ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол онц байдал зарлалаа
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол сөрөг хүчнийг “Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна” хэмээн буруутгаж, онц байдал зарласнаа мэдэгдлээ. Тэрбээр, Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгаж, Бүгд Найрамдах Солонгос Улсыг хамгаалах болно гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч "ОНЦ БАЙДАЛ" зарласан мэдэгдэлдээ,
Улсын төсвийг батлахдаа үндсэн үүрэг болох хар тамхи, нийгмийн аюулгүй байдлыг хангах зэрэгт шаардлагатай бүх төсвийг бүрэн хасаж, төрийн гол функцэд хохирол учруулж, улс орныг хар тамхины үүр, нийгмийн аюулгүй байдлын хямралд орууллаа.
Ардчилсан нам гамшгийн нөөц сангаас 1 их наяд вонныг, хүүхэд асрах тэтгэмжээс 384 тэрбум воныг, залуучуудын ажлын байр, хий олборлох төсөл зэрэг 4.1 их наяд воныг хассан байна. Цаашлаад залуу цэргийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, хариуцлагатай үүргийн хөлсийг нэмэгдүүлэхийг хүртэл зогсоолоо.
Энэ нь төсвийг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, улсын санхүүг доромжилж байгаа явдал юм. Энэ төрлийн хууль тогтоох дарангуйлал нь одоо төсвийн импичмент рүү хүртэл шилжлээ.
Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард түмний санаа зовнил улам нэмэгдэж байна. Энэ бол БНСУ-ын үндсэн хуулийн дэг журмыг эвдэж, хууль ёсоор байгуулсан төрийн байгууллагуудыг үймүүлэн, бослого өдөөх гэсэн илэрхий эсэргүүцлийн үйлдэл юм.
Ард түмний амьдралыг үл тоомсорлож, зөвхөн импичмент, тусгай мөрдөн байцаалт, сөрөг намын удирдагчийг хамгаалахаас өөр зүйлд анхаарлаа хандуулж байна. Одоогийн парламент гэмт этгээдүүдийн үүр болж, хууль тогтоох дарангуйллаар шүүх, гүйцэтгэх засаглалыг саатуулж, ардчилсан дэглэмийг унагахыг санаархаж байна.
Манай улсын иргэд ээ, би БНСУ-ыг Хойд Солонгосын коммунист хүчний аюул заналаас хамгаалж, ард түмний эрх чөлөө, аз жаргалыг булаан авдаг эх орноос урвагчдыг устгаж, үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд онц байдал зарлаж байна.
Энэхүү онц байдал нь улс орныг сэргээж, хамгаалах зорилготой юм. Ерөнхийлөгчийн хувьд, надад итгэж дагаарай гэжээ.
Сэтгэгдэл