Ши Жиньпин Дональд Трамптай уулзлаа

Aдмин / Гадаад мэдээ

11-р сарын 19-ний үдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шэньжэнь хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн хэдэн сарын хугацаанд миний бие ерөнхийлөгч тантай хамтран Хятад, Америк хоёр их гүрний зөв харилцах арга замыг эрэлхийлж, “Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцаа” гэсэн шинэ тодорхойлолтыг бий болгож, “хүндэтгэл, шударга байдал, эрх тэгш байдалд суурилсан” шинэ агуулгыг түүнд шингээсэн. Үүнийг хоёр орны ард түмэн хүлээн зөвшөөрч, олон улсын хамтын нийгэмлэг сайшаан дэмжиж байна. Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой, нааштай хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчрахын зэрэгцээ дэлхий дахинд тогтвортой, тодорхой байдлыг нэмэгдүүлж байна. Би ерөнхийлөгч тантай хамтран хоёр орны харилцааг цаашид зөв чиглэлд удирдан залж, энэхүү том "хөлөг онгоц"-ыг зөв замаар урагшлуулахыг хүсэн хүлээж байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг байгуулах нь урьд өмнө байгаагүй шинэлэг үйл хэрэг бөгөөд зоригтой эрэлхийлж, бодитой ажиллан, үр дүнд хүрэх шаардлагатай. Хоёр орны төрийн тэргүүн нарын дипломат харилцааны чиглүүлэх үүргийг юугаар ч орлуулах боломжгүй. Хятад, Америкийн харилцааны өнөөгийн тогтвортой, нааштай хөгжлийн хандлагыг хадгалахын тулд төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголцлыг бодит ажил хэрэг болгох нь хамгийн чухал юм. Хоёр талын ажлын багуудын харилцаа холбоо ч үүнтэй хөл нийлүүлэх ёстой.

Хамтын ажиллагааны жагсаалтыг өргөжүүлж, асуудлын жагсаалтыг багасгах хэрэгтэй. Ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй санал зөрөлдөөнийг бүтээлчээр зохицуулж, зөрчил хурцдахаас сэргийлэх шаардлагатай. Тайваний асуудлаар Америкийн тал зөв байр сууриа баримталж, Хятад, Америкийн харилцаанд томоохон хүндрэл үүсгэхээс зайлсхийх ёстой.

Эдийн засаг, худалдааны салбарт харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан анхаарч буй асуудлуудаа шийдвэрлэн, харилцан ашигтай үр дүнд хүрэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Хоёр орон хар тамхитай тэмцэх, хууль бус цагаачдыг буцаах, харилцаа холбоо, интернэт ашиглан үйлддэг залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Цаашид хүндэтгэл, шударга байдал, эрх тэгш байдлын зарчмаар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх боломжтой.

Мөн Хятад, Америк хиймэл оюун ухааны аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, хиймэл оюун ухааныг ямагт хүний хяналтад байлгах ёстой гэжээ.

Дональд Трамп Хятадын тал халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд, Америк, Хятад дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилийн хугацаанд хоёр орны харилцаа мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан. Би дарга тантай ойр дотно харилцаатай байж, бидний нөхөрлөл улам гүнзгийрч, хамтдаа Америк, Хятадын харилцааны хөгжлийг удирдан чиглүүлж байна. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа тасралтгүй бэхжиж, фентанил зэрэг асуудлаарх хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр тал Америк, Хятадын харилцааны тогтвортой хөгжлийн хандлагыг хадгалж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч, супер оюун зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, харилцан анхаарч буй асуудлуудаа шударгаар шийдвэрлэх ёстой. Америк “Тайваний тусгаар тогтнол”-ыг дэмжихгүй. Хятадын тал АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Америк бол маш хүчирхэг улс, Хятад ч мөн адил маш хүчирхэг улс. Хоёр орон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран удирдан чиглүүлж, дэмжих ёстой гэжээ.

Хоёр тал энэ удаагийн уулзалт нааштай, бүтээлч болсныг тэмдэглэж, бүтээлч стратегийн тогтвортой харилцааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, хүндэтгэл, шударга байдал, эрх тэгш байдалд суурилсан Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцааг байгуулахаар тохиролцлоо.

Хоёр орны төрийн тэргүүн нар мөн харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.