Орон сууцжуулах бодлогын эн тэргүүнд залуу гэр бүл байна гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт Монголын тогтвортой санхүүгийн форум-2024 арга хэмжээ Төрийн ордонд болов.
Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монголын тогтвортой санхүүгийн форум-2024 арга хэмжээнд Үндэсний орон сууцжуулалтын санхүүгийн тогтолцоогоо танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2013 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны ипотекийн зээлд 130 мянган өрхийг хамруулж, 8.9 их төгрөгийн зээл олгожээ. Гэвч энэ хугацаанд нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт нэмэгдүүлж орон сууцны үнийг хөөсрүүлж, зорилтот бүлэгтээ чиглүүлэлгүй, танил талаараа дамжуулж 2,3 удаа зээл аваад байраа түрээслэчихдэг бизнесийн зарчим руу шилжсэн.
Нөгөө талдаа зээл авах гэж 2-3 жил хүлээдэг дараалал үүсэж, хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байгаа аж.
Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг зорилтот бүлэгтээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой юм байна.
Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппарментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжих ажээ.
Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл