Орос, АНУ, Украин гурван талт хэлэлцээ эхний өдрөө хаалттай горимоор явагджээ

Aдмин / Гадаад мэдээ

Абу-Даби хотод хоёрдугаар сарын 4-ний лхагва гарагт Орос, АНУ, Украин гурван талт хэлэлцээний эхний өдөр өндөрлөв. Энэ хэлэлцээ нь Оросын Украинд явуулж буй дайныг зогсоох зорилготой бөгөөд зөвлөлдөх уулзалтууд хоёрдугаар сарын 5-нд үргэлжилнэ.

Украины нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан Axios хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэлцүүлгийг “үр дүнтэй” болсон гэж үнэлжээ. Хэлэлцээ хаалттай горимоор явагдаж байна.

Оросын төлөөлөгчдийг Жанжин штабын Ерөнхий газрын дарга, адмирал Игорь Костюков ахалж байгаа бол Украины төлөөлөгчдийг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүлж байгаа аж.

АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, АНУ-ын армийн сайд Дэниел Дрисколл нар оролцож буй юм байна.

Politico хэвлэл украин болон америк албан тушаалтнуудаас иш татан мэдээлснээр хэлэлцээний гол сэдэв нь газар нутгийн асуудал ажээ.

Донбассын асуудлаарх санал зөрөлдөөн

Москва болон Киевийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 23, 24-нд Абу-Дабид АНУ-аас дэвшүүлсэн дайныг зогсоох төлөвлөгөөний хүрээнд анх удаа шууд хэлэлцээ хийсэн.

Хэлэлцээний эх сурвалжуудын мэдээлснээр, талууд хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн ч газар нутгийн асуудлаар санал нэгдээгүй хэвээр байгаа аж.

Эхний шатны хэлэлцээний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Донбассын асуудал л шийдэгдээгүй үлдсэн гол асуудал болохыг баталжээ. Орос улс Украин цэргээ Донбассаас татахыг шаардсан бол Киев энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Донбасс нь Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэг боловч одоогоор зарим хэсэг нь Оросын цэргийн хяналтад буй. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский газар нутгийн асуудлыг зөвхөн өөрөө биечлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсанаар шийдэх боломжтой гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.