З.Нарантуяа: Засгийн газартай хамтраад томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж ажиллана
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын 2025 оны "Өглөөний уулзалт"-ын анхны зочноор уригдлаа.
Мөн энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Н.Гансүх нарын албаны төлөөлөгчид оролцов.
2022 оны нэгдүгээр сард анх Хөгжлийн банкны зээлийн багцыг олон нийтэд дэлгэж, банкнаас олгосон зээлүүдийн чанар, зээл олголтын процесс, ажил хариуцаж байсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байв.
Тухайн үед банкны нийт актив хөрөнгө 3.3 их наяд төгрөг, үүнээс 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээс 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл байжээ.
2022 оны нэгдүгээр сарын 31-нд УИХ-ын даргын Захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, гуравдугаар сарын 29-нд Ерөнхий сонсгол зохион байгуулагдаж, дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-аас 14 тоот тогтоол гаргаж, Хянан шалгах түр хороог байгуулсан.
Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөгдөлтийн байдлыг шалгахаар болж, тавдугаар сарын 4-нд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулагджээ.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд УИХ-аас хоёр, Засгийн газраас гурав, Монголбанкнаас дөрөв, Үндэсний аудитын газраас дөрөв гээд нийт 13 удаагийн хяналт шалгалт хийж, 202 зөрчил илрүүлсэн. Үүнээс:
- 29 нь хууль эрх зүй
- 35 нь засаглал
- 61 нь зээл
- 18 нь хөрөнгийн удирдлага
- 55 нь дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд шалгаж, зөвлөмжүүд хүргүүлсэн.
Сонсгол явагдсанаас хойш Банкны үйл ажиллагааг хэвийн болгохын төлөө чанаргүй активтай нийлээд ажилласан. Нийт 33 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн зээл, хүү төлөгдөж, бүрэн хаагдсан ба 22 зээлдэгчийн 400.0 тэрбум төгрөгийн зээл хүү нийлээд 1.8 их наяд төгрөг төлөгдсөн байна.
Монголбанкнаас тавьсан шаардлагын хүрээнд зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах санг 770.0 тэрбум төгрөгөөр байгуулсан ба банкны өөрийн хөрөнгө хорогдож, хуримтлагдсан алдагдал 538.0 тэрбум төгрөг болсон.
Засгийн газар, Сангийн яамнаас дүрмийн санг нэмэгдүүлээгүй, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон хэвээр байсаар байгаа учраас санхүүгийн үзүүлэлтүүд баланс дээрээ сайжраагүй хуримтлагдсан алдагдал нь өссөөр ирсэн байна.
Банк байгуулагдсанаас хойш 11.8 орчим урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлж ажилласнаас өнөөдрийн байдлаар 1.6 их наядын үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 10 гаруй их наядыг буцаан төлсөн.
Сүүлд 2023 оны 10, 12 дугаар саруудад 500.0 сая ам.долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бие даан гүйцэтгэн олон улсын зах зээл дээрх байр сууриа хадгалсан байна.
Хууль, шүүхийн ажиллагаа:
Иргэний хэргийн шүүх
Одоогийн байдлаар 553.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 7 зээл Иргэний шүүхээр хянагдаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд иргэний шүүх дээр 44 зээлдэгчийн 1,562.9 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг нэхэмжилсэнээс 37 зээлдэгчийн 1,235.4 тэрбум төгрөгийн зээлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээс 19 зээлдэгч 494.5 тэрбум төгрөгийг төлж, зээлээ бүрэн хаажээ.
Хууль шүүхийн ажиллагааны явцад хэвийн төлөлттэй байсан зээлүүд нэлээд төлөгдсөн, энэ хугацаанд банкны үндсэн үйл ажиллагаа зогссон зэргээс банкны хүүгийн орлого хумигдаж, орлого, зарлагын баланс алдагдсан байна.
Үлдсэн 18 зээлийн 666.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 16 зээлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэн. 521.0 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.
Нийт зээлийн барьцаанд авсан хөрөнгүүдийн үнэлгээ 1,796.4 тэрбум төгрөг байгаа ба дуудлага худалдаагаар үнийн дүнгийн 70, 50 хувиар худалдан борлуулахад зээл, хүүгийн төлбөрийн 40-50 орчим хувийг л хангахаар байгаа нь банкны хувьд зээл, барьцаа хөрөнгийн харьцаа алдагдсан, худалдан борлуулж чадлаа гэхэд төлбөрийг бүрэн төлж хүрэлцэхгүй, учрах хохирол өндөр байхаар байна.
Зээлүүдийн хугацаа хэтрэлт дунджаар 1813 хоног байна. Шүүхээр шийдвэрлэх процесс мөн 1,100 гаруй хоног үргэлжилж байгаа нь барьцаа хөрөнгүүдийн үнэт цэнийг буурахад нөлөөлж байна.
Шүүх дээрх хөрөнгийн үнэлгээ зарим тохиолдолд хэт өндрөөр, заримдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар зарагдаагүй тохиолдолд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн хувьд Банкинд санал болгож өгөхөд эрсдэл учруулж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу энэ тохиолдолд үнэлгээний дүнгээр шилжүүлж бүртгэж байгааг эргэж харах шаардлага үүсч байгаа аж.
Эрүүгийн хэргийн шүүх
Эрүүгийн 9 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу албан тушаалаа урвуулан ашиглэж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх гэмт хэрэгт 80 иргэн шалгагдсанаас:
-
- Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал – 3;
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга - 3;
- Хөгжлийн банкны мэргэжилтэн - 10;
- Хөгжлийн банкны хэлтсийн захирал - 4;
- Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүд - 15;
- Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүд - 18;
- Улс төрийн албан тушаалтнууд - 4;
- 29 аж ахуйн нэгжийн захирал, албан тушуултанууд, түүнтэй холбоотой этгээдүүд байгаа.
19 зээлдэгчийн 378.3 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжлэгдсэнээс 132.2 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Шүүх дээр тодорхой шалтгаанаар нэхэмжлэл хүлээн аваагүй, оргон зайлсан, эрүүгийн хуулийн хяналтын шатнаас хэрэг дахин буцсан зэргээр хуулийн процедур удааширч байгаагаас зарим зээлийн хувьд учрах хохирол улам нэмэгдсээр байгаа нь зээл, хүүгийн найдваргүй авлагыг улам нэмэгдэхэд хүргэж байна.
Өнөөдрийн нөхцөл байдал:
Банкны үйл ажиллагаа маш их хумигдсан. Банкны санхүүгийн тайлан тэнцлээс харахад актив хөрөнгө 2017 онд 5.8 их наяд төгрөг байсантай харьцуулахад 60 орчим хувиар буурч, 2024 оны 12 сарын 31-ний байдлаар 2.368 тэрбум төгрөг болсон. Зээл олгох, төсөл санхүүжүүлэх, эх үүсвэр татан төвлөрүүлэх үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй зогсонги байдалд орсон. Санхүүгийн үзүүлэлтүүдийг харахад:
Нийт актив хөрөнгө буурсан тул зээлд эзлэх чанаргүй зээлийн жин буурахгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байна. Нийт активт эзлэх зээлийн багцыг танилцуулбал 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөг нь зээл байна:
o Хэвийн зээл: 834.4 тэрбум төгрөг;
o Анхаарал хандуулах зээл: 124.9 тэрбум төгрөг;
o Чанаргүй: 1308.6 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн эрсдэлийн сан: 952.9 тэрбум төгрөг байна:
o Хэвийн зээл: 42.2 тэрбум төгрөг;
o Анхаарал хандуулах зээл: 16.3 тэрбум төгрөг;
o Чанаргүй: 894.4 тэрбум төгрөг байна.
Нийт зээлийн багцын 1,308.6 тэрбум төгрөг буюу 57.5% хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ба үүнээс 25.6 тэрбум төгрөг нь төрийн өмчит, 1,282.4 тэрбум төгрөг нь хувийн хэвшлийн зээл юм.
Хуримтлагдсан алдагдал 738.0 тэрбум төгрөг, энэ жилийн алдагдал 220.7 тэрбум төгрөг болсон байна. Өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг хэрэгтэй болж байна. Товчхон дүгнэхэд, Хөгжлийн банк санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн чадваргүйд тооцогдох хууль эрх зүйн үндэс бүрдэхээр байна.
Улс орнуудын Хөгжлийн банкуудын хөгжлийн чиг хандлага:
Дэлхийн Хөгжлийн банкуудын үйл ажиллагаа, чиг хандлагын талаар БНХАУ-ын Peking их сургуулиас хийсэн судалгааны зарим үр дүнгээс сонрхуулахад:
Дэлхийн 150 гаруй улсад бодлогын чиглэлтэй хөгжлийн санхүүгийн 527 байгууллага үйл ажиллагаа явуулж байгийн 510 нь Хөгжлийн банк байна.
Хөгжлийн банкууд улс орныхоо хөгжлийг дэмжиж, төсвөөс санхүүжүүлэх боломжгүй нийгэм, эдийн засгийн дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэхэд эх үүсвэр босгож, санхүүжүүлдэг, зах зээл дэх тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг ерөнхий хандлагатай.
Канадын бизнес хөгжлийн банкнаас 92 улсын 373 хөгжлийн байгууллагыг оролцуулан хийсэн судалгаагаар Хөгжлийн банкны зорилтот зах зээлийн
- 60%-ийг жижиг дунд үйлдвэрлэл
- 45%-ийг олон улсын худалдаа
- Орон сууц
- Дэд бүтэц
- Хөдөө аж ахуй
- Бичил гарааны бизнес гэсэн салбарууд орж байна.
Хөгжлийн банк амжилтгүй байсан олон улсын жишээ:
- Зээл олгох шийдвэрт улс төр оролцох буюу авлига, улс төрийн дарамт шахалтаар хувийн байгууллагад зээл олгох
- Муу засаглал, авлига буюу чанаргүй зээлийн багцтай болж, гадаад эх үүсвэрүүдийг төр төлөхөд хүрэх аюултай
- Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн багц үр ашиггүй байх буюу нийгмийн төсөлд зээл олгох
Цаашид Хөгжлийн банкуудын чиг үүрэг, стратеги засаглалыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, өөрийн орны нөхцөл, шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байна. Ихэнхи улсууд экспортоо дэмжсэн, хөгжил дутуу салбаруудаа, ялангуяа шинэ бизнес, ЖДҮ, технологийн старт апп г.м өсөлттэй салбаруудаа санхүүжүүлж, хөгжүүлэх хандлага ажиглагдаж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны эдийн засгийн оролцоо:
Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцийн сул талаа нөхөх, нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хамаарах хамаарлаас гарах нь макро эдийн засгийг эмзэг тогтворгүй байдлаас гаргах зорилт тул Хөгжлийн банк экспортыг дэмжих дэд бүтэц, төрөлжилтыг нэмэгдүүлэх салбаруудыг илүү онилж, зорилтот зах зээлээ болгох хэрэгцээ шаардлага байна.
Төсвийн хөрөнгөөр нэг дор санхүүжүүлэн хэрэгжүүлэх боломжгүй, хөгжлийн томоохон төслүүдийг ирээдүйд олох орлогоор нь төлүүлэх замаар шууд санхүүжүүлж хэрэгжүүлэх зорилгоор, улс орнуудын загвараар 2011 онд Хөгжлийн банкийг байгуулсан.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний
- 45% буюу 3.5 их наяд төгрөгийг 91 төсөл хөтөлбөрт шууд олгосон бол
- 22% буюу 1.6 их наяд төгрөгийг 17 хөтөлбөрийн 2548 дэд төсөлд дамжуулан
- 33% буюу 2.5 их наяд төгрөгийг улсын төсвөөр 355 төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн.
Энэ хугацаанд шинээр 232.0 сая ам.доллар, 420 сая юань, 488.0 тэрбум төгрөг босгож, Дорнод бүсийн эрчим хүчний систем төсөлд 420.0 юань, Газрын тос боловсруулах төсөлд 25.0 тэрбум төгрөг, Амгалан дулааны станцын өргөтгөлд 56.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн.
Хөгжлийн банкны эдгээр санхүүжилтийн үр дүнд
- Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,
- Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар нэмэгдүүлж
- Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 3.3 сая тонноор өсөж,
- Орон нутагт нийт 2,154 км
- Нийслэлд 123 км авто замын барилга, өртгөл, шинэчлэл хийгдсэн.
Хөгжлийн банкны стратеги
- Богино хугацааны стратеги
Нэн яаралтай санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарах.
- Балансаа цэвэрлэх
- Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл хүүгийн авлага байгааг Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд яаралтай барагдуулах
- Засгийн газар өөрөө хариуцах төрийн өмчийн 489 тэрбум төгрөгийн зээл байгна
- Нийслэлийн ЗДТГ-тай хамтран шийдэх 226.6 тэрбум төгрөгийн өр авлага байна.
- Төсвөөс (Засгийн газрын Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамд)шүүхийн шийдвэрээр Хөгжлийн банканд 168.2 тэрбум төгрөгийн зээлтэй байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6.3-т “Хөгжлийн банкны алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгө олгох эсэхийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс:
- Хөгжлийн банкны дүрмийн санг 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлсэн.
- Хүний нөөцийн чадавхиа сайжруулах
Төслийн санхүүжилт хийх мэргэжлийн ажиллагсдыг богино хугацаанд сургаж бэлтгэх шаардлага бий болсон.
- Хууль эрх зүйн шинэчлэл хийх
Хөгжлийн банкны үй ажиллагааны эрх зүйн орчинд шинэчлэл хийхээр хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан бөгөөд төслийн багц материалыг боловсруулан ЭЗХЯаманд хүргүүлээд байна.
Урт хугацааны стратеги
Хөгжлийн банк Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ямар үүрэг оролцоотой байгууллага байх, үндсэн зорилт нь юу байх, ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрх хэмжээ, хориглох, биелүүлж ажиллах шалгуур, шаардлага, хязгаарлалт нь ямар байх, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд үзүүлэх санхүүгийн ажил үйлчилгээг нь илүү өргөтгөж, экспортын болон худадааны санхүүжилтийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээ байхаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байна.
2030 он хүртэл ажиллах стратеги зорилго зорилт:
- Эдийн засгийг төрөлжүүлэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглүүлэх;
- Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх;
- Экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх;
- Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих;
- Хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан.
Ийнхүү шинэ стратегийн дагуу ажилласнаар 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байгаа Хөгжлийн банкны активын эзлэх дундаж хувь хэмжээ 2030 онд 12.8% болж өсөх буюу 4.8 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцооллыг гаргасан байна.
Хөгжлийн банк зорилтот зах зээл:
- Эрчим хүч (сэргээгдэх);
- Хөдөө аж ахуй;
- Байгаль орчин;
- Уул уурхай;
- Тээвэр, логистик;
- Боловсруулах үйлдвэрлэл гэсэн салбаруудыг дэмжих бодлого баримтлах бөгөөд санхүүжүүлэх төслийн судалгаагаа эхлүүлжээ.
Засгийн газартай хамтраад томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлж ажиллахаар суурь нөхцөлүүдээ бэлэн болгохоор ажиллаж байгаа аж.
Д.ТУЯА
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.191] 2025-01-07 06:53:20
Дампууруулахаар бэлдэж эхэллээ. АН-хан банк дампуурахдаа дадсан хулгайч нар шүү. а,ймгийн олон жил дампууруулсан,нөхср нь сонгуулийн хороонд байдаг гэж олон түмэн муу амтайгаас болоод сонгууль д үсэрсэн гэнэ. Намаасаа ажил нэхсээр байгаад энд очсон гэнэ. Хулгай хийвэл Гантөмар давхар хариуцлага хүлээ.
Уулын өвгөн [66.181.182.242] 2025-01-06 21:15:29
ХБ-ны уруудалт таны намын бодлогоор ёсалтанхояг э/з,хөгжлийн сайд батбаярын чинь үйл ажиллагааны тодорхойлолт нэмээд жёнко баттулгын чинь хувь оролцоо ч бас их уршиг авчирсаныг та бүү март.Харин чиний үүрэг энэбанкыг хэрхэн зөв замд нь яаж хурдан оруулах битгий зүгээр улстөржих гээд бгаарай одоо л чиний чадвар мэдлэг хүрэх эсэхийг харах л үлдлээ.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй намынхаа ах нарын балгыг үүрч дээ тавилан юм даа гэхээс
Зочин [202.9.40.124] 2025-01-06 20:17:52
MANAN юм да
Зочин [103.57.93.84] 2025-01-06 17:08:27
Албөтай юм шиг очоод суу амлаад байлгүй ажигтай ауиллахаа бодооч дээ
MEDNEE [202.21.107.15] 2025-01-06 16:39:32
2 namiun turshilaga ingej bank dapuuruulad ym bnlee , uuniig ene zahiral ch bas turshaad avah bolomj bg ym uu ?
Эрднээ [59.153.113.111] 2025-01-06 16:31:11
За бас яав. Саяхан л их сайн болсон гээд байсан. Чи баахан мөнгө тараахаар тохироод хаяагаа манаж эхлэж бна уу. Ийм донгодож эхэлсэний дараагаар банк дампуураад эхэлдэг шүү.
зочин [202.9.46.72] 2025-01-06 14:13:49
намин нэр хүндииг сонгуулиин үед унагсан балиар авгаи тэр даирч баигаагиин ээ