Гренландад олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оржээ
“Мөсөн уулуудын хот” гэгдэх Гренландын Илулиссат хотод байгуулагдсан шинэ олон улсын нисэх онгоцны буудал Копенгаген хотоос ирсэн 169 зорчигчтой онгоцыг хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ тухай Ассошиэйтед Пресс мэдээлснийг Kazinform агентлаг дамжуулав.
Өмнө нь аялагчид энэхүү аялал жуулчлалын бүсэд жижиг онгоцоор дамжин нисэж ирж байсан бол нисэх онгоцны шинэ буудалд том оврын зорчигч тээврийн онгоцуудыг хүлээн авч эхэллээ
Онгоцны буудлын терминал нь 5 мянган хавтгай дөрвөлжин метр, хөөрч буух зурвасын урт нь 2200 м ажээ. Агаарын тээврийн Air Greenland компани 2027 оны зуны аялал жуулчлалын оргил үед Копенгаген хотоос долоо хоногт 6 удаа нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бол Исландын Icelandair компани шинэ буудлыг ашиглах сонирхолтой байна.
Шинэ объект байгуулагдсанаар загас агнуураас ихээхэн хамааралтай Гренландын эдийн засаг төрөлжиж, аялал жуулчлалын салбар хөгжинө гэж эрх баригчид үзэж байгаа юм. 2024 онд Гренландад 150 мянга орчим жуулчин ирсэн нь 2018 онтой харьцуулахад 65 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч аялал жуулчлалын салбар тус арлын ДНБ-ий ердөө 5 хувийг бүрдүүлж байна.
Хойд Америк ба Европын хооронд оршдог, 56 мянган оршин суугчтай, дэлхий дээрх хамгийн том Гренланд арал Данийн Хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд өөртөө засах өргөн эрхтэй. Арктикт стратегийн чухал байршилтай, байгалийн баялаг ихтэй учраас уг арал том гүрнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Харин жуулчдын урсгал нэмэгдэх нь арлын дэд бүтцэд нэмэлт ачаалал үүсгэж, Арктикийн эмзэг байгаль орчинд хохирол учруулна хэмээн нутгийн оршин суугчид болгоомжилж байгаа юм.
Б.АЯЪЯАХҮҮ



.jpg)














.jpg)























































Сэтгэгдэл