Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдлын талаар хичээл орлоо
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг заасан. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд заасан Үндсэн хуулийн хичээлийг сурвалжиллаа.
Тус сургуулийн 12б ангийн ангийн багш Б.Болорцэцэг, 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлын талаар тайлбарлаж, Үндсэн хууль бол монгол хүн бүрийн дархлаа буюу Монгол Улсын 3,5 сая иргэдийн эв найртай, хамтдаа эрх үүргээ биелүүлэн амьдрах алтан гадас од юм хэмээн тодотгов. Мөн хүн бүр хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээгээд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаарх Үндсэн хуулийн заалтуудыг танилцуулж, Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, тусгаар тогтнолын баталгаа сэдвээр сурагчидтай санал солилцов.
Тус сургуулийн 5в ангийн багш Ц.Цэрмаа, Үндсэн хууль бол улсын гол хууль буюу бүх хуулийн үндэс суурь юм. Энэ хууль нийгмийн суурь харилцааг зохицуулдаг талаар танилцуулаад 4 удаагийн Үндсэн хуулийн ач холбогдлыг тайлбарласан. Мөн ардчилсан Үндсэн хуулийг хэрхэн баталсан, түүний үр шимээр өнөөгийн ардчилсан нийгэм, засаглал тогтсон талаар харилцан ярилцав.
Бага анги буюу М.Оюун-Эрдэнэ багштай 2б ангийнхны хичээл аливаа юм бүхэн дүрэм, журамтай байж эмх цэгцтэй болдог тухай ойлголтоор эхэлж, улмаар хүүхэд бүр өөрийн мэдэх нэг хуулиа нэрлэх, хууль гэж чухам юу болох талаар харилцан ярилцсан. Мөн Үндсэн хууль ба үүрэг, миний эрх, чиний эрх, бидний эрх зэрэг сэдвээр сурагчид санал, бодлоо илэрхийллээ.
Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зарим сурагчдаас “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийн дараа сэтгэгдлийг нь сонсов.
М.Мөрдорж /11 дүгээр ангийн сурагч/
Өнөөдрийн хичээлээр Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнолын баталгаа хэмээн бүрэн гүйцэд ойлгож авлаа. Тэртээ 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, манай улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 13 жилийн дараа Үндсэн хуулиа боловсруулан баталсан түүхтэй. Тусгаар тогтнох үйл хэрэг амаргүй байсан. Хоёр хөрш гүрнээрээ хүлээн зөвшөөрүүлэх, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалах, засаг захиргаагаа тогтоох зэрэг улс орноо төвхнүүлсэн тэр цаг үеийн эх орончдоор бахархаж байна.
Э.Амартүвшин / 12 дугаар ангийн сурагч/
Бид түүх, нийгмийн хичээлээр Үндсэн хуулийн үзэл санаа, улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө зэрэг сэдвийг суралцсан. Харин өнөөдрийн хичээл Үндсэн хуулийн ач холбогдол, ард түмний эв нэгдлийг хангах зэрэг асуудлыг тусгайлан зааснаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа зэргийг ойлгож мэдлээ.
Б.Мишээл /9 дүгээр ангийн сурагч/
Үндсэн хууль гэж сонссон боловч, тодорхой сайн мэдлэггүй байжээ. Өнөөдөр Үндсэн хуулийн талаар хичээл орсноор манай ангийнхан тус хуулийн талаар илүү сайн мэдлэгтэй боллоо. Дэлхийн улс бүхэн Үндсэн хуулиараа тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ эрхийг хамгаалдаг гэдгийг ойлгож авлаа. Манай аав, ээж хоёр жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдрөөр Монгол Улсынхаа түүхийн талаар ярьж өгдөг.
В.Хантүшиг / 9 дүгээр ангийн сурагч/
Үндсэн хуулиа бид дээдлэн сахиж, ёсчлон биелүүлэх ёстой. Тусгаар тогтносон Монгол Улсын суурь хууль учраас бусад хуулийн эхлэл гэж ойлгодог. Үндсэн хуулиараа улс орны тусгаар тогтнолоо тунхаглаж, иргэдийнхээ эрхийг хамгаалж чадсанаараа үнэ цэнэтэй гэдгийг ойлгож авлаа.
Б.Хансүлд /5в ангийн сурагч/
Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 11 цагт батлагдсан. Үндсэн хууль батлагдсанаар Монгол Улс улс шиг улс болж, дэлхийн улс орнуудтай харилцаа тогтоож чадсан гэж ойлгодог. Маргааш бид гэр бүлээрээ өвөөгийндөө очиж, монгол хоолоо хийж иднэ
А.Хүчгүр /2б ангийн сурагч /
Хуулийг баримтлах ёстой гэж ойлгосон. Жишээлбэл, замаар гарахдаа ногоон гэрлээр гарч, улаан гэрлээр зогсох ёстой гэдэг дүрмийг бид баримталдаг. Хэрэв энэ дүрмийг баримтлахгүй бол бүх юм эмх замбараагүй болно. Бас сурагч хүн сурах үүрэгтэй. Хүн бүр суралцах эрхтэй. Хүүхдүүд бид эх орноо хайрлах, хамгаалах ёстой. Маргааш анхны Үндсэн хууль баталсан баярын өдөр учраас монголчууд гэр бүлээрээ баярлаж, амарна.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл