Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид “Алтан цом”-ын эзэд боллоо

Aдмин / Эдийн засаг

“Эрч хүч - Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотноо дөрвөн өдөр үргэлжилсэн Уурхайчдын спортын их наадам өндөрлөж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид илт давуу амжилт үзүүлэн, “Алтан цом”-ын эздээр тодорлоо.

No photo description available.

Уухайн түрлэгтэй, амжилт бахархал, нөхөрлөлийн наадмын хаалтын үйл ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэг, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана, “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Оёдлын цехийн дөрга Ж.Мөнх-Оргил, Дулааны цахилгаан станцын дарга Г. Мөнх-Эрдэнэ нарын хүндэт зочид оролцож, шилдгүүдэд шагнал гардуулав.

Уурхайчдын спортын их наадмын хөл бөмбөгийн тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баг тамирчид алт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн мөнгө, “Оюу толгой” ХХК-ийн баг тамирчид хүрэл медаль хүртэж, мөнгөн шагнал цом гардлаа. Харин волейболын төрөлд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус, бүсгүйчүүд аваргалж, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, Болдтөмөр Ерөө гол ХХК, эмэгтэйчүүдэд Оюу толгой, Энержи Ресурс ХХК-ийн багууд удаалсан юм. Сагсан бөмбөгийн тэмцээнд мөн Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид нэгдүгээр байр эзэлж, алтан медалиар энгэрээ гоёсон бол “Эрдэнэс Тавантолгой” ХК, "Бласт" ХХК болон эмэгтэйчүүдээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

May be an image of 9 people and text

Спортын их наадмын тэгш тоглогчоор “Оюу толгой” ХХК-ийн волейболын тамирчин Б.Эрдэнэ-Отгон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тамирчин Б.Билгүүн нар тодорсон бол MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Эрдэнэт үйлдвэрийн хөл бөмбөгийн тамирчин Д.Энхтөр, волейболын тамирчин Б.Бямбабаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Уянга, “Энержи ресурс” ХХК-ийн волейболын тамирчин О.Цэрмаабуу, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сагсан бөмбөгийн тамирчин А.Сумъяа нар шалгарч, Уул уурхайн салбарын Тэргүүний ажилтан цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм.

May be an image of 12 people and text

Зохион байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит Шилдэг шүүгчийн шагналыг Монголын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлтэй шүүгч Ө.Сэдэд хүртэв.

Шагнал гардуулах ёслолын төгсгөлд Уурхайчдын спортын их наадмын Хүндэт тугийг залж, ирэх жилийн наадмыг зохион байгуулах эрхийн хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүндэтгэлтэйгээр шилжүүлснээр хаалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр өндөрлөлөө.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Т.БАТМӨНХ: Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчид маань үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээс гадна спортын талбарт ч үргэлж манлайлагч байдгаа энэ удаа дахин батлан харууллаа. Уурхайчдын их наадмын спортын долоон тэмцээний нийт 11 төрлөөс аравт нь алтан медаль хүртэж, багийн дүнгээр хол тасархай түрүүлж, “Алтан цом”-ын эзэд болсон Эрдэнэт үйлдвэрийн баг, тамирчдадаа Уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэе!

Аливаа амжилтын гол үндэс нь сахилга бат, дэг журам, зохион байгуулалт байдаг. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус маань спортын тэмцээн уралдаанд цаг ямагт бэлэн байж, эв нэгдэлтэй, эрч хүчтэй, дэг журамтай, том зорилготой оролцдог, санасандаа хүрдэг гэдгээ харуулж чадлаа.

May be an image of 5 people and text

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зохион байгуулах ирэх жилийн наадам хол биш, ойрхон байна. Та бүхэндээ дахин баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000