М.Даваасамбуу: Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 70 орчим хувь нь илрээгүй хэвээр байнаТендерийн

Aдмин / Хууль

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.


-Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Саяхан Тайландын Бангкок хотын цагдаа нар хар тамхи хилээр гаргахыг завдсан гурван монгол иргэнийг саатуулсан талаар мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдаалах хэлбэрүүд нь техник, технологийн хөгжилтэй уялдан хурдацтай өөрчлөгдөж, хар тамхины хэрэглээ нийгмийн бүхий л давхаргад нэмэгдэх хандлагатай байна. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2025 оны мэдээллээр дэлхий дахинд жилд дунджаар 500 мянга орчим хар тамхитай холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж, 1200 тонн мансууруулах бодис хураагддаг байна. АНУ-д жилд 100 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдэж, опиоидын хямрал үндэсний хэмжээнд онц байдал зарлах хэмжээнд хүрсэн бол Европын бүс нутагт кокаин болон синтетик мансууруулах бодисын нийлүүлэлт эрс нэмэгдэж, үнэ нь АНУ-аас 50-100 хувиар өндөр байна. Зүүн өмнөд Ази нь дэлхийн опиоидын томоохон зах зээл хэвээр байгаа. Дэлхийн нийт хэрэглэгчдийн тал хувь буюу 30 гаруй сая хүн энэ бүсэд ногдож байгаа нь Монгол Улсад хар тамхины эрсдэл нэмэгдэх суурь нөхцөл болж байна. Интерполын мэдээллээр хар тамхитай холбоотой 17 этгээд олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа. Харин Монгол Улсад гадаадын 10 иргэн, гадаад улсад Монгол Улсын 47 иргэн ял эдэлж байна. Сүүлийн есөн жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2000 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 0.64 хувийг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэлд, 16.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Мөн энэ хугацаанд 1976 зөрчилд 2000 орчим холбогдогчийг шалган шийдвэрлэж, 1297 иргэнийг баривчилж, 625 иргэнийг торгож, 54 иргэнийг сургалтад хамруулсан байна. Цаашид албадан эмчилгээнд хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, Тайландын Бангкок хотын цагдаа нар хууль бус барааг шуудангаар илгээх зорилготой байсан гурван монгол иргэнийг саатуулсан. Тус улсын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд хотын Шинэ Петчабури гудамжинд байрладаг тээврийн компанийн хүлээн авах танхимд нэгэн сэжигтэй бараа илрүүлсэн. Хууль сахиулагчид сэжигтэй илгээмжийг шалгахад ойролцоогоор 150 грамм мөс нуусан болохыг илрүүлсэн. Гэмт этгээдүүд мансууруулах бодисыг гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд түгээмэл ашиглагддаг конденсатор дотор нуусан болохыг тогтоосон байна. Тус илгээмжийг хүлээн авах хаягт Монгол гэж байсан тул мөрдөгчид илүү өргөн хүрээнд шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар цагдаагийнхан энэ хэрэгт 46 настай монгол эрэгтэйг сэжиглэсэн. Хууль сахиулагчид түүнийг илгээмж явуулахдаа өөр иргэдийн гадаад паспорт ашигладаг, баригдахаас сэргийлэн байршлаа тогтмол сольдог болохыг тогтоосон талаар мэдээлэл байна. Ингээд хоёрдугаар сарын 2-нд буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Сой Сукхумвит 36 дугаар гудамжинд байдаг зочид буудлын өрөөнд өөр хоёр монгол иргэний хамт саатуулжээ. Буудлын өрөөнд нэгжлэг хийхэд 244 грамм мөс, мөн мансууруулах бодисыг хууль бусаар хилээр гаргахад ашигладаг байж болзошгүй электрон эд анги илрүүлжээ.

Одоогоор хэрэгт холбогдсон гурван иргэнийг баривчилж, цагдан хорьсон байна. Тэднийг өөр хүмүүстэй хамтарсан эсэхийг тогтоохоор хууль сахиулагчид шалгаж байгаа. Сэжигтнүүдийг Тайландын Мансууруулах бодисын тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаар хар тамхи үйлдвэрлэсэн, түгээсэн, хадгалсан хэргээр яллаж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт таван жил хүртэлх хугацаагаар хорих, 1.5 сая тайланд бат хүртэлх мөнгөн торгууль оноодог.

-Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон үед манай улсад ял шийтгэл нь ямар байдаг вэ?

-Манай улсад Эрүүгийн хуулийн 20.7-д энэ төрлийн гэмт хэргийг зохицуулсан байдаг. 20.7 дугаар зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, эсвэл хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг. Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг. 2025 оны статистик мэдээллээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 307 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 20.8 хувиар, яллагдагчийн тоо 15.8 хувиар өссөн байна. Зөрчлийн тоо 420-д хүрч, 23.1 хувиар, холбогдогчдын тоо 26.7 хувиар нэмэгдсэн бөгөөд 241 иргэнийг баривчилж, 137 иргэнийг торгож, 16 иргэнийг сургалтад хамруулсан байна.

Мөн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг сүүлийн есөн жилийн нөхцөл байдал гэвэл БНХАУ-30, БНТУ-29, Их Британи-долоо, Тайланд-дөрөв гэх мэт 13 улсаас 89 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрийн 50 орчим хувь нь шуудан, илгээмжээр дамжин орж ирж байна. Мөн агаар, газраар дамжиж орж ирж байна.

-Далд хэрэглэгчийн асуудал нэлээд хөндөгддөг. Энэ тухайд манай улсад ямар байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 15–64 насны 100.000 хүн тутамд дунджаар 2.700 хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан. Манай улсын энэ насны хүн амыг тооцвол 60 мянгаас дээш бодит хэрэглэгч байж болзошгүй. Эдгээрийн тал орчим нь далд хэрэглэгч гэж үзэж байна. Судалгаагаар илэрсэн нэг хэрэглэгч тутамд 4–6 далд хэрэглэгч байдаг. Хар тамхитай холбоотой гэмт хэргийн 70 орчим хувь нь илрээгүй хэвээр байна. Үүнтэй холбогдуулан Хар тамхитай тэмцэх алба болон өргөжсөнөөс хойш 2025 оны долдугаар сарын 23-наас өнөөдрийг хүртэл 220 гэмт хэрэг илрүүлж, 212 холбогдогчийг шалган, 93 мянган хүн нэг удаа хэрэглэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоосон. “Устгал”, “Тархацын хяналт”, “Суваг-2”, “Илэрц” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж, 30 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр 196 төрлийн мэдээллийг бэлтгэн, давхардсан тоогоор 10 сая гаруй иргэнд хүргэжээ.

-Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрын бүтцийг өргөжүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/121 дүгээр тушаалаар Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн А/396 дугаар тушаалаар “Хар тамхитай тэмцэх алба”-ыг байгуулсан. Ингэснээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, дотоод болон гадаад хамтын ажиллагааг илүү шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажил мэдээж үргэлжилнэ. Мөн хүн амын эмчилгээнд хэрэглэдэг эмийг зориулалтын бусаар хэрэглэж мансуурах тохиолдлыг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч хяналт тогтоох хэрэгтэй. Улсын хэмжээнд далд хэрэглэгч, донтогчдыг тодорхойлох чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгаа хийх, олсны ургамал ургадаг 11 аймгийн 5000 орчим га талбайн тархацыг хумих, устгах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа алба хаагчдыг чадавхжуулах, цаашлаад гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд анхаарна. Ер нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь зөвхөн хууль зөрчлийн асуудал биш. Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийн хамгаалалтын асуудал юм. Тийм учраас төр, иргэн, гэр бүл, нийгмийн бүх түвшинд хариуцлагатайгаар тэмцэх шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.Балгармаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.