“Алдар”-ын бөхчүүд ДАШТ-ээс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт найман медаль хүртжээ
Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчид 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Арменийн Ереван хотод болсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын начин Э.Батмагнай алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Харин сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Отгонтуяа, 50 кг-д Б.Мөнхнар нар мөнгө, 53 кг-д Г.Оюундарь хүрэл медаль хүртсэн байна.
“Алдар”-ын бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт найман медальтай эх орны зүг хүлгийн жолоо залсан аж. Сонирхуулахад, уг тэмцээнд 22 орны 200 гаруй тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас 18 бөх зодогложээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл