын 20 хүртэл үргэлжлэх тус бага хуралд оролцоно гэдгээ 102 улсын удирдагчид, 300 гаруй сайд нар баталгаажуулан мэдэгдсэн бол нийтдээ 196 улс ба Европын Холбооны төлөөлөгчид оролцоно.

11-12-ны өдрүүдэд Цэнхэр бүсэд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы даргалсан улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. COP31-ийг даргалах Турк улсын эрхийг Хүрээлэн буй орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курум хэрэгжүүлнэ.

Бага хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд: цэвэр эрчим хүчинд шилжих, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалд хотууд, ногоон аж үйлдвэржилт, хог хаягдлыг бууруулах, далай тэнгисийг хамгаалах болон эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх гэсэн сэдвүүд багтжээ.

Турк улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтуудыг бодит шийдэл болгоход чиглэсэн "үйл ажиллагаанд төвлөрсөн COP" гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Тус бага хурал Цэнхэр ба Ногоон гэсэн хоёр бүсэд хуваагдсан 1.1 сая хавтгай дөрвөлжин метр талбайд болно. Цэнхэр бүсэд төр засгийн ба олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон албан ёсны хэлэлцээнүүд явагдах бол Ногоон бүсэд хувийн хэвшил, шинжлэх ухааны болон иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын төлөөллүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдээ танилцуулна.

Ногоон бүсэд 1.5 сая хүн, Цэнхэр бүсэд 100 мянга орчим хүн нэвтрэх төлөвтэй байна. COP31-д оролцохоор 154 улсын 45 мянга гаруй уур амьсгалын эсрэг тэмцэгч сайн дурынхан бүртгүүлжээ.

Турк улс тус бага хуралд “Хог хаягдлыг тэг түвшинд” санаачилга болон хоёрдугаар сарын 6-ны газар хөдлөлтөд нэрвэгдсэн 11 мужид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй 455 мянган байшин барих төслөө танилцуулна.

Мөн COP31-ийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр байгаль орчныг хамгаалах, мэдлэг боловсрол олгох, соёл уламжлалыг сурталчлах цогц үйл ажиллагаанууд, үзэсгэлэн ба танилцуулгыг зохион байгуулна.

Түүнчлэн тогтвортой хоол үйлдвэрлэл, соёл гэсэн чиглэлд тусгайлан анхаарал хандуулж, Туркийн долоон бүс нутгийн уламжлалт хоолны соёлыг бага хурлын төлөөлөгчид, зочдод танилцуулна.

Б.Адъяахүү


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.