Баабар: Шувуу хүртэл буруу дэвсэн гэдэг худал

Aдмин / Нүүр

ХОВД

Зам сайхаан. Ховд, Өлгийгөөр дайрч баруун Монголыг Орос Хятадтай холбосон олон улсын ангилалын зам. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хятадын компани гүйцэтгэж 3 жилийн өмнө ашиглалтад оруулжээ. Ховдын Мөст суманд эл бүтээн байгуулалтыг харж хамгаалан засвар үйлчилгээ хийж байх байнгийн ажиллагаатай зам анги бий. 2000 онд заралсан “Мянганы зам” гэгчтэй энэ ямар ч хамаа холбоо байхгүй. Тэр үед улс орны эдийн засаг ямар байлаа даа? ДНБ ганц тэрбум доллар хүрэхгүй, 2000-2002 онд үндэсний орлого жил тутамд 2-3 хувь унаж байсан. Ийм үед мөрөөдөл нь сайхан юм даа гэхээс энэ нь төсөл төлөвлөгөө ч биш, зорилт ч биш, зүгээр л попролт байсан. Зам барих муухай гэж хэн ч хэлээгүй, мөнгөгүй байж хамаагүй попроод хэрэггүй л гэсэн байх.

Мөст суманд захчин ястны “Тонжоо” гэх их наадам болж байна. Юу гэсэн утгатайг нь ойлгосонгүй, лав тийм үгтэй нэг дуу байдаг санагдана. Буриад нарын “Алтаргана” наадамтай төстэй юмуу даа. Тэрбумаар хэмжигдэх төгрөгийн өртөгтэй гэх. Санаачлан хэрэгжүүлэгч нь хоёр захчин гишүүн. Жаал харж зогслоо, наадмын талбайд нунтаг шороон угалз байн байн босоод удаан үзүүлсэнгүй. Ховдод энэ жил айхтар ган болж байна. Тэгсэн ч гэсэн цавчлам тэгш ханатай сүрдэм гоё хавцлууд нь ган гачгийг үл тоон дүнхийх нь сүрдэм.

Ховдын урд сумдаар уйгуруудын үлдээсэн шавар байшин тагз нэлээд элбэг. Уйгур үндэстэнг хятадаар “чаньдао” гэнэ, монгол дуудлага нь чантуу. Уйгуруудаас бид бичиг үсэг зээлдэн авсан, харин тэрийгээ уйгаржин бичиг гэдэг. Уйгурын хаант улс өнөөгийн Монгол нутагт IX зуунд тогтож байгаад дараагийн нүүдэлчид болох Хиргисийн хаант улсад хөөгджээ. Уйгурын хаант улсын үлдээсэн балгасууд Булганы нутагт бий. Бараг сүрхий том хотын үлдэгдэл байхаа. Бас нэг Соёлын сайд тодрон гарч ирээд балгасан хотыг шинэчлээд модэрн болгочих вий дээ?

Хэн ч тоолсон юм бүү мэд, Монголд 12 мянган уйгур үндэстэн амьдран суудаг гэсэн байна. Гэтэл аль жараад оноос хэвлүүлсэн хүн амын тооллогод уйгур (чантуу) үндэстэн гэсэн юм харагддаггүй. 1763 оны Монгол журганы хуульд Монголд хятадууд ирж суурьшихыг хориглосон. (Энэ хууль1907 он хүртэл хүчин төгөлдөр байсан.) Гэтэл ялангуа Ховдын амбан, Улиастайн жанжны газар гэсэн хот сууринг үр тариагаар хангах асуудал үүсчээ. Ингэж уйгур тариачдыг Монголд авчирсан бололтой. Тэд энд сууцаа барьж тариа тарьсан, хамгийн үлдэцтэй нь шийгуа гэх тарвас Ховд, Буянт гол дагуулан ургуулжээ. Одоо тарвасыг Буянт сумын монголчууд голлон тарьж байна. Далимд хэлэхэд сая Ховдын анхны аварга түрүү бөх Буянт сумаас тодорлоошдээ.

Алдарт Хойд Сэнхэрийн агуйг очиж үзэв. Том амсартай маш уужуу агуй. 1952 онд нэг ажигч малчин агуйн ханаар маш олон сүг зураг буйг олж хараад тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнд мэдээлжээ. Ингээд археологич хөдөөгийн Пэрлээ, дараа нь эрдэмтэн Наваан нар ирж судалсан юм байна. 35 мянган жилийн өмнөх сүг зураг гэж тогтоосон. Тэр үед ийм урт настай эд зүйлийн насыг тогтоох арга нээгдээгүй байсан. Гэвч дараа дараа нь тогтоосон л байлгүй. Юутай ч одоо мэдэгдэж байгаагаар Монгол нутагт амьдарч байсан хомо сапиэнсийн хамгийн эртний үлдээсэн мөр мөн. 700 мянган жилийн өмнө Баянхонгорт амьдарч байсан хүний тухай яриа бий. Магадгүй л дээ, гэхдээ хүн биш л дээ. Хүн үүсээд 100 мянган жил болсон гэдэг.

Хар ус нуур эзлэх талбайгаараа Монголын эхний таван нуурт багтана. Тун сайхан нуур. Зэгс нь намар шарлахаар нь шагшуурга гэдэг юм болов уу, Явуухулангийн “Харус нуурын шагшуурга” гэж дуу бий. Харин өдгөө зэгс нь тун аюулд оржээ. Энд нүүлгэн шилжлүүлж нутагшуулсан Канадын ондатор гэгч мэргэчин амьтны гай. Тавиад оны үед Зөвлөлтөөс авчирж энд нутагшуулжээ. Санаж байгаа бол ерэн оноос өмнө ондатор малгайгүй бол бараг л хүнд тооцогддоггүй байлаа. Таравган малгай 60 төгрөг, хэн ч тоохгүй. Ондатор малгай 450 төгрөг, олдоцгүй. Алахыг хориглодог учир зөвхөн хулгайгаар агнана. Харин ерэн оноос хойш тоохоо больсон. Ер нь дэлхий даяар амьтны арьс үсээр гоёхоо больжээ. Хонь ямааны арьс ч төдийлөн хэрэглэхээ больж. Өвөр Монголд ч хонь ямааны арьс гүйхээ больж хог болж байна гэсэн. Хятадууд тэрийгээ зах зээлд гаргаж чадахгүй байхад бид ч бас юу билээ? Мэрэгчидийн өсөлт геометрийн прогресс! Ондатор дийлдэхээ больсон, зэгс сүйрч байна даа. Үүнээс болж нуур ч хүрээгээ хумисаар. Харус нуур янз бүрийн зүйлийн шувуудаар баялаг. Харахад сайхан. Даанч шумуул нь дийлдэхгүй юм. “Ардчиллаас болоод шувууд хүртэл буруу дэвээд байна” гэсэн шүлэг худлаа юм байналээ шүү. Шувуудын нисэлт Монголын нийгмийн байгууламжийн өөрчлөлтөөс хамаардаггүй юм байна гэдгийг удаан харж зогсоод ойлгож авлаа.

БАЯН-ӨЛГИЙ

Зам сайхаан. Ховдын төвөөс Өлгий хот хүртэл 200 км газар сүнгэнээд л орж байна. Ховдын залуучууд энэ замаар сүнгэнэн орж ирж Өлгийн ресторанд төрсөн өдрөө тэмдэглэдэг гэнэ. Ховд хотод П.Цагааны 5 давхар стандарт сайхан зочид буудал бий л дээ. Тэрээр эх эцгийнхээ дурсгалд зориулж гэрийнхээ буурин дээр эл буудлыг байгуулжээ. Гэтэл Өлгийд гишүүн асан Мурат бүр 10 давхар стандарт буудал байгуулсан байна. Юун Баянгол, юун Улаанбаатар? Гэхдээ хүн татаж төрсөн өдөр хийлгүүлээд байгаа буудлын учир нь хасаг хоол. Тэдний хоолны соёл угаасаа монголынхтой зүйрлэшгүй. Уг соёл нь тэр юм даа. Төрөл зүйл ч олон.

Энд ч, сумдаар ч толгойгоо боочихсон хүүхнүүд огт харагдсангүй. Асуувал тийм дэлгэрсэн үзэгдэл биш гэнэ, шашны баяраар сүм мэчэтэд хааяа үзэгддэг гэх. Аймгийн хэмжээгээр бүхий л хаяг зарлал зөвхөн монгол хэлээр, заримдаа англиар. “Бай Өлкэ” гэсэн ганц буудлын нэр л харсан. Хот 10 жилийн өмнөхтэй харьцуулахад маш томрон орчин үежжээ. Ер нь өлгийнхөн интэрнэйшнэл болсон байна шүү. Хасаг, монгол, англи, орос хэлээр бараг нийтээрээ шахам ойлголцох юм. Хасаг гэхээр жаахан дургүй маягтай. Уг нь энэ нь хятад, орос, солонгос, энэтхэг гэдэгтэй адилхан монгол нэршил, энд муу хэлж хочилж байгаа юм үгүй. Хэл шинжээчдийн үзэж байгаагаар казах гэдэг нэршил хасаг тэрэг гэсэн монгол үгнээс гаралтай гэх юм билээ. Учир нь Памирын уулнаас хойш тал нутагт нүүсэн үндэстэн морин тэрэг хэрэглэх нь элбэг байсан учир ийм нэршил үлдсэн гэх. Тэднийг оросууд “степной киргизы” ч гэж нэрэлдэг байсан. Гэхдээ зарим хэл шинжээчид “казах” гэдэг нь “чөлөөт хүн” гэсэн түрэг үг гэх юм билээ. Киргизтэй нэг хэлтэй, зарим үг болон аялагын ялгаатай. Хоёр өөр үндэстэн мөртөө нэг ижил хэлтэй зарим тохиолдол байдаг: серб/хорват, хинди/үрдү гэх мэт.

Баян-Өлгий уул уурхайгүй Монголын хэдхэн аймгийн нэг. Завхан, Дундговь үүнээсээ болж хүн ам нь хорогдож байхад энд харин ч баяжаад дэвжээд байна. Хөрөнгө оруулалт нь аялал жуулчлал дээр тогтжээ. Энэ жил хорин есөн мянган жуулчин аялсан тоо бий. Нэг талаас байгалийн нэн сайхан үзэмж, нөгөө талаас энэ давуу байдлаа ашиглаж чадаж буй овсгоо. Бидний арав гаруй хүнтэй баг тэндэх олон үйлчилгээний компаний нэгийг хөлслөн гурав хоногт хэдэн зуун км аялаж тухаллаа. Улаанхус сум аймгийн төвөөс улсын хил хүртэл том нутагтай. Тус сумын хамгийн баруун баг Хөнжлийн хөх гэсэн байхаа багийн төвөөр дайрсан. Монголын хамгийн том багийн төв. Дундаж сумын хэртэй хүн ам, барилга байгууламжтай. Багийн хонтоор гэхэд хоёр давхар нэлээд том байр. Сургууль, цэцэрлэг, гуанз, соёлын болон биен тамирын барилга, өндөр хүчдэл, мобиком, халуун ус… Алтай таван богд хүрэх жуулчлал маршрутын аман дээр.

Алтай таван богд гэж Хүйтэн, Найрамдал, Наран, Бүргэд, Малчин гэх таван оргилыг нийлүүлж хэлнэ. Хүйтэн оргилыг хоёр талаар нь бүчсэн мөсөн гол бишрэм, нэгийг нь Потанины, нөгөөг нь Андерсоны мөсөн гол гэж нэрийднэ. Уулсыг ажиглах өндөрлөгт Энхбаяр тэргүүтэй 40 улстөрч 2008 онд Хүйтэн оргилд авирахдаа босгож зассан аятайхан овоо бий. Одоо тэрийг нийтээр Ерөнхийлөгчийн овоо гэж нэрийдэх болжээ. Эндээс уулс нүдний өмнө тун сайхан харагдана. Сэтгэл сэргэм. Гурван улсын хилийн уулзвар энд байдгийг 1997 онд демарказ болгон тогтоосон. Ингэж монгол улсын хил бүрэн демарказ болж баталгаажсан Азийн бараг ганц орон боллоо. Одоо бид хаашаа ч хэнтэй ч хилийн алив маргаан, хэрүүл ам байхгүй.

Буцахдаа Цэнгэл, Сагсай, Толбо, Алтанцөгц сумдаар орсон. Цэнгэлд цөөн тооны тувачууд бий ч тува сургуультай. Алтанцөгц бол тус аймаг дахь хамгийн олон урианхай ястантай сум. Монгол үндэстний дотор хамгийн түрүүн энэ нэрээр бичигдэж, одоо хүртэл нэрлэгдэн яваа ястан бол урианхайчууд. Зургаан түмэн Монголын үед Зүүн гурван түмний нэг нь Урианхай, нөгөө нь Халх, Цахар байж. Цахар Далай нуурт, Халх Хэнтийн нуруунд, харин Урианхай Хангайн нуруунд. Бослого гаргасан гэх явдлаар халхууд Хангайг авч, харин урианхай нар Хөвсгөл, зарим нь Алтайн нуруу тийш дүрвэн нутагшсан гэх. Эндээс Хэнтийн, Хөвсгөлийн, Алтайн урианхайчууд гэсэн нэршил үүссэн, аяндаа энэ нь зах хязгаарын нэр болж огтоос монгол биш үндэстэн тува нарыг Тагнын урианхай гэх болов. Тагна урианхай гэдэг нь газрын нэр болсон, харин тувачууд өөрсдийгөө соёд, тыва гэхчлэн нэрэлдэг. Төөрөгдөл явсаар монгол урианхай баатрууд болох алдарт Сүвээдэй, Зэв зэрэг Чингисийн баатар урианхайчууд нэг мэдсэн Оросын эзэнт улсын Батлан хамгаалахын сайд Шойгугийн өвөг эцэг болдог байгаа? Шогу “”өвөг эцэг Сүвээдэйн” хөшөөг нутагтаа босгосон гэсэн. Чааваас даа, ганган хүнд гархи нэмэр гэж бодоо биз.

Одоо ориг монгол үндэстний урианхайчуудын ихэнх нь Баян-Өлгийд, цөөнх нь Хөвсгөл аймгийн хойд хоёр суманд, харин Хэнтийн урианхайчууд нүүсээр өнөөгийн Говь-Алтайд нутагладаг. Урьд алтайн урианхайчуудын Урианхайн долоон хошуу гэж байсан ч 1915 оны Гурван улсын гэрээгээр Алтайн нуруунаас чанад дахь хэсэг Шиньжаанд буюу Хятадад хамаарах болсон. Ховдод ч урианхай ястны хоёр ч сум бий, тус аймгаас УИХ-д сонгогдсон Адишаа нэгэнт захчин биш учир Баян-Өлгийн Толбо нуурын орчимд “урианхай-тувагийн их наадам” мөнөөх Тонжоо наадамтай зэрэгцүүлэн зохиосныг дайрч үзлээ.

Сагсай сум бүргэд тэжээж ан хийдгээрээ хамгийн их алдартай юм байна. Аялал зохион байгуулагчид тус сумын удам дамжсан бүргэдчин Байбекийнд аваачив. Монголоор бол Баянбэх гэсэн нэр юмаа даа. Бүргэд тэжээх бол нэн эртнээс эхэлсэн хасаг түмний нэг ёсны хобби. Түүнээс хасаг болохоороо л бүргэд тэжээж ан хийлгэн амьдрал ахуйгаа авч явдаг юм үгүй. Хэцүү хобби гэнэ. Цавчлам хадан дундаас бүргэдийн үүр олж тэндээс ангаахай “хулгайлан” гэртээ тэжээнэ, ан хийлгэж сургана гэдэг цаг хугацаа, их тэвчээр шаардсан ажил. Хөгшрөхөөр нь байгальд эргүүлэн тавьдаг юм байна.

Толбо нуурын дэргэдэх Саруул гүний хүрээнд улаантнууд цагаантнуудад 42 хоног бүслэгдсэн тулалдааны 100 жилийн ойд зориулан хөшөөний цогцолбор байгуулжээ. Бүслэгдсэн улаантнууд цагаантны 5 мянган цэрэгтэй тулалдсан гэж хөшөөн дээр сийлсэн нь арай ч бас хэтэрхий даваадуулжээ. Улаантан гэх Байкалов-Хасбаатарын цэрэг 250 орчим, цагаантан гэгдэх Бакич, Кайгородовын цэрэг нийлээд 700 орчим хүнтэй байсан бололтой. Ер нь энэ тулалдаан тойроод үнэн худал нь мэдэгдэхгүй зөндөө домогтой. Бакич серби хүн, Кайгородов уулын алтайн ойрд хүн, улаантны дарга Байкалов нь Карл Некундэ гэх латви хүн, Хас нь өөрийгөө Даян хааны удам гэдэг Цахараас ирсэн бөө хүн гэх мэт. Тус болгоных нь тухай янз бүрээр хэлэлцдэг.

Толбо том нуураа. Усны шувууд нисэлдээд л. Ардчиллаас болоод шувууд буруу дэвээд байна гэдэг худлаа л юм байна лээ. Байгалийн өгөгдлөөрөө л нисэцгээж байна. Жижиг шувууд хурдтай дэвдэг, бүргэд мэтийн том шувууд өндрөө авмагц дэвэхээсээ илүүтэй хальдаг. Миний хар багаасаа харснаар ингэж л дэвдэг байсандаг.

УВС

Зам сайхаан. Чингис бондын мөнгөөр Улаангомыг Улиастайтай холбосон стандарт сайхан замтай болж. Хятадууд барьсан. Улаангомоос Наранбулаг, Зүүнхангай сумдаар дайран Завханы нутаг руу орно. Чанарын хувьд баруун бүсийн олон улсын замтай ижил. Харин Улаангом хот Ховд, Өлгийтэй харьцуулахад төдийлөн гялалзтал хөгжөөгүй юмуу даа? Нүдэнд тусахаар өөрчлөлт гэвэл 1979 онд төв талбай дээр босгосон Цэдэнбал даргын жижиг цээж баримлыг өөрчлөөд 5 метр өндөр аварга хүрэл хөшөөгөөр сольжээ. 2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж босгосон байх гэж тааварлав.

Увс аймгийн баруун болон өмнөд талаар дөрвөдүүд, зүүн болон хойд талаар баядууд, харин хамгийн зүүн талд нь 1931 онд Засагтхан буюу Хантайшир аймгийн гурван сумыг салгаж Увснуур аймагтай нэгтгэсэн илжигэн халхууд нутагладаг. Илжигэн гэдэг нь домог болгон ярьдагчлан ноён нь илжигэн чихтэй байсан гэдэг худлаа л даа, “эл эзэн” буюу Халхын хаяа дэрлэгчид гэсэн утгатай юм билээ. Тус аймагт хотангууд суудаг Тариалан гэж сум бий. Лал мөргөлтэй, монгол хэлтэй, тариа тарьдаг энэ үндэстэн хэдийнээс энд нутагладаг болсон нь одоо ч таавар. Галдан бошгот тариа тариулахаар Шиньжаанаас авчирч суурьшуулсан гэдэг. Галдангийн Зүүнгарын хаант улс баруун тийш Ташкент хүртэл, урагшаа Кашгар хүртэл өргөн уудам нутгийг эзгэнэсэн эгнэшгүй хүчирхэг гүрэн байлаа. Төв Азид Зүүнгарын хаант улс, Оросын эзэнт гүрэн, Манж Чингийн эзэнт улс гурав тэнцүү хүчирхэгүүд байсан. Хотангууд (эгшиг зохицож монголоор хотон гэх болсон) тэр үед Шиньжааны хамгийн өмнөд хэсэгт амьдардаг, уйгуруудтай төрөл авч түрэг угсааны арай өөр үндэстэн. Тэдний тухай Латтимор, Бичурин нар нэлээд ул суурьтай судалгаа хийжээ. Одоо Монголд 10 мянга орчим хотон иргэд бий.

Улаангомд Ховд Өлгийнх шиг буудал үгүй учир бид аймгаас хэдхэн км-ийн зайтай Хархираа амралтын газарт очиж хоносон. Нуль жодоогоор хучигдсан байгалийн үлэмж төгөлдөр ам. Энд Цэдэнбал, Батмөнх дарга нар Увс орохоороо ирж тухалдаг байжээ. Зам гэж там, байшин барилга нь навсархай, үйлчилгээ гэж аймаар. Тухайн үедээ улсдаа бараг тэргүүлэх тохилогжсон амралт байсан гэхээр улс орон маань мөн ч ядуу байжээ дээ. Тэр үеийнхээсээ өөрчлөгдсөн юм бараг үгүй, тэр чигээрээ байгаа нь энэ гэнэ. Ор нь хүртэл төмөр орны хөл толгойг банзаар холбочихсон ч байх шиг.

Увс нуур гоёо! Монголын хамгийн том талбайтай ус. Шорвог ус гэсэн утгатай түрэг нэршил. Таваг шиг л юмдаа, хичнээн гүн рүү нь яваад өвдөгөөр татана. Хамгийн гүн газраа 6-7 метр гэсэн. Гэтэл Хөвсгөл нуур яг тогоо шиг, эргээс нь хэд алхаад л живж үхнэ. Увс нуурын хойд үзүүрийг 1958 онд оросуудад өгчихсөн, өгсөн ч юу байхав булаагаад авчихсан. Ашигтай тал бий, оросуудын санаачлага шахалтаар ЮНЭСКО-ын дэлхийн байгалийн хамгаалах санд бүртгүүлсэн Монголын хоёрхон газрын нэг. Нөгөө нь Орхоны хөндий. Бас Оросын санаачлагаар мөн л ЮНЭСКО-ын хөрөнгөөр Увс нуур орчмыг моджуулах төсөл явагдаж байгаа. Хяргас нуур холгүй бий. Байгалийн бас нэг гайхамшигт үзэсгэлэн. 75 км урттай, Монголын гуравдахь том нуур даа. Хяргас гэдэг нь киргиз гэсэн үг. Монголчууд тэднийг хиргис гэж дууддаг. Өнөөгийн Монгол нутагт мянган жилийн өмнө Хиргисийн хаант улс тогтож байсны дурсгалд Хяргас нэртэй нуур, хиргисүүр хэмээх булш бунхны нэр үлджээ. Нууранд зүсэн зүйлийн шувууд хөвөөд л… нисээд л… халиад л… Ардчиллаас болж тэд буруу дэвээд байгаа юм огт алга.

Баабар 2022.08.06


Сэтгэгдэл

зочин [202.21.111.218] 2022-08-10 12:04:37

Тархи угааж буруу бичдэг хүнд буруу дэвж яваа шувуу зөв харагддаг биз, эсвэл зөв сайхан явна гэж буруу зүйлийг цагаатгаж бичсэн байх

Зочин [103.212.119.40] 2022-08-09 23:42:19

Барууны захиалгө даалгавараар таны бичдэг худалыг үнэн, бурууг зөв, харыг цагаан болгож мушгин гуйвуулж төрдөн гүтгэдэг бичвэрүүдийг уншсаар байгаад сүүлдээ маны мэлмийд шувууд хүртэл буруу дэвээд байх шиг харагддаг болсон шүү.

Оноч [66.181.160.81] 2022-08-10 13:21:39

Баабарт даанч их итгэж байсан. Харамсалтай. Ингэж улсаа хоролчихно чинээ санаагүй. би АН-ыг насаараа дэмжиж, залуу хүн МАН-ыг дэмжвэл тэрэн шиг онигоо байхгүй гэж боддог байж билээ. Одоо ингээд харсан. АН маань барууны эдийн засгийн алуурчдын гар хөл бодлого явуулдаг, энэ улсыг тонодог тийм л ажил хийдэг юм бна. Эдэнд Орос, хятадыг эсэргүүцэж байвал өөр бодох юм ч гэж алга. Эх орноо шатаагаад ч хамаагүй барууныг л дэмждэг гөлөгнүүд.

Зочин [64.119.22.226] 2022-08-10 10:01:43

Зvгээр уншчихаач. Барууны марууны гээд улс тержеед солиороод байх юм. Зохиогчид нь дургvй бол орж унших албагvй ш дээ

Ж. Юра [202.9.46.55] 2022-08-09 21:51:50

Хэн хүнгүй үүх, түүх газар орон, хүн зоноо мэдэж байхад илүүдэх юун. Замын тэмдэглэлийг ингэж бичдэг бичлэгийн болоод мэдлэгийн бядтай байх жишээг энэ бичигч бээр үзүүлж байгаа бусуу. баярлалаа амжилт хүсье

Зочин [202.126.90.30] 2022-08-09 19:59:25

Хүний бичсэн мэдээлэл маягийн сэдэвийг зүгээр уншчихаач !

Зочин [103.57.92.101] 2022-08-09 14:45:15

Хэн нэгнийг муулсан ,хулгайч худалчаар дуудсан юм энд огт алга . Харин ч баруун гурван аймгийг сурталчилсан , хийсэн эс хийснийг нь үнэнээр бичсэн нийтлэл байна .Баавар чамд баярлав.Бас боломжийн мэдээ мэдээлэл авлаа.Монголчууд л ХООРОНДОО ТУЛАЛДАЖ БАЙЛДСААР УЛСАА СӨНӨӨЖ,ӨӨРСДӨӨ МАНЖИЙН ӨВӨРТ ГҮЙГЭЭД ОРЧИХСОН ЮМ ШҮҮ ДЭЭ.

Зочин [203.23.199.221] 2022-08-09 13:40:03

Улаангомд боловсон нольтой зочид буудал нээрээ байхгүй гэж үү? Тэгээд яаж аялал жуулчин гэж ярихын ...

барбаа [192.82.74.185] 2022-08-09 12:07:27

Энэ Баабар бага даа унаганд өшиглүүлсэн юм биш биз хамаатан садан ах дүүгээс нь асуусан нь дээр байх

Зочин [64.119.22.226] 2022-08-10 10:02:46

Ингэж бичиж чадахгvй байж атаархуу хог вэ

ZOCHIN [103.10.22.87] 2022-08-09 09:57:36

АЯЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ ГЭХЭД БАРУУН МОНГОЛЧУУДЫН ҮҮХ ТҮҮХ, УДАМ СУДРЫГ ҮНЭН МӨНӨӨР НЬ САЙХАН БИЧЖЭЭ, БАРУУН МОНГОЛЧУУД ҮҮХ ТҮХЭЭ УХААРЧ ХАМГААЛЖ, ХАДГАЛАХАД НЭМЭР БОЛОХООР САЙХАН БИЧВЭР БНА.

onoch [66.181.160.36] 2022-08-09 12:10:02

Эдийн засгийн алуурчдын гар хөл болж, улсаа худалдсан хэргээ дарна гэвэл санасны чинь гарз. Баабарыг дагадаг бүхэл бүтэн үе бий. Би ч тэр үед хамаарна. Энэ хүнийг либераль сэтгэлгээг сурталчилдаг, Монгол улсаа хөгжүүлэхэд либераль сэтгэлгээ л хэрэгтэй гэж үздэг хүн гэж итгэж явсан. Гэтэл Оюу Толгойн гэрээ хийхэд барууны эдийн засгийн алуурчдад үйлчилж улсаа хоролсоныг хараад улсаасаа урвагчаас 7 дор нэгэн гэж бодох болсон. Одоо эдийн засаг огт ярихаа больсон. Худлаа иймэрхүү гэмгүй тэмдэглэл бичсэн шиг мартагнуулна гэж бодож бх шиг. РИО-гоос хэдийг авсаныг нь илрүүлэх хэрэгтэй. Хөгжлийн банкны ПР-т 60 саяыг Нэпко-д гээд байж л байна.

Зочин [122.201.31.60] 2022-08-09 09:23:19

Шувуу хүртэл буруу дэвэх БИШ байлгүйдээ ХАРИН зарим НЭГ бүлэг хүмүүсийн сайхан бүхнийг үгүйсгэж, сайн бүхнийг үгүй хийх гэсэн муухай санааг холоос мэдэрсэн хэн нэгний сэтгэлийн багцаа байсан юм бишүү ГЭТЭЛ ТҮҮНИЙГ НЬ УХААНТ БААБАР ГУАЙ МАХЧИЛААД ШУВУУНЫ ДЭВЭЛТИЙГ ОДОО ХҮРТЭЛ ХАРААЛ БАЙГААН БИШҮҮ ХАААХАХАА МӨН МУНДАГ УХААНАА ...ОДОО БОЛИО ШУВУУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ,ХОРВОО Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ХАРИН ХҮН ГЭДЭГ АДГУУС Л ӨӨРЧӨГДӨНӨ......

зочин [64.119.24.95] 2022-08-09 09:06:25

Баабарт талархлаа .Энэ хүний хэлсэн ,бичсэн нь багцаатай л байдаг , Энэ гутаах гэж чармайгсад ко үзлээсээ салаагүй байгаа нь ил харагдана.

Зочин [122.201.31.60] 2022-08-08 19:35:52

Ээээ хөөрхий шувуу хүртэл буруу дэвсэн гэсэн бол та нарын бусармаг сэтгэлгээг хэлсийн бишүү ГЭТЭЛ УХААН ТӨГӨЛДӨР БААБАР ГУАЙ ШУВУУНЫ ДЭВЭЛТИЙГ ХАРААД.ЗОССОН ЮМУУ МӨН ИХ УХААНАА ЯАНААА

Хужааг ологч [150.129.140.67] 2022-08-08 18:16:04

Шаадаг хужаа шүү цаана чинь эх орноос чинь Гаад хэргийн сайд хүн иржээ.Сураглаж байгаа байх уулзсануу


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.