Э.Энхболд: Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд дугаар хязгаарлалт үйлчлэхгүй

Н.Алтанцэцэг / Нүүр

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил Бямба, Ням гарагт тохионо. Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмын бөх, сур, хурдан морины уралдааныг теле болон онлайнаар үзүүлэхээр болсноо УОК олон нийтэд зарлаад байгаа. XIII зуун цогцолбороос баяр наадмын нээлт, хүчит 512 бөхийн барилдаан, сур, шагайн харвааг, Хүй долоо худагаас хурдан морины уралдааныг шууд дамжуулан үзүүлнэ. Харин орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй хийхийг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрсөн.

Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хэрхэн үйлчлэх талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

-Энэ жилийн баяр наадам амралтын өдрүүдэд болж байгаа. Энэ сарын 11-15-нд амралтын өдөр тохионо. Энэ хугацаанд дугаар хязгаарлалт үйлчлэх үү?

-Нийслэлд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд дугаар хязгаарлалт үйлчлэхгүй. Иргэд чөлөөтэй хөдөлгөөнд оролцож болно. Гэхдээ хөдөлгөөн хязгаарлалт байхгүй гэж тайвширч болохгүй. Олон машин хөдөлгөөнд оролцох учраас хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.

-Баяр наадмын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба хаагчид ямар бүрэлдэхүүнтэй ажиллах вэ?

-Энэ жилийн баяр наадам нэлээд онцлогтой болж байгаа. Иргэд баяр наадмыг очиж үзэхийг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулж үзүүлэх шийдвэрийг наадмын комиссоос гаргасан. Бөх болон сур, шагай харваачдыг XIII зууны цогцолборт тусгай автобусаар хүргэж, баяр наадмын үйл ажиллагаанд оролцуулна.

Цагдаагийн алба хаагчид Төв аймгийн Эрдэнэ сумаас салаад XIII зууны цогцолборын бүх замыг торлож, хамгаалалтын үйл ажиллагаа хийгдэнэ. Баяр наадмын үеэр очиж үзэх боломж гарч магадгүй гэж явах шаардлага байхгүй. Хурдан морины уралдаан Хүй долоон худагт зохион байгуулагдана. Мөн үзэгчгүй зохион байгуулна. Иймээс “Монгол наадам” цогцолбор руу иргэдийг баяр наадмын өдрүүдэд нэвтрүүлэхгүй. Цагдаагийн алба хаагчид иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахаар бүх төлөвлөгөө хийгдсэн. Хамгаалалт хийгдсэн цэг рүү иргэдийг нэвтрүүлэх боломжгүй. Харин орон нутгийн чиглэлийн замын хөдөлгөөн чөлөөтэй байна.

ИРГЭД “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ “АРГА ХЭМЖЭЭГ АМНЫ ХЭЛЛЭГ БОЛГОХООС ИЛҮҮТЭЙ ҮЙЛДЛЭЭР ХАРУУЛААРАЙ

-Тэгэхээр орон нутгийн чиглэлийн замыг хаахгүй гэсэн үг үү?

-Баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутгийн замыг хаах юм байна гэсэн батлагдаагүй мэдээлэл цахим орчинд нэлээд цацагдсан. Тээврийн цагдаагийн албанаас лавлах утас болон цахим хаягаар асууж тодруулж байна. Албан ёсоор Тээврийн цагдаагийн албанд баяр наадмын үеэр хөдөө орон нутагт зорчих замыг хаах шийдвэр ирээгүй байна. Иймээс иргэд яарч сандарч хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Иргэдийн хувьд эрүүл мэндийн байгууллагаас тавьж байгаа шийдвэрийг биелүүлж, амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоорой гэдгийг хэлмээр байна.

-Энэ жилийн хувьд автомашинд олгодог А, В,С зөвшөөрлийг иргэдэд олгох уу?

-Баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа учраас авто машины зөвшөөрлийг олгохгүй байх.

-Сүүлийн үед бороо их орж байгаа учраас авто зам эвдрэх тохиолдол цөөнгүй гарч байна?

-Үер усны улмаас нийслэл болон хөдөө орон нутагт зорчих хэсэг болон замын далан эвдэрсэн мэдээлэл ирж байна. Иргэд орон нутаг руу явахдаа хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Тэр дундаа шөнө оройн цагаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас долдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд “Яараад яахав дээ” арга хэмжээг өрнүүлээд явж байгаа. Хөдөө орон нутгийн байнгын хяналтын цэг болон хөдөлгөөнт эргүүлийн цэг дээр энэ үйл ажиллагааг хийж байна.“Яараад яахав дээ” арга хэмжээ өнгөрсөн жил зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээний хүрээнд хүний амь нас эрсдэх тохиолдол 30 орчим хувиар буурсан учраас уг арга хэмжээг үргэлжлүүлж байгаа. Иргэд “Яараад яахав дээ” арга хэмжээг амны хэллэг болгохоос илүүтэй үйлдлээр харуулаарай гэдгийг хэлмээр байна.


Сэтгэгдэл

Zochin [172.58.46.149] 2020-07-08 11:50:42

Yaduu hund haldag daraa gedeg shig davhraa iluu bainaa gahain tolgoid


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.