Эрдэнэт үйлдвэрийг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, ил тод байдлыг хангана
УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид (2024.11.23) Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцсан.
Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн бөгөөд тус үйлдвэр худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval 1.0 системийг нэвтрүүлж эхэлжээ.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөв. Уул уурхайн орд газруудад хийгдэх геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцөө тодорхойлсны үндсэн дээр менежментийн тогтолцоог боловсруулах, нөгөө талаар засаглалын ил тод байдлыг сайжруулах, нээлттэй болгох нь нэн түрүүний зорилт болж байна. Тухайлбал,
Эрдэнэт үйлдвэрийнхэн, үйлдвэрээ олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээл дээр гаргах, ил тод байдлыг хангах замаар засаглалаа сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, энэ хүрээнд худалдан авалтыг цахимжуулан, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр зохион байгуулаад эхэлжээ.
Ирэх онд бүх тендер шалгаруулалт энэ системээр хийгдэж, шударга ил тод болохын зэрэгцээ цаашид “Эрдэнэс Монгол” нэгдэл, Монгол Улсын хэмжээнд хөгжүүлэн нэвтрүүлж эхлэх боломжтой болно. Энэ бол Монголын төр өөрөө ямар нэг хардалт, сэрдэлтээс бүрэн ангижрах суурийг тавьж буй сайн ажил болж байна" гэж онцолсон байна.
Тэрбээр “Өртөг зардлын хэмжээг бууруулах, үүнд оновчтой зөв менежмент хийх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдэлд өгсөн. Өсөж буй зардалтайгаа хэрхэн нүүр тулж, хэмнэх вэ гэдэг сайн жишээг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа.
Өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Үүнд бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлж байж үр дүнд хүрэх нь дамжиггүй. Ингэснээр аж үйлдвэржилтийг бий болгож, хөгжүүлэх хамтарсан Засгийн газрын зорилт биеллээ олно” гэжээ.
"Эрдэнэт үйлдвэр" энэ сарын 24-ний өдрийн байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, уулын цул гаргалт 227 мянган метр куб, хөрс хуулалт 278 мянган метр куб, хүдэр олборлолт 30 мянган тонн, хүдэр боловсруулалт 52 мянган тонныг төлөвлөгөөнөөс тус тус илүү гүйцэтгэсэн байна.
Сарын эхнээс 9022 тонн цэвэр зэс агуулсан 40.1 мянган тонн зэсийн баяжмал, 395 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөнөөс 19 вагон илүү зэсийн баяжмал экспортод гаргажээ. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд ирэх сарын уулын ажлын болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
Ил уурхайд үйлдвэрлэлийн эрчимжүүлсэн төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байгаа аж. Авто тээврийн цехийн уулын тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж, намар, өвлийн бэлтгэл 97 хувиар хангагджээ. Тус цехийн нийт ажилтны 808 буюу 92 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна.
Энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж буй парк шинэчлэлтийн хүрээнд "Комацу" маркийн найм дахь өөрөө буулгагч буюу самосвал машиныг ажилд гаргахад бэлэн болсон бол үлдсэн хоёр техникийг ирэх сарын эхээр угсарч дуусган, ашиглалтад оруулах аж.
Баяжуулах үйлдвэрт технологийн процесс харьцангуй сайжирч байгааг цехийн удирдлага мэдээлэв. Зарим гэмтэл эвдрэл гарсан тээрэм, тоног төхөөрөмжийг Засвар, механикийн заводтой хамтран засварлах ажлыг үргэлжлүүлж, бусад ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.
Засвар, механикийн завод хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хэвийн, өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж буй юм байна. Механик цехийн өргөтгөлд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалын худалдан авалтын тендер шалгаруулалт хуулийн хүрээнд зарлагдсан байгаа аж.
Геологи хайгуулын экспедиц хайгуулын ажлаа үргэлжлүүлж, Оюутын ордын төлөвлөгөөт өрөмдлөгийг гурван өрмийн машины тусламжтайгаар гүйцэтгэж буй юм байна. Одоогийн байдлаар 19838 тууш метр өрөмдсөн бол үлдэж буй 162 тууш метрийг энэ долоо хоногт бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган энэ сарын 29-ний өдөр болж, үйлдвэрийн 400 эмэгтэй ажилтан төлөөлөгчөөр оролцох юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.203] 2024-11-27 12:30:03
Эбэгдоржид буюу эмчилгээ тэжээлийн цэгт нь өгчих байсан юмдаа
Зочин [122.201.31.190] 2024-11-27 11:36:02
Төрд байгаа цаг шахаа түүнийг торсон асуудал бна гэсэн үг. Дор хаяж 20% хөрөнгийн биржээр зарж хяналттай болох хэрэгтэй
зочин [103.57.95.178] 2024-11-27 11:22:39
Урамшуулал нийгмийн асуудал нэрээр зарлагыг хэмжээлшгүй зарлагадана Энэ үйлдвэрт ажиллаж байсан нэртэй бүх хүмүүст насан туршийн тэтгэвэр олгоно Тэгш бус юм их бий
Зочин [66.181.161.149] 2024-11-27 09:45:12
Ингэж хэлээд хэдэн жил болов? Нойлын цаас, бэлгэвч шахдаг баагийнууд үүнийг зөвшөөрөхгүй. Трубо шахдаг Я.Содбаатар үүнийг зөвшөөрөхгүй. Цавчаачин, шахаачин Ц.Нямдорж, Н.Анхбаяр, Зи.Энхболдоос өгсүүлээд бүгд зөвшөөрөхгүй.