Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гаригт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энх тайвны хэлэлцээ хийхээр Флорида руу явах замдаа "Оросын зэвсэгт хүчин Киев рүү шөнийн турш довтолсон нь Москва “энх тайвныг хүсэхгүй” байгааг илтгэж байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр Америк, Украины төлөөлөгчдийн тохиролцсон шинэ 20 заалт бүхий энх тайвны төлөвлөгөөг хэлэлцэхээр бэлтгэж байгаа аж. Оросын довтолгоо 10 цаг үргэлжилж, олон пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр Киев болон ойр орчмын бүсэд халдсан бөгөөд энэ үеэр хоёр хүн амь үрэгдэж, 32 хүн шархадсан гэж нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Украины Хөгжлийн сайд Олексий Кулеба "Эрчим хүчний дэд бүтэц эвдэрснээр нийслэл болон ойр орчмын орон сууцны 40 хувь нь халаалтгүй үлдсэн" гэж мэдэгдсэн байна.

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, өндөр нарийвчлалтай зэвсгийг "Украины эрчим хүчний байгууламжууд болон зэвсэгт хүчин, цэргийн аж үйлдвэрийн комплекст цохилт өгөхөд” ашигласан гэжээ.

Зеленский Telegram хуудсаараа дамжуулан Орос Киев рүү ойролцоогоор 500 дрон, 40 пуужин илгээж, эрчим хүч, иргэдийн дэд бүтцийг онилсон. Довтолгооны дараа орон сууц болон гэрт гал гарч, байшингууд шатжээ.

BBC агентлагийн сэтгүүлч Анастасия Грибановагийн орон сууц цохилтод өртөж, өндөр давхар бүхий зарим байшин шатсан ч тэрээр лифтэнд байсан тул гэмтээгүй байна.

Украины Онцгой байдлын албанаас Дарницкий дүүргийн ахмад настны гэрээс 68 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлжээ. Зеленский Telegram хуудастаа “Оросын төлөөлөгчид урт удаан яриа хийж байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энхийн хэлэлцээг дуусгахыг хүсэхгүй байна" гэж онцолсон байна.

Зеленский тэмдэглэснээр, “Энэ муу үйлдэлд зөвхөн хүчтэй хариу барих боломжтой. Америк, Европ болон бидний олон түнш үүнийг хийх боломжтой” гэжээ. Тэрбээр түншүүдээсээ Оросын түрэмгийллийн эсрэг хатуу байр суурь баримтлахыг уриалсан аж.

Польш улс Украинтай 530 км урт хилээр хиллэдэг. Довтолгооны үеэр пуужин, агаарын хамгаалалтын систем болон радарын бэлэн байдлыг шалгасан ч бямба гаригт агаарын орон зай зөрчигдөөгүй болохыг тогтоожээ.

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, тус улсын агаарын хамгаалалтын систем хэд хэдэн бүсэд 200 орчим Украины дроныг, Москва орчимд найман дрон устгасан байна.

Зеленский Канадын Ерөнхий сайд Марк Карнитай уулзаж, Флорида дахь Трамптай хийх уулзалтынхаа өмнө дипломат “тэргүүлэх чиглэлүүд”-ийн талаар хэлэлцжээ.

Тэрбээр Киев дэх хамгийн сүүлийн довтолгоо нь Оросын манай энхийн чармайлтад өгсөн хариу бөгөөд Путины энх тайван хүсэхгүй байгааг харуулж байна гэж онцолжээ.

Карни Украинд 2.5 тэрбум канад долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээ амалж, тогтвортой энх тайван байдал “Оросын хүсэл”-ээс хамаарна гэж мэдэгджээ. Зеленский дараа нь Европын удирдагчидтай хэлэлцэж, төлөвлөгөөг урагшлуулахын тулд “хатуу байр суурь хэрэгтэй” гэж тэмдэглэжээ.

Украины аюулгүй байдлын баталгаа болон нутаг дэвсгэрийн хөнгөлөлтүүдийн асуудал дахин хэлэлцэгдэх магадлалтай бөгөөд энэ нь Оросын хувьд өмнө нь татгалзаж байсан асуудлууд юм.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт Москва дахь дайн хариуцсан команд удирдлагыг шалгаж, цэргийн дүрэмт хувцастайгаар “Киев энхийн аргаар асуудлыг шийдэхийг хүсэхгүй бол Орос зорилгодоо цэргийн хүчээр хүрнэ” гэж мэдэгджээ.

АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф өмнөх 28 заалттай төлөвлөгөөг 20 заалт бүхий төсөл болгон шинэчлэн боловсруулжээ. Гэвч Орост илүү ашигтай гэж шинжээчид үзэж байгаа аж.

Зеленский шинэ төсөлд итгэлтэй байгаагаа илэрхийлж, “дайныг дуусгах үндсэн баримт бичиг” гэж тодорхойлсон бол Трамп Зеленскийд “Миний зөвшөөрөлгүй ямар ч зүйл бүтэхгүй” гэж анхааруулжээ.

Төсөлд АНУ, НАТО, Европын холбооны түншүүдийн хамтарсан цэргийн хариу үйлдлийн баталгаа багтсан бөгөөд Орос дахин Украин руу довтолвол хамтарсан хариу үйлдэл үзүүлэх аж.

Украины зүүн Донбассын бүсийг хяналтдаа авах асуудал хэлэлцээрт саад болж байсан ч Зеленский “чөлөөт эдийн засгийн бүс” гэдэг хувилбар байж болохыг тэмдэглэжээ.

Трамп Politico-д өгсөн ярилцлагадаа шинэ төсөлтэй бямба гаригт анхааралтай "танилцана" гэж мэдэгдсэн байна. Тэр “Би энэ уулзалт сайхан болно гэж бодож байна. Путины хувьд ч сайхан болно” гэж хэлээд Оросын Ерөнхийлөгчтэй удахгүй ярина хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Тэрбумтан [66.181.183.112] 2025-12-28 12:28:01

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй буюу Оросын түрэмгийлэл


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.