Владимир Зеленский: Бид үүнийг хийхэд бэлэн байна

Aдмин / Гадаад мэдээ

Саудын Арабын Жидда хотод болсон Америк, Украины төлөөлөгчдийн найман цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээний дараа талууд хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “Эхний ээлжинд фронтын шугамын дагуу 30 хоногийн хугацаанд гал зогсоож, Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийг нэн даруй сэргээхээр тохиролцсон” гэж онцолжээ. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн Telegram сувагтаа “АНУ-ын 30 хоногийн хугацаатай гал зогсоох тухай саналыг хүлээн авахад Украин бэлэн байгааг илэрхийлсэн бөгөөд хэрэв Орос хүлээн зөвшөөрч, нэгэн зэрэг хэрэгжүүлбэл талууд харилцан тохиролцсоны дагуу энэ хугацааг сунгах болно. Төлөөлөгчид Киев, Москва хоёрын хооронд олзлогдогсдыг солилцох, албадан гаргасан Украины хүүхдүүдийг эргүүлэн авах асуудлыг хэлэлцсэн. АНУ эдгээр тодорхой саналыг Оросын төлөөлөгчидтэй хэлэлцэн тохиролцохоор болсон” гэж бичжээ. Мөн энэхүү хэлэлцээний дараа талууд Украины ашигт малтмалын нөөцийг хамтран ашиглах хэлэлцээрийг аль болох хурдан байгуулахаар тохиролцжээ.

Энэхүү уулзалтын өмнө Владимир Зеленский, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар “Саудын Араб дайны дараа Украины сэргээн босголтод хөрөнгө оруулах болно” гэж мэдэгдсэн нь судлаачдад гал зогсох тохиролцоонд хүрэх юм байна гэсэн урьдчилсан дохио болсон билээ. Энэхүү хэлэлцээнд зуучлагчаар оролцсон Саудын Арабын ерөнхий сайд Кэйвелком АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн "Бөмбөг Оросын талбайд очсон" гэсэн хэллэгийг давтаад "Одоо Орос улс гал зогсоож, дайсагналыг төгсгөл болгохыг зөвшөөрөх ёстой" гэжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский "Украин энэ саналыг нааштай алхам хэмээн хүлээн авч, бид үүнийг хийхэд бэлэн байна. АНУ Оросыг үүнд итгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэв оросууд бидэнтэй адил зөвшөөрвөл дайн зогсох болно" гэж мэдэгдэв. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Европын Холбоо 30 хоногийн хугацаанд гал зогсоох санал болон Украинд цэргийн хангамж, тагнуулын мэдээлэл солилцох ажлыг сэргээх Вашингтоны шийдвэрийг сайшааж байна. Энэхүү хэлэлцээ нь Украины хувьд иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоох алхам болж чадах эерэг үйл явдал боллоо" гэжээ. Харин Европын Холбооны Зөвлөлийн дарга Антонио Коста “Бид удахгүй болох энхийн хэлэлцээнд түншүүдтэйгээ хамтран оролцоход бэлэн байна" гэж мэдэгдэв. Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседа "Украин шударга, мөнхийн энх тайвны төлөө байгаагаа дахин батлан харууллаа.

Энэ нь Украины энх тайвны төлөөх эгзэгтэй үе тул одоо бид бүгдээрээ аль болох хурдан тогтвортой, найдвартай энх тайван тогтоох хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй" гэж хэлжээ. Их Британийн ерөнхий сайд Стармер “Одоо Орос гал зогсоож, дайсагналаа төгсгөхийг зөвшөөрөх ёстой. Ирэх амралтын өдрүүдэд Европын удирдагчдыг цуглуулж, бид дараагийн алхмуудаа хэлэлцэн тохиролцох болно” гэж мэдэгдэв. Ийнхүү В.Путин “Бид эзлэн авсан Украины газар нутгаа буцаан өгөлгүй гал зогсоож чадлаа. Би Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн амлалтандаа хүрлээ. Бид яллаа” хэмээн иргэддээ мэдэгдэж “нэр цэвэр” үлдэж суудлаа өгөх боломжтой болов. Учир нь энэхүү хэлэлцээний үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар 30 орчим улсын Армийн ерөнхий штабын дарга нар Парист цугларч, Украины аюулгүй байдлын найдвартай баталгааг хангах тодорхой төлөвлөгөө баталсан. Энэ нь Украин НАТО-д элсэх шаардлагагүй болсон гэсэн үг. Хамгийн гол нь ОХУ-ын Сангийн яамны урьдчилсан тооцоогоор энэ оны эхний хоёр сарын холбооны төсвийн алдагдал 2.7 их наяд рубль буюу ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэж байна. Газрын тос, байгалийн хийн орлого 1.56 их наяд рубль болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.7 хувиар бага болжээ. Харин төсвийн зарлага 30.6 хувиар нэмэгдэж, найман их наяд рубль болсон гэжээ. Энэ албан мэдээ бол мэдээж хэргээр багасган мэдээлж байгаа албан ёсны тоо. Гэсэн ч мужийн амбан захирагчид шинэ хөлсний цэрэгт төлөх мөнгөгүй болж, хөлсний цэргийн цалин нь худалдан авах чадваргүй болж буйг харуулж байгаа тоо. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь дефолт болж, мөнгөгүй болохоор арми нь ялагдаж, арми нь ялагдахаар дэглэм нь солигддог Оросын түүх давтагдах гэж байна гэсэн үг.

Тухайлбал, АНУ, Украины хэлэлцээний үеэр Оросын арми өөрийн Курск мужийг чөлөөлөх гэж бүх хүчээ шавхсан ч ядаж л Украины цэргийг бүслэн авч чадсангүй. Энэ нь эсрэгээрээ Оросын арми ямар чадваргүй байгааг олон улсад батлан харуулсан явдал болов. Харин Кремлийн суртал ухуулагчид фронтын шугамгүй газарт “Бид тийм сууринг эзлэн авч, ялж байна” хэмээн худал сурталдаж, үүндээ гадаадад байгаа хөлсний бүх троллуудаа татан оруулж, тэднийгээ бүгдийг нь илчилж орхив. Чухамхүү иймээс л энэхүү хэлэлцээний дараа Москвад ерөнхийлөгч Трампын Украины асуудал хариуцсан тусгай элч бус, харин Путины залгамжлагч гэгдэх болсон, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевийн хуучны анд, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч, Трампын охины хадам эцэг Стив Уиткофф очиж байгаа хэрэг. Маш товчоор энэхүү хэлэлцээр Путинд өөрийн аюулгүй байдлаар барьцаалан суудлаа өгч амиа авч гарах, Трампын хувьд нэр төрөө сэргээх алтан боломж гаргаж өгөв. Гэхдээ Оросын ухаантай болгон “Украинд дайн дэгдээвэл эдийн засаг сүйрч, арми ялагдаж, ОХУ задарна” гэж сануулсаар байхад Путин юу хийсэн билээ гэдгийг санахад илүүдэхгүй. Харин удахгүй асуудал хаашаа эргэх нь тодорхой болно.

Бэлтгэсэн

Г.Амарсанаа


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.47] 2025-03-13 15:58:48

00ppp

Зочин [202.9.46.47] 2025-03-13 15:57:56

9wwlwl Wlw 4

Зочин [203.23.199.104] 2025-03-13 15:56:18

улаан армийн хуурмаг буултад хулхидулах вий

Зочин [202.126.88.123] 2025-03-13 14:26:36

хэсэг зуур амарч хүчээ аваад довтолгоогоо эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа боловуу. Орсууд бүх техник хүн хүчээ шавхчихсан байгаа. Дахиж эхлэх нөхцөлд украйн улам хүчирхэгжсэн байх нь тодорхой. АНУ-ийн өгөх ёстой цэргийн тусламж дээр нь хүн хүчний нөөц нэмэгдэх учир энэ бүхнийг орсууд тооцож байж хариугаа өгөх болвуу. Ямар ч нөхцөлд ширүүхэн дайн үргэлжилнэдээ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.