"Архангайн цагаан идээ" өргөтгөсөн худалдаа болж байна

Aдмин / Орон нутаг

Сар шинийн баярыг угтан Архангай аймгийн сумдын 80 гаруй малчны бараа, бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэхээр Тусгаар тогтнолын талбайд "Архангайн цагаан идээ" өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна.

Нийслэлийг зорьж ирсэн Арын сайхан хангай нутгийн малчид, саальчдын ашиг орлого жилээс жилд нэмэгдэж, иргэд ч Архангайн цагаан идээний үзэсгэлэнг хүлээдэг болсон байна.

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баяраас урьтаж, нийслэлийнхний гар дээр брэнд бүтээгдэхүүнээ хүргэхээр иржээ.Тэд уламжлал ёсоороо Тусгаар тогтнолын талбайд өчигдрөөс үзэсгэлэнгээ дэлгэж төвхнөсөн бөгөөд 14 хоногийн турш үргэлжлэх аж.

Энэ удаа Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Ихтамир, Эрдэнэбулган, Булган, Төвшрүүлэх, Хотонт зэрэг есөн сумын 80 гаруй саальчин, малчин өөрсдийн боловсруулсан 10 гаруй төрлийн сүү, цагаан идээгээ борлуулж байна. Архангайн аймгийн Өндөр-Улаан сумын “Азарга” багийн Ш.Данаасүрэн 10-аад нэр, төрлийн бүтээгдэхүүнтэй нийслэлийг зорин иржээ.

Сүүлийн жилүүдэд цагаан идээг зөвхөн дангаар нь боловсруулах бус байгалийн гаралтай жимс, жимсгэнэ, шоколадаар орцыг нь баяжуулж, хэлбэр дүрсэнд оруулан, өнгө үзэмжийг нь нэмэх болсон. Энэ нь худалдан авагчдын сонирхлыг татаж, брэнд бий болгоход хувь нэмэр оруулдаг байна. Яг л энэ жишгээр байгалийн гаралтай чацаргана, нэрс, аньс, шоколадаар баяжуулсан чихэртэй ааруул, бор арвайн гурил, шар тосыг хэвэнд оруулсан цайны бэлдэц тэргүүтнийг худалдан авагчид ихэд сонирхож байлаа.

Энэ үзэсгэлэнгийн онцлох байгалийн эко бүтээгдэхүүн нь шар сүүний ундаа нь ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн нэрмэл архи, жимсээр нэрсэн дарсыг иргэд ихэд сонирхож байв. Архангай аймаг дотроо Хотонтынхон айргаараа, Чулуутынхан сүүн ааруулаар, Өндөр-Улаан, Цахир, Ихтамир сумынхан аарцаараа алдартай.

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дунджаар 5000-7000 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, Сүүн ааруул 45000, аарцных 40000, аарц, 12000, өрөм 40000 төгрөгийн үнэтэй байв. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнгээр ааруул нэг кг нь дунджаар 25-35 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Бусад бүтээгдэхүүнийг танилцуулбал, монгол архи 10000, ээзгийтэй шар тос 30000, цөрөм 30000-35000, тавгийн багц идээ 400 мянга, мэхээртэй бор тос 35000, үзэмтэй хайлмаг 30000, шар тос 50000, шар сүүний чихэр 40000, шар сүүний ундаа 8000, айраг 10000 төгрөгийн ханштай худалдаалж байна.

"Архангайн цагаан идээ" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 10-наас 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Дашрамд дурдахад, сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/20 дугаартай тушаалын дагуу “Сар шинийн мэнд-2025”, “Амар байна уу-2025” цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаануудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Мөн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих хордлого, халдвараас сэргийлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

иргэн [103.57.93.143] 2025-02-12 11:33:16

Ааруулын гурилийг шалгадаг арга бий юу Идэхэд мэдэгдэх юм аа Ямар муухай юм бэ Амсаад гурилтай холимог ааруул битгий аваарай

Зочин [157.15.7.102] 2025-02-12 09:29:19

Гурилтай ааруулаа ачаад ирсэн үү, Арын сайхан хангайнхан.

зочин [122.201.26.218] 2025-02-12 09:10:37

арай дэндүү үнэтэй байнаа. Дуртай үнээ хэлээд зогсож байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.