Клиентелизм ба Какистокраси

Aдмин / Улстөр

Улстөрийн клиентелизм (political clientelism) буюу патронаж (patronage) систем гэж нэрлэгддэг сүүдрийн ёс бус сүлжээ Монгол улсад 2020 оноос хойш маш эрчимтэй угсрагдаж, эдүгээ системийн шинжтэй болжээ.

Tөр засгийг болон улсын нийтийн байгууллага, албан тушаал, ажлын байр, эрх мэдэл болон санхүү, ажил үйлчилгээний гэрээ, лиценз, зөвшөөрөл, халамжийг хүртэл гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг ус, нам бүлэг гэх мэт танил тал, хувийн холбоо сүлбээгээр харилцан ашигтайгаар хуваарилах, олж авах, гартаа оруулах, хувийн ашиг сонирхолдоо захируулах, захиран зарцуулах зохион байгуулалтын хэлбэр, шимэгч сүлжээ. Албан тушаал, эрх мэдлээ хувийн мэт үзэж, хувийн эрх ашигт захируулдаг учир хяналтад нь буй байгууллага, ажил, үйлчилгээ нь ч хувийн мэт болж хувирах.

Клиентелизм нь 1) эрх чөлөө, тэгш эрх, тэгш боломж, ардчилал, хүний эрх, нээлттэй нийгэм, шударга ёс (justice), хуулийн засаглал, төдийгүй 2) мэдлэг чадвар, хөгжил дэвшил, шинэчлэлт тэр бүү хэл 3) үндэсний болон байгууллагын эв нэгдэл зэрэг бүх зүйлд харш, төдийгүй тэдгээрийг бүгдийг нь үгүйсгэгч, сүйтгэгч, сүйрүүлэгч. Мөн чанараараа шударга бус учир эв нэгдлийн дайсан. Нийтийн эрх ашиг, нийтийн хэрэг, бүгд найрамдах байгууллын дайсан.

Мөн чанар, үр үндсээрээ муу, муугийн үйл учир муугийн засаглалд (kakistorcracy) хүргэдэг, сайн сайхныг гутаадаг, сайн сайхны төлөөх тэмүүллийг устгадаг, муу муухайг үржүүлдэг, хөхүүлдэг, байгууллага, улс орныг сүйрүүлдэг тахал.

Нэгэнт төрийн буюу нийтийн албаны тахал, шимэгч учир төрийн албаар дамжин улс үндэстнийг бүхэлд нь хэрж, бүх нийгмийг хамарч хууль/албан ёсны системийг орлож хууль/албан ёсны системийг хоосон гадаргуу фасад болгох.

Судлаачид клиентелизмыг явцуу бүлэглэл, эрх ашиг улс орны төр засаг, төрийн алба, үүргийг гартаа оруулан эзэгнэж, төр засаг, төрийн албыг хувьдаа баяжих, хөлжих (rent-seeking) хэрэгсэл болгон хувиргаж төр, төрийн албаны утга учир, мөн чанарыг ч хувиргаж улс үндэстнийг колоничлох, дарлах, мөлжих хэрэгсэл болгодог ч гэж үздэг.

Орчин үеийн нийгэмд ийм харилцаа, сүлжээ үүсэх үндсэн эх сурвалж нь найдваргүй байдал (insecurity) бөгөөд харилцааны зорилго нь мэдлэг, чадвар буюу меритийн шалгуураар хамгийн мериттэйд нь очих ёстой албан тушаал, эрх мэдэл гэх мэт зүйлс танил, тал, хувийн харилцаагаар мэдлэггүй, чадваргүй буюу меритгүй этгээдэд хуваарилагдах явдал. Клиентелизм нь харилцан ашигтай байх зарчмаар явагддаг, байнгын, тогтвортой, төрийн албаны системийн шинжтэй түншлэлийн буюу, гэхдээ тэгш бус түншлэлийн тогтолцоо, эзэн (patron) албатын (client) сүлжээ.

Клиентелизм төрийн албаны тогтолцоог даган түүний сүүдэр мэт үүсдэг ч хэрэг дээрээ төрийн албыг клиентелизмын сүлжээ болгон хувиргаж, төрийн албыг сүүдэр болгон хувиргадаг. Төрийн алба, түүний утга учир клиентелизмын албан дугтуй, гадаргуу фасад, хөсөг нь, харин клиентелизм нь жинхэнэ эрх мэдэл, мөн чанар нь болдог гэсэн үг.

Харилцааны нэг талд патрон буюу ивээгч эзэн, нөгөө талд шадар, түнш, албат байдаг. Нэгэнт харилцаа төрийн алба, эрх мэдэл дагаж үүсдэг учир эрх мэдэл, төрийн албаны шат дамжлага пирамидын ижил олон шат дамжлагатай, салбар, сүлжээтэй байдаг. Тиймээс эзэн (patron), шадар (sub-patron), брокер, албат, эцэст нь нийгмийн олонх болох албат бусууд (non-client) буюу энэ сүлжээнд ороогүй энгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зэрэг байх.

Эрх мэдэл, албан тушаал гэх мэт аливаа үр шимийг хүртэхийн тулд түнш буюу албат (client) иргэн хүний бие даасан байдлаа (autonomy) орхиж, гээж эзний үнэнч албат болж түүний тушаал, даалгаврыг үнэнчээр биелүүлэх үүрэг хүлээдэг бол эзэн нь түүнийг өөрийн албат боол мэт захирах, тушаал, даалгавар өгөх эрхтэй болдог.

Харин эзэн нь албатдаа ивээл (patronage), хамгаалал (protection) үзүүлдэг. Ивээл нь албан тушаал, эрх мэдэл, ажлын байр, лиценз, гэрээ, зээл, гааль, татварын хөнгөлөлт, эсвэл төрийн халамж, үйлчилгээ гэх зэрэг байх бол хамгаалалт нь “арыг нь даах”.

Албат албан тушаал, эрх мэдэл болон өөртөө хуваарилагдсан зүйлээ ашиглан хувиа болгохын дээр эзэндээ санхүүгийн болон улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Төрийн албаны өвчин боловч хувийн секторыг хамардаг бөгөөд түнш-албат компани, аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн лиценз, тусгай зөвшөөрөл, гэрээт ажил, үйлчилгээ авдаг бөгөөд Монголын хувьд төрийн албаны этгээдүүд өөрсдийн хувийн түнш-албат компани, аж ахуйн нэгжүүдийг байгуулдаг, тэдгээрээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулах нь түгээмэл мэт. Төр, хувийн зааг ялгаа устаж үндсэндээ төрийн алба нь хувийн хөрөнгөжих эх сурвалж болдог гэсэн үг.

Хууль, ёс, зүйгээс гадуур учир мөн чанараараа хууль бус, ёс бус, зүй бус хувийн харилцаа. Төрийн албаны хувьд тэнцсэнд нь очих ёстой албан тушаал, эрх мэдэл үл тэнцэхэд очиж байгаа учир мөн чанараараа шударга бус (unjust), тиймээс гэмийн хамын харилцаа.

Төрийн эрх мэдлийн албан тогтолцооны шатлалыг дагаж оршдог учир, гэхдээ хууль/ёс бус хувийн, шударга бусын, гэмт харилцаа учир мөн чанараараа тэгш бус харилцаа. Тиймээс эзэн албатын эсвэл эзэн боолын харилцаа гэж болно. Нэгэнт хууль бус, ёс бус, зүй бус, хувийн, гэмийн харилцан ашигтай хамын харилцаа учир патрон буюу эзнээ шадар, брокерүүд нь барьцаалах нь ч бий. Мөн бүлэглэл сүлжээний эзэн нь заавал төрийн өндөр албан тушаалтан байх ч албагүй, ямар нэгэн нууц ноён байж болдог.

Нэгэнт уг харилцаа хууль ёсны гадуур хувийн эрх ашгийн үүднээс үүссэн эрх мэдлийн харилцаа, сүлжээ учир харилцан бие биедээ үнэнч байх явдал (personal loyalty) хамгийн гол зарчим нь болдог. Тийм ч учир энэ харилцаа нь тэгш эрхт, эрх чөлөөт, бие даасан иргэдийн, харилцан хүндэтгэл, авьяас билиг, мэдлэг, чадвар, гавьяа зүтгэл, ололт амжилт дээр суурилсан нээлттэй, чөлөөтэй харилцааны яг эсрэг нь, тиймээс ч тэрхүү бүлэглэл амьгүй буюу өөрийн үзэл бодолгүй мэт албатуудаас бүрдсэн хүн сүрэг мэт санагдаж буй хэрэг.

Эрх чөлөө, тэгш эрхийг ч, тэгш эрхт иргэний нээлттэй нийгмийг ч мөн чанараар нь үгүйсгэдэг, хоосолдог, нэг ёсны эзэн боолын ёс. Тиймээс ч эрдэмтэд клиентелизмыг феодалын харилцаатай зүйрлэдэг.

Гэхдээ төрийн албаны сүүдэрт оршдог учир төрийн албыг хуваад хувийн болгоод авчхаж чаддаггүй, түүний орших утга учрыг (raison d'être) бүрмөсөн устгах боломжгүй зөвхөн албан ёсны фасад дор нь, албан ёсны утга учрынх нь дор оршдог учир төрийн алба төрийн алба мэт хэвээр байдаг учир судлаачид клиентелизмыг патримониализм, пребендализм гэж үздэг.

Патримониализм (patrimonialism) гэдэг нь төрийн албыг ч, улс орныг ч эрх баригч нь бүхэлд нь өөрийн өмч мэт үзэх, пребендализм (prebendalism) нь албан хаагчид өөр өөрсдийн албан тушаал, эрх мэдлийг хувийн мэт үзэх, тэдгээр албан тушаал, эрх мэдлийн дор байгаа байгууллага, өмчийг өөрийн өмч, идэх ёстой зүйл мэт үзэхийг хэлдэг ойлголтууд. Дундад зууны үеийн ёс, феодализмын төрөл зүйл гэж хэлж болно.

Энэ тогтолцоо нь какистокраси буюу муугийн засаглалд хүргэдэг төдийгүй төрийн буюу нийтийн эрх мэдэл, албан тушаал, нийтийн алба, байгууллага, нийтийн хэрэг, нийтийн чиглэл зорилгыг хувийн эрх ашигт захируулдаг, нийтийн хөрөнгө, мөнгийг сорон мөлждөг учир улс орныг ч дампууруулдаг.

Чухам хамгийн сайнд нь очих ёстой зүйл мууд очдог төдийгүй нийтийн тусын тулд байх ёстой зүйл хувийн эрх ашигт захирагддаг учир, улмаар энэ нь төрийн албыг хамарсан сүлжээ болж хувирдаг учир мөн чанараараа какистокраси буюу муугийн засаглал руу хөтөлдөг өөрийн зүй тогтолтой, логиктой юм. Хэрээ хэрээнийхээ зүг нисдэг гэдэг зүй тогтол. Монголчууд түрүүний бөөс тархинд гарлаа гэж халаглах нь их болсон харагддаг. Харин түрүүний бөөс тархинд гарахаар тархи түрий болдог гэдгийг тэр бүр ойлгодог эсэхийг бүү мэд.

Учир нь энэ тогтолцоо нь муугийн засаглалыг бий болгодог төдийгүй сайныг гутаадаг, зайлуулдаг, саарыг үржүүлдэг тогтолцоо. Нэгэнт мэдлэг, чадвар, туршлагагүй этгээдүүд эрх мэдэл, албан тушаалыг авдаг учир мэдлэг чадвартай хүмүүс тэдний хувьд шууд аюул заналхийлэл болж хувирдаг. Тиймээс тэд өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд өөрсдөөсөө илүү мэдлэг чадвартай этгээдүүдийг, хувийн сонирхолд нь эс үйлчлэх этгээдүүдийн хамт шахан зайлуулдаг. Өөрсдийнх нь эрх мэдэл, байр суурьд аюул болохгүй, хүлцэнгүй дуулгавартай этгээдүүдийг үлдээдэг.

Улмаар угаас албан тушаал, эрх мэдэл, байгууллагыг хувийн эрх ашиг, сонирхолдоо ашиглах зорилготой учир түүндээ үйлчлэх, зүтгэх гар хөлүүд болон мөн өөрсдийнх нь эрх мэдэл, байр суурьд аюул болохгүй дуулгавартай этгээдүүдээр байгууллагыг дүүргэдэг. Үүний улмаас төрийн, нийтийн албаны мөн чанар өөрчлөгдөж, бүхэлдээ шимэгчдийн байгууламж болон хувирдаг төдийгүй муугийн, болон тэдэнд боломж олгодог (enabler) дуулгавартай, хүлцэнгүйчүүдийн цуглуулга болдог. Тиймээс шимэгч, мөлжигч төдийгүй, муу шийдвэр, муу бодлого, муу засаглал явагддаг.

Доктор. Л.МӨНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.