Ч.Алтанзагас багшийн түүвэрлэн эмхэтгэж орчуулсан “Сергей Есениний хайр сэтгэл, үхэл” зохиолынх нь орчуулгад хамаатуулсан тэмдэглэлүүд
“Танин мэдэхүйн баясал бол хүнд байгалиас заяасан хамгийн сайхан хишиг мөн” гэж А.Эйнштэйний үг бий.
Хүмүүний амьдрал болон аз жаргалын тухай эртний мэргэдээс эхтэй суурь эргэцүүлэл бодомжууд явж явж хөдөлмөр зүтгэл тэр дундаа бүтээлч хөдөлмөр, танин мэдэхүйн баясал цэнгэл гэгч ойлголтод тулж очоод отголох тохиолдол олон ажээ.
Тэднийхээр бол /философичид/ “Хүн гэгч бодгаль өөрийн байнгын дур сонирхол татагдсан ямар нэгэн ажил үйлстэй байж түүндээ үнэнч байх, түүнээсээ ганц олдох ухамсарт амьдралынхаа оюун санааны таашаал мэдрэмж, тэнгэрлэг зугаа цэнгэл, амьдралын эрч хүчийг олж авч аж төрнө гэдэг л чухамдаа бурханаас заяасан энэхэн насны үнэмлэхүй аз жаргал, дээд эрэмбийн оршихуй юмсанж...”
Тэр тусмаа тэрхүү ажиллаж алба хааж буй салбартаа оргил тэргүүнд нь заларч, олон олондоо зам мөр болон хүндлэгдэнэ гэдэг тэмүүлсэн бүхэнд олдох, тохиох ... тавилан заяа биш билээ.
хх хх хх
Тэрбумаар тоологдох хүн амтай, дэлхийд тэргүүлэх эдийн засгийн чадавхитай хүчирхэг хөршүүдтэй Монгол улс асар их өрсөлдөөн, сөргөлдөөн, улс төр геополитикийн амь өрссөн тэмцэл тулаан өрнөсөн.
Өөрөөр хэлбэл цэрэг – улс төрийн хэлний нэр томьёонд алс дорнодын дайны театр гэж оноон нэрлэгддэг чухам яг тэр аймшигт бүс нутгийн яг гол дунд ойрхи цагийн сүүлийн 200 орчим жилд чухам яаж туурга тусгаар улс үндэстэний суурь хүчин зүйлс, үндсэн болзол болсон de - facto болон de - jure газарзүйн хил хязгаар, хэл - оюун санааны дархлаагаа хадгалан авч үлдэж чадваа гэдэг гайхамшигт түүх нь үнэхээр л өвөг дээдсийн маань тэнгэрлиг буян заяа, оюун санааны үнэмлэхүй дээд өгөгдөхүүний нэг онцгой улбаа – давтагдашгүй ач буян гээд хэлчихэд үнэний засаглалаас нэг их хол зөрчихгүй болов уу?
Тэгэхээр тэрхүү улс үндэстний оршин байх үнэмлэхүй болзол шалгуурын нэг болох үндэстний хэлний нэгдэл – сэтгэлгээний тусгаар тогтнол гэж хаанаас эхтэй, хаана хүрч төгсдөг, хаана жаргадаг, хаана оршдог, хаана мөнхөрч засагладаг үзэгдэл үйл явц вэ ? Энэ бүхний ард чухам ямар хүмүүс, ямар ажил үйлс, ямар үеийнхэн зүтгүүр болж ирсэн бэ?
хх хх хх
Ерөөс өнөөдөр хэл шинжлэл болон утга зохиол судлал гэх мэт манай их утга зохиол судлалын хийсвэр хийгээд хэрэглээний тэрчлэн судалгааны олон салбарууд нь орчин цагийнхаа дэлхийн жишиг төвшингөөс нэг ч их хол хоцорчихоогүй явж ирсэн нь чухамдаа хүн амынхаа тоо, эдийн засаг, нийгэм, цэрэг улс төрийнхөө жин 2 нөлөөтэй харьцуулбал бахархал төрүүлэхгүй байхын аргагүй төвшинд очсон нь чухамдаа бидний өмнөх үе үеийнхэний тэр дундаа ойрх цагийн өнгөрөгч ХХ зууны ахмадуудын маань ач буян билээ.
Чухам энэ л зуунд бидний монголчууд Жак Деррида – аас эхтэй орчин цагийн оршихуйн номлол сургаал болох пост модернистуудын анхдагчийн хэмжээнд өргөмжилдөг текстийн төвшинд гэхэд л хэл, түүх, уран зохиол, шашин, философийн утга зохиол нь өөр өөрсдийн салбарт тэр тусмаа үгийн урлаг буюу хэлний урлаг болох уран зохиолын амьдрал нь гэхэд л төрөл зүйл, хэв маяг, утга сэдэв, сэтгэлгээний цар хүрээ, уран сайхны хэлбэр, дүр, өгүүлэмж, хэл найруулга гэх мэт орчин цагийн үгийн урлагийн тогтсон жишиг болох үндсэн үзүүлэлтүүдийнхээ хувьд туурга тусгаар үндэстний давтагдашгүй өвөрмөц дүр төрх, үнэт зүйлс бүхий бичгийн их утга зохиолтой болж нэгэнт чадсан билээ.
Чухам энэхүү үлэмжийн хүндэтгэлт үйлсийн дотроос хэл шинжлэлийн хамгийн их нэр хүнд бүхий хүнд хүчир суурь салбар болох толь бичиг бичих, зохиох, тользүй бүтээх нүсэр ажил - нүргээнт үйлс нь чухамдаа л судлаачдын оюуны чадвар, мэдлэг мэдээллийн чадал хүч – чадвар шандасыг сорьдог, шалгадаг, голдог, шигшдэг, сэгсэрдэг, сэнсрүүлдэг тэр ч хэрээрээ үүлсийн дээр суудалтай үйлсийн дээр явдал мөртэйгээр мөнхрөн үлдэх жам - зам - заяатай ховорхон тавилан учралын нэг биелэл болсон байдаг.
Нөгөө талаар ерөөс орчуулагч хүмүүний ажил үйлс буюу харь хэл - сэтгэлгээний менталитет оршихуйг энд буй эх хэл рүүгээ эзэрхийлэн ээнэгшүүлдэг эх тэл хэлний орчуулагч хэмээх эрдэмт хүмүүсийн эзэн суудал – элдэв зам мөр – энэ бие – сэтгэлгээнийх нь эзэрхэг дээд элдэв чадварууд нь эгэлгүй их, тэр ч хэрээрээ эрхэм дээд үл үзэгдэгч нөлөөлөх үүрэгтэй – эрэлхэг гэж хэлж ч болохуйц элбэрэлт ач холбогдолтой байсаар ирсэн буюу одоо ч байгааг энэ ертөнцийн эрдэмт хувраг – ихэс дээдсүүд энэ ганц яваа насандаа биширсэн билигдсэн, “би” юүгээ билиг билгүүн болтол нь тэмцсэн, тэмдэглэсэн, тэтгүүлсэн – тэнгэрт тэрсэлдүүлсэн энэ тэр нь тэр гэхийн тоймгүй ... ээ тэр тэнгэрт суудалтнууд - эх хэл эзэмдэгчид - энэ сэтгэлийг ээнэгшүүлэгчид – товчдоо эх орчуулагчид - эзэн суудалтнуудаа гэж ... эзэрхийлэн захирагчид аа гэж ... !!!
хх хх хх
“Хүн төрөлхтөн нялх үедээ байгалийн хүчинд захирагдаж эр чадал нь жагссан дундад зуунд зэр зэвсэгт захирагдаж явсан бол постмодерн эдүгээ цаг үед хэлэнд захирагдах болсон буюу иргэншлийн үед хэл засагладаг” /Жак Деррида/
хх хх хх
Нөгөө талаар тэдний /орчуулагчид – С.Э/ үүрэг, тэдний ач холбогдол нүдэнд харагддаггүй, далд фронтын дайчид гэдэг шиг хөшигний ард байдаг зүй тогтолтой ! Учир нь аливаа үндэстний соёл гэдэг бол тухайн үндэстний бүтээсэн бүх зүйл, хүнийг байгалиас дээгүүрт байлгадаг бүх зүйл юм. Чухамхүү уран сайхны текстүүдэд л соёл нь бүрэн дээд хэмжээнд өгөгдөж, хамгийн сайн, чөлөөт эргэцүүлэлд орох боломжтой байдаг.
Тухайн улс үндэстний хамгийн амин чухал асуудлууд эцсийн бүлэгт уран зохиол буюу уран сайхны текстүүддээ л хамгийн дэлгэрэнгүй плюраль тайлбараа олж авдаг. Өнөөгийн утга зохиол бол соёлын оргил ололтуудын нэг, хүн төрөлхтөн өөрийгөө бясалгасаар өнөө үед хүрсэн дээд түвшин нь юм.
Тайлбарын боломжоороо утга зохиолоос давж гарахуйц соёлын өөр 3 салбар байдаггүй билээ. Гэтэл чухамдаа тэнгэр – бурханаас “вавилоны гэсгээл хүртсэн” тэр цагаас хойш хоорондоо “ойлголцохоо больсон” хүн төрөлхтний тэрхүү аугаа их нэгдмэл соёлыг хооронд нь холбож уулзуулдаг болсон цорын ганц арга зам, мэргэжил мэргэшил болсон орчуулга буюу орчуулагч хэмээх бурхадыг орлосон энэхүү далд фронтын тэнгэрүүдийн үүрэг ач холбогдлыг тоочивч баршгүй, өгүүлэвч дуусашгүй билээ.
Бидний Монголчууд ч бас энэ тухайтад олон зуунаар яригдах буурал түүх хүүрнэж чадна гэх ...
хх хх хх
Чухам энэ л тухайд манай өнөө цагийн ахмад эрдэмтэдийн нэг, ёстой л насаараа далд фронтод, хөшигний ард нам жим ажиллаж амьдарч, бүтээж туурвиж ирсэн нэрт тользүйч, мэргэжлийн шүүмжлэгч /peer review/, нэр томьёо судлаач, урлаг уран зохиолын орчуулагч Ч.Алтанзагас багш “... Монголчууд VIII – XIX зуунд дорнын жагар, төвөд, хятад, манж хэлнээс олон мянган ном судар орчуулсаны оргил нь “Ганжуур” “Данжуур”. Харин XXI зууны эхнээс өрнийн утга зохиолыг орчуулсан. Тэгэхдээ голдуу орос хэлээр дамжуулан орчуулж байлаа.
Өнөө цагт бол олон улс үндэстний эх хэлээс орчуулдаг шинэ дэвшилд хүрсэн нь монголчууд бидний бахархал ... “Британийн Нэвтэрхий Толь” /1768/, Брокгаузын нэвтэрхий толь/1805/, Ларусевын их нэвтэрхий толь /1852/, Большая Советская Энциклопедия /1926/ зэрэг дэлхийд данстай толиуд байтугай тухайн улсууд нь ч сураггүй байсан эрт цагт бидний өвөг дээдэс Монголын Нэвтэрхий Толь зохиож, хэвийг нь босоо монгол бичгээрээ сийлж барлан тараасан байх юм. Энэ тухай доктор, профессор Б.Сумьяабаатар : “Юань Улсын сударт буй баримтаар Хубилай хааны 19 – р онд нэвтэрхий толь хэвд сийлж тархаажээ” хэмээн мэдээлсэн нь аргын тооллын 1282 он юм байна ... энэ бол монголчуудаас дэлхийн соёлын түүхэнд оруулсан хувь нэмэр, монгол бичгээрээ бичиж үлдээсэн алтан хуудас буюу. Хүчирхэг гүрнүүд олон зуун хүнтэй институт хүн хүч, техник технологиор зодож хийдэг адармаатай Нэвтэрхий Толь гэгчийг Хэл Зохиолын Хүрээлэнгийн хэдхэн эрдэм шинжилгээний ажилтан төрөл бүрийн салбарын эрдэмтэдтэйгээ хүчин хавсарч гадныханы гар харалгүй Нэвтэрхий Тольтой болж чадсан л юм даа.” хэмээн даруухан товч бас ч бахархан баясаж тэмдэглэсэн байдаг.
/Ч.Алтанзагас “Хэлний хэрэглээ : нэр томьёо, толь зүй” УБ. 2021 156, 187 – 188 - р тал/
хх хх хх
Чухам ийм л нэг дээр суудалт тэнгэрүүдийн тухай тэдний ядаж нэгнийх нь тухай ойр зуур орчуулж огшоосон нэгэн бэсрэг бүтээлийнх нь тухайтад хамаатуулж энэхүү бяцхан сэтгэгдэл – баяр бахдалын өгүүлэмж – бас ч ялиг үлэг эргэцүүлмэр болсон ганц нэг санаа оноогоо багтаасан товч тэмдэглэлийг хуваалцах санаа зорилго төрсөн байна, надад ...
хх хх хх
Олон зуун жилийн буурал түүхэндээ Чойжи Одсэр эрхэм дээдсээс эхтэй эдүгээ цагийн их алдартан Монгол Улсын Төрийн шагналт нэрт орчуулагч Ц. Гомбосүрэн гуайг хүртэлх үе үеийн орчуулагчид их тользүйч эрдэмтдийн урт цуваан дунд өөрийн гэсэн бахархам түүх намтар, эрдэм шинжилгээ - нэр томьёо судлал – тользүй – орчуулгын уран бүтээлүүдээрээ 4 нэр алдраа мөнхлөн алдаршуулж яваа манай нэртэй судлаачдын нэг бол Монгол Улсын ШУА – ийн ХЗХ – ийн ахмад эрдэмтэн, нэр томьёо судлагч, хэл шинжлэлийн ухааны доктор, орчуулагч Ч.Алтанзагас Багштан билээ.
хх хх хх
Гэснээс Багш болон Багштан гэсэн хоёр хувилбарт ялгаа бий юу? Сайн мэдэхгүй юм даа, хүндэтгэлийн өнгө аяс /модальность или тональность/, утгын болон зэрэглэлийн ялгамжаа ... энэ тэр гээд ёстой л манай хэл найруулга, нэр томьёо судлал, хэл хэлэхүйн нарийн “бичил долгион” сэлтийг өндөр зэрэглэлд бүртгэж, хүртэж, хүлээн авч чаддаг уг язгуурын буюу төрөлхийн - эртний судруудад бол бурхан тэнгэрийн бэлэг, онгод авьяас гэх мэтээр тэмдэглэдэг байсан чухам тэр л билиг билгүүнийг эрхшээн төрөгсөд болох орчуулагчид хэмээх товчхон даруухан хаяг хамжлагатангууд л уг гүнд нь хүртэл мөрдөн мөшгиж, тайлбарлан таниулж чадах нь дамжиггүй ... харин өчүүхэн миний хувьд бол ердөө л ... товчдоо ... өнөөгийн манай тэргүүлэх сэхээтнүүдийн нэг, трансценденталь чинадийн чинадаас улбаа дохиотой билигдэлзүй болон домогзүй судлалаараа энэ цаг үеийн дэлхийн мэргэдийн дунд нэр, суудалтай Монгол Улсын Ардын багш, профессор С.Дулам, Монгол Улсын ойрх цагийн урлаг утга зохиол, уран сайхны орчуулга, урт сэтгүүлзүйн салбарт явдал суудал ихтэй, ямба төрх өндөртэй, ялгуун сайхан номт судлаачдын нэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн доктор С.Лочин агсан ... ийм оргил болсон эрхэмүүдийн оюутан цагийнх нь номын багш байсан хүнийг зүгээр л нэг багш гэхээр хүн нь биш үг нь нэг л жижигдээд ... энэ тохиолдолд Багштан гэх үг арай ч дөхүү юм уу? /мэдээж багш гэж сайхан үг, миний бие мэтэд бол томддог үг/
Чухам ийм учраас л ... нөгөө хүүхдийн дуунд гардаг шиг ... Ч.Алтанзагас багшийг Багштан гэхгүй бол өөр хэнийг Багштан гэх вэ ! Тиймээ ! Би хүндэтгэж байна !
С.Дулам багш С.Лочин багш нарын оюутан цагийнх нь номын багш нь гээд нэг бодоод үздээ ! Та нар ? Ямархуу өндөр оргил харагдаж байна ? Гэвч Ч.Алтанзагас Багш маань даруухан ч гэж жигтэйхэн, чимээгүй ч гэж жигтэйхэн аргагүй л нэг хүмүүжил боловсрол нь “би” – ээ захирчихсан “их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу” гэх үгний биелэл болсон нэгэн ... түүнээс биш тэрхүү дээр нэгэнтээ товч дурдагдсанаар бүхэл бүтэн улс үндэстний соёлын нэг дархлаа, тусгаар тогтнолын нэг бэлгэ тэмдэг, нийт үндэстний түүхэн дэх нэг бахархал болсон Монголын Нэвтэрхий Толь хэмээх академик зэрэглэлийн нүсэр том суурь бүтээл бүтээх хүнд хүчир ажил үйлсэд эхнээс нь дуустал дагнан ажилласан бараг цорын ганц хүн, эх баригч, ариутган шүүгч, асрамжлан анхаарагч, хатуу хөтүү хар ажлынх нь ганц зүтгүүр явсан энэ ахмад эрдэмтэн уг нь бол яах аргагүй Монгол Төрийн хэмжээнд үнэлэгдэх ёстой цагийг эзэлсэн номын өндөр суудалтан билээ !
хх хх хх
Ийм өндөр энэ хүн /нас зүс, намтар түүх, найруулсан, үүтгэсэн, судалсан, сурвалжилсан, хийсэн, бүтээсэн ... бичиж туурвисан ... орчуулга, тайлбар гэх мэт хөдөлмөр зүтгэл нь/ дэлхийд данстай аугаа их утга зохиолтой Оросын суутнуудын сэдэвт орчуулгын уран бүтээлээ үргэлжлүүлж “С.Есениний хайр сэтгэл, үхэл” хэмээх онц сонирхолтой урьд өмнө олны хүртээл болж байгаагүй бөгөөд цагийн жамаар судалгааны үр дүн болон 5 “гар бичмэлүүд шатдаггүй” хэмээх алдарт тарни шившлэгийн амьд биелэл болон өнөө цагт хүрч ирж нээгдсэн гайхам шинэ, хөдөлбөргүй баримтат эх сурвалжууд, мэдээ мэдээллийг агуулсан сайхан ном саяхан орчуулж, энэ 2024 онд бидэндээ барьжээ.
Энэ тухайгаа Ч.Алтанзагас багш өөрөө “... Бидний монголчууд эдүгээ орос хэл, Оросын утга соёлоос баахан төсөөрөөд буй энэ цаг дор би бээр соёлт хүн төрөлхтөн мэдэж байваас зохилтой Оросын агуу найрагч Сергей Есенин, түүний гайхамшигт бүтээлийг залуустаа танилцуулах, бидний үеийнхэн түүнийг сайн мэддэг, хайрлаж хүндэтгэдэг, шүлэг найргаас нь чадах ядахаараа орчуулдаг байсныг олонд мэдүүлэх, ороо бусгаа цаг гэдэг ямар сайхан хүний амьдралыг хэрхэн бусниулдгийг, ийм явдал манайд ч нэг бус удаа тохиож байсныг эргэцүүлээсэй, амьдралынхаа төлөө хүн хэрхэн хөдөлмөрлөж тэмцэх ёстойг Айседорагийн туулсан амьдралаас мэдэж аваасай гэсэн бодлын үүднээс ийм нэгэн
бэсрэгхэн номыг бүтээвэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!” хэмээх товч тайлбар дагалдуулсан нь бий.
хх хх хх
Мэдээж Ч.Алтанзагас багшийн орчуулгын ажлын үг үсэг, утга, найруулга, хэл шинжлэл болон нэр томьёо судлал, оноолт дүйцэл, нарийн ялгамжаа, найрсал зохицол зэрэг эрдэм номынх нь чадвар чансааны тухай ярих нь над мэтэд ахдах нь ойлгомжтой ! Энэ тухайд харин ёстой, бас ч гэж нөгөө “мэддэггүйгээ мэддэг тэнэг” гэдэг нь би бүлгээ ! Энэ тухайтад би сайн хүмүүжилтэй.
хх хх хх
Гэвч өөрийгөө голохгүй, энэ ажлын орчуулгын уран чадварын тухайд олон юм ярих нь илүүдээд байгаагаа мэдсээр байж, мэддэг чаддаг маань дутаад байгаагаа мэдсээр байж, хэдэн үг хэлмээр тэмдэглэмээр санагдаад байгаа нь чухамдаа “С.Есениний хайр сэтгэл, үхэл” номын сэдэв ! Энэ сэдэвт хандаж буй орчуулагчийн сэтгэл! Үүнийг гайхалтай, гайхамшигтай юмаа гэх улигт үгээр дахин дахин тэмдэглэхээс өөр үг олдохгүй байнам ! /дахиад л анхаарлын тэмдэг/
хх хх хх
Залуу нас, хайр сэтгэл, уран бүтээл гурав мөнх гэдэг үгийг хичнээн ч сонсов? Яасан ч үнэн үг вэ дээ ? 100 жилийн өмнөх эрвээхэйн далавчны ганц дэвэлт мэт хоромхон зуурын богинохон амьдрал өнөөдөр 100 жилийн дараа холын холд дахин амилаж, бас түүнийг дахин амилуулж суугаа тэр сэтгэл - тэр мэдрэмж - тэр авьяас билиг – тэр оюун санаа - тэр хүндэтгэл бас мөнхрөл биш гэж үү ?
хх хх хх
Энэ бол Ч.Алтанзагас багшийн орчуулсан “С.Есениний хайр сэтгэл, үхэл” номны зөвхөн агуулгаас төдийгүй басхүү тэрхүү нэгэн зууны өмнөх гунигт цаг үеийн эмгэнэлт түүхийг харамсан харамсан орчуулж суугаа нэгэн зууны дараах тэр өнөөдрийн сэтгэлээс – энэ номны орчуулгаас надад төрсөн бодол ! /Эврика гээд 6 гараад гүймээр л санагдавч даанч би Архимед биш ном орчуулга хоёр маань савтай ус биш юмдаа. Гэвч чухамдаа юуг олж авчихаад хөвсрөн хөөсрөөд байна вэ ... ?/
хх хх хх
Хүний амьдрал, амьдралын утга учир, зовлон шаналал, тавилан заяа, аливаа уран бүтээл – тэр дундаа сонгодог уран бүтээл, хүмүүн гэгч амьтаны хийсэн бүтээсэн бүхэн түүний мөнхрөл “гар бичмэлүүд шатдаггүй” хэмээх М.А.Булгаковын алдарт тарни - шившлэг !
хх хх хх
Мэдрэмжтэй байх, гоо сайхны нандин мэдрэхүйтэй байх гэдэг хэн бүхэнд заяадаг тавилан заяа биш ажээ ! Энэ тухайд мэргэдийн хэлсэн, сургасан, анхааруулсан, тайлбарласан зүйл аль овоо.
Тэдгээр дундаас чухамдаа л Ч.Алтанзагас багшийнхаа орчуулсан энэхүү “Есениний хайр сэтгэл, үхэл” номын орчуулгад хамаатуулж дараах онц сонин сайхан тайлбар - учирлалыг иш татчих түмэн хүслэн надад байна. Үүнд : “Мэдрэмж – гоосайхны философи нь ерөнхий универсаль шинжид биш, харин индивидуаль чанарт, нэг хэв загварын бүтцэд биш, харин гайхамшигтай сайханд гол анхаарлаа хандуулдаг.
Хүний амьдрал ба хувь заяаны хамгийн тулгамдсан асуудлуудад хандах харилцаа улам хурцдаж байгаа явдал анхаарлын төвд тавигддаг. Мэдрэмж – гоосайхны философи нь шинжлэх ухааны алгуур амгалан рациональ шинж, иррациональ зүйлийг мартсан байдал, хүнд хайхрамжгүй хандах байдал, ойлголтыг мэдрэмжээс илүүд үзэх гэсэн аливаа ойлголт зэрэгт дургүйцдэг, ертөнцийг үзэх рациональ үзэл биш, харин ертөнцийг мэдрэхүй, буюу хурцадсан мэдрэмжтэй төрөлсөж буй зүйлсээр нь дамжин төгс дээд зүйл рүү дэвших философи үндэслэгээ нь болж байдаг. Энэ санааг аугаа их Ф.Ницшегийн хэлсэнээр зураглаж болох юм.
Тухайлбал “... бид /философичид, гоозүйчид, орчуулагчид – С.Э/ : бодол санаагаа өөрсдийн өвдөлт, шаналал санаашралаас зогсоо зайгүй гаргаж авах ёстой, бас бид байгаа бүхнээ, тухайлбал, цус, зүрх, гал, дөл, шунал тачаал, наргиан цэнгээн, зовлон гуниг, ичих сэтгэл, хувь оноо, заяа тавилангаа тэдгээрт /өөрсдийн уран бүтээлд – С.Э/ эхийн ёсоор өгөх ёстой” /В.А..Канке “Философия” М. “Логос”. 2001 стр. 19/
Чухам ийм нэгэн сэтгэл шингэсэн сайхан бүтээл таны гар дээр очиж байна даа.
хх хх хх
Эдүгээ цагаас даруй 100 жилийн өмнө энэ хорвоогоос 30 – хан насандаа одсон нэгэн гэрэлт найрагчийн амьдрал хувь заяаны тодруулга болсон нэгэн бэсрэг бүтээлийг Ч.Алтанзагас багш маань зориуд эрэл хайгуул болж энд тэндээс эвлүүлж дэвлүүлж, И.Шнейдер, Э.Хлысталов, А.Дункан, Я.М.Козловская нарын дурсамж тэмдэглэлүүд нууцаас гарсан хожмын илтгэлүүдээс энэхүү бүтээлийг сэргээн босгож эмхэтгэн нийлүүлж орчуулан гаргахад бэлэн болгох явцдаа дурсамж хүүрнэлүүдийн гол баатар болох мөнхийн залуу орос найрагч гэнэн цайлган томоогүй хөвүүн Сергей Есениний бас ч монголчуудад чамгүй танил нэгнийх нь хувьд түүний уран бүтээлийн монгол хэл рүү орчуулсан орчуулгаас 7 хүний орчуулга сонгон авч, уншигчдад сонирхолтой, сонин содон 7 байхыг нь бодолцон харьцуулан харж ололт амжилт болон омтгойрч андуурсан элдэв эндэл тэргүүтнийг нь хөнгөхөн хөгжүүн байдлаар хүүрнэн илбэж, авах гээхийн аядуу зөөлөн сануулга дайсан нь ч өдөр тутмын өчүүхэн сэтгэлийн “би” – ийн хир буртгаас өнөд ангижран салж өндөр төвшиний оюуны амгаланд очсон цөөхөн хүнд л байдаг тэр эгэл даруугийн эрхэмсэг оршихуйн нэгэн биелэл болж харагдах нь хэл эзэгнэгч эрхэм Багштаны бас л нэг хүчирхэг зан төрхийг илтгэн харуулж, өөрийн эрхгүй эмээх сэтгэгдэл, хүндэтгэл төрүүлэх ! Сонирхолтой юм аа.
хх хх хх
Ерөөс бидний Монголчууд олон зуу, мянганаар тоологдох буурал түүхтэй хэдий ч чухамдаа өнгөрсөн зуунд л уран сайхны сэтгэлгээ, боловсрол, хүмүүжил, гоозүйн төлөвшил, онол туурвилзүйн мэдлэг чадвар, сайхны хуулийг ухамсарлах төвшиний хувьд
ч дундад зууны дорно дахины утга зохиолын сэтгэлгээний хүрээнээс урагш хол ахиж дорно болон өрнө зүгийн чиг баримжааг хослуулсан уран сайхны сэтгэлгээ бүхий орчин цагийн дэлхийн жишигт татагдсан бичгийн утга зохиолтой болсон нь маргашгүй үнэн, бодит баримт билээ. Чухам энэ л үйл хэрэгт өөрөөр хэлбэл 1921 онд хүлээж авсан соёлын тэр л төвшинг өнөөгийн далайц – төвшинд авчирахад ОҮМУЗ-ын түүхийн салшгүй нэг хэсэг – үнэт зүйлс – бахархал болсон уран сайхны орчуулгын салбарын гүйцэтгэсэн үүрэг оролцоо асар их гэдгийг оюун санааны аливаа үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, үнэнийг хүндэлдэг ямар ч хүмүүн ойлгодог.
Ер нь бол утга зохиол – уран сайхны орчуулгын нөлөө, ач тус, хэрэгцээ шаардлага гэдэг юм тэргүүлэх ач холбогдолтой үйлсийн нэг бөгөөд нийгэм - оюун санааны амьдралыг гэгээрүүлэх, залж чиглүүлэх, гэрэлтүүлэн гийгүүлэгч тэнгэрлиг дээд өгөгдхүүний үр дүн болсон үзэгдэл гэдгийг заавал нэг их баталж нотлох гээд л сүржигнээд байх хэрэг байхгүй ч байж магадгүй. Эгэл энгийн энэ логикийг заавал хэл шинжлэл болон урлаг уран сайхны салбарт хамаарагддаг хүн гэх юмгүй, ерөөс аль ч салбарын зөв – суурь боловсролтой хэнбугай ч эрхбиш гадарлана.
Чухам энэ л тухайтад манай үе үеийн орчуулагчдын хичээл зүтгэл, хөдөлмөр зүтгэл, мэдлэг оюуны цар хүрээ төдийгүй нөгөө дахин дахин онцлоод байгаа мэдрэмжийн философи, сэтгэлийн хүмүүжил, зүрх сэтгэлийн боловсрол, хүний сайхан чанар тэргүүтэн нь суурь үүрэгтэй билээ. Ийм учраас л бид орчуулагчдадаа, ахмад үеийнхэндээ ядаж л хүндэтгэл үзүүлчих хэмжээний хүмүүжилтэй байх ёстой билээ !
хх хх хх
Ч.Алтанзагас багш Нобелийн шагналт Иво Андричийн “Нүглийн орон” тууж, ЗСБНХУ - ын Төрийн гурван удаагийн шагналт В.Закруткины “Эх хүн” тууж, БНТУ – ын дэлхийд алдартай шог зохиолч Азиз Несины “Алиа хошин найр” хэмээх 23 шог өгүүллэгийн түүвэр, ЗХУ – ын Төрийн шагналт Анатолий Алексины “Тавдугаар эгнээний гурав дахь нь” ном, Халимагийн ардын яруу найрагч Д. Кугультиновын “Шүлгүүд” хэмээх туульсын яруу найраг, Оросын сонгодог зохиолч ардын яруу найрагч И.А. Крыловын “Ёгт үлгэрүүд” хэмээх 203 шүлэглэсэн ёгт үлгэр багтаасан 9 дэвтэр бүрэн эмхэтгэл, 8 Америкийн зохиолч Жорж Капошигийн “НҮБ – д шургалсан улааны тагнуулууд” ном, “Сергей Есениний хайр сэтгэл, үхэл” /2024/ зохиолуудыг орчуулж, их дээд сургууль дээр уншиж байсан өөрийн лекц тэмдэглэлүүд дээрээ үндэслэсэн А.С.Пушкин, И.А.Крылов, М.Ю.Лермонтов, Н.В.Гоголь,Л.Н.Толстой, А.П.Чехов, А.М.Горький, М.Достоевский нарын намтар түүхийн товчоон болох “Оросын суутны зүрхэн толт” /2024/ хэмээх эссе өгүүллийн түүвэр зохиол, мөн хэл шинжлэлийн болон олон нийтийн хэлний боловсролд зориулан өөрийн бичиж туурвиж байсан судалгаа шинжилгээ, онол түүх шүүмжийн салбарт хамаарах олон арван өгүүллүүдээсээ дээжлэн эмхэтгэсэн “Хэлний хэрэглээ : нэр томьёо, тользүй” хэмээх түүвэр зохиол 2021 онд хэвлүүлсэн нь бий.
Ч.Алтанзагас багшийн нэр томьёо судлал, толь бичиг, тользүй, хэл шинжлэлийн сэдэвт судалгаа, мэргэжлийн шүүмж гэх мэт эрдэм шинжилгээний олон талт их ажлынх нь дотроос зөвхөн толь бичгийн ажил нь гэхэд л үнэхээрийн хүндэтгэл төрүүлж, бахархах сэтгэгдэл асаах академик төвшиний ховорхон заяат сонгодог үйлс билээ.
Тэртээ 1282 онд буюу Хубилай хааны 19 – р онд “...нэвтэрхий толь хэвд сийлж тархааж...” байсан дэлхийн түүхэн дэх анхны нэгэн гайхамшигт үйлээс хойшхи шинэ цагийн түүхэнд анхны “Монголын Нэвтэрхий Толь” бичих ажилд эхнээс нь дуустал оролцож ажилласан Ч.Алтанзагас багшийн даруухан дурссанаар “...манай Монголын суу билигт номын мэргэд 500 орчим хүн түүний дотор 30 гаруй академич, 70 гаруй шинжлэх ухааны доктор, олон дэд доктор, төрөл бүрийн мэргэжлийн сэхээтнүүд ихээхэн цаг, оюунаа зарж бүтээлцсэн энэхүү Монголын анхны нэвтэрхий толь бол манай ард түмний найман настанд оюуны түлхүүр, наян настанд эргэж санах дурсамж, ажил хэрэгч оюуны эрэлчдэд танин мэдэх, сурах судлах, бичих, туурвих, магадлан нягтлах, ажлын өдөр дутмын эрэлт хэрэгцээнд нь тус дэм, лавлагаа болж чадсан 30.000 өгүүлэл, 1300 орчим зураг, 150 орчим хавсралт зураг багтаасан 120 хэвлэлийн хуудас эрдэм шинжилгээний томоохон бүтээл,
Монгол Улсын маань тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болж чадсан толь бичиг” бичиж хэвлэлд шилжүүлж өгч байсныг нь чухамдаа мунхаг харанхуй бид л тухайн цагтаа ч тэр, эдүгээ цаг оронд ч тэр таг харанхуй, ядаж дурсах ч үгүй яваа нь ёстой л нөгөө сүүлийн үед ихээхэн хэмжээгээр хэлц үг болон ишлэгдээд байх болсон нөгөө “эзэнгүй төрийн эмгэнэл” гэгч нь юм байхаа даа хөөрхий !!!
Төр нь ойгоо тэмдэглээд л байдаг ... төрөлх Хүрээлэн нь баяраа тэмдэглээд л байдаг ... Уг нь бол соёлт нийгмийн жишгээс харвал “Их Нэвтэрхий Толь” бичих нь, бичигдэх нь, бичээч нь /редактор/ хэдэн үеэрээ төрт ёсныхоо түүхэнд тэмдэглэгдэн үлдэж үеийн үед хүндэтгэл хүлээж явдаг соёлт нийгмийн жишиг байдгийг бид бүхэн “Британийн Нэвтэрхий Толь” /1768/, Брокгаузын нэвтэрхий толь /1805/, Ларусевын их нэвтэрхий толь /1852/, Большая Советская Энциклопедия /1926/ зэрэг дэлхийд данстай бүтээлүүдийн үүх түүхээс гадарлахсандаа. Ч.Алтанзагас багш басхүү “Монгол Британника /2010/ 8 боть толийг бүтээлцсэн тользүйч эрдэмтэн билээ.
хх хх хх
Нөгөө талаар хэл нь зөвхөн текстийн төвшинд, тэр тусмаа уран сайхны текстийн төвшинд л соёл иргэншлийн болоод оюун санаа – ахуйн үнэмлэхүй дүр, сэтгэхүйн буюу танин мэдэхүйн дамжиггүй бодит байдал болох үндсэн оршихуй /экзистенци/, танин мэдэхүйн9 ач холбогдлоо илэрхийлдгийг орчин цагийн томоохон сэтгэгчид уран бүтээлчид
онцгойлон тэмдэглэдэг болсон нь жир хэрэг биш билээ.
хх хх хх
Хүн төрөлхтөн чухам ямар учраас эрт эдүгээгийн сонгодог бүтээлүүддээ дахин дахин эргэж ханддаг, тэндээс чухам юу эрж хайж, эргэцүүлж тойруулдаг хэрэг вэ? Зөвхөн таашаал мэдрэмж төдийхөн гэж үү?...
Ерөөс Ч.Алтанзагас багшийн “Есениний хайр сэтгэл, үхэл” хэмээх орчуулга түүний тайлбар, эргэцүүлэл бодомжууд шиг ийм бүтээлүүдийн хомсдол нь бидний олон олон зовлон шаналлын нэг шалтгаан болдог !
Тэгээд ч зохиол бүтээл гэгч нь дангаараа цогц зүйл биш, түүнд хандах хандлага, үнэлэмж, цаг хугацаа – орон зайн хүчин зүйлс буюу товчдоо туулж ирсэн түүхэн замнал, алслан одох он цагийн хэлхээс дундах амь сүнс болсон тайлбаруудтайгаа /interpretation/ хамт байж сая өнөө цагийн төгс төгөлдөр судлагдахуун болж хувирдаг... үүнийг шаарддаг ... нэг төрлийн хэмжүүр үнэлэмж болгодог тийм нэг цаг үе иржээ...
хх хх хх
“Хүмүүс яагаад уран зохиол тэр тусмаа “Есениний хайр сэтгэл, үхэл” гэх мэт уламжлалт сэдэв, урт дурын /Л.Н.Гумилев/ элдэв төрөл орчуулгын бүтээлүүдийг дахин дахин уншсаар байдаг вэ, гэж үү? Бидний хүчин мөхөсддөг олон зүйлийг нөхөж амьдралыг өөр юутай ч зүйрлэшгүйгээр баяжуулдаг учраас л тэр. Биднийг илүү хүчирхэг, илүү баялаг, илүү хүмүүнлэг, тэр ч бүү хэл тэнгэр бурхадын зэрэгт илүү ойртуулж өгдөг учраас ! Уншиж танихын хэрээр ...
Ийм хүмүүст бид өртэй биш гэж үү?
С.Энхбаяр /МУБИС/
2024.11.13
Сэтгэгдэл