Аргентин Улс Рафаэль Гроссиг НҮБ-ын ЕНБДаргад нэр дэвшүүлжээ
Аргентин Улс Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн Ерөнхий захирал Рафаэль Гроссиг 2027-2031 оны НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ.
Аргентин Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Гросси нь “мөргөлдөөн, олон улсын ноцтой хямралын үед улс төрийн хэлэлцээ, эв зүйг дэмжих чадвартай” тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тохиромжтой нэр дэвшигч гэжээ.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл болон Ерөнхий ассамблей өнгөрсөн Лхагва гаригт шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцыг эхлүүлэх хамтарсан захидлыг нийтэлсэн юм. Сонгууль 2026 оны долдугаар сард болох төлөвтэй.
Нэр дэвшигчийг гишүүн орнууд санал болгох ингэхдээ нэг улс зөвхөн нэг нэр дэвшигчийг санал болгож болно. Нэр дэвшигчид байгууллагын хөгжлийн талаарх үзэл бодлоо танилцуулж, орлогын эх үүсвэрээ ил тод мэдэгдэх ёстой. Мөн НҮБ-ын байгууллагад ажиллаж байгаа бол сонгуулийн хугацаанд үүрэгт ажлаа түр зогсоох шаардлагатай.
Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн бүрэн эрх 2026 оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Одоогоор Гросси болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан нар нэр дэвшихээ илэрхийлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүй байдлын зөвлөл сонгож, Ерөнхий ассамблейн баталснаар таван жилийн хугацаагаар томилдог бөгөөд дахин сонгогдох боломжтой. Томилгооны тоо хязгаарлагдахгүй ч хамгийн удаан ажилласан нарийн бичгийн дарга нар 10 жил ажиллаж байжээ. Одоогийн практикийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга нь Аюулгүй байдлын зөвлөлийн таван байнгын гишүүн улсаас байх ёсгүй юм.
Н.Отгончимэг
































































Сэтгэгдэл