Ч.Түвшин: “Гарын таван хуруу” киноны Шагдар бидэнд хичээл орсон өдрөөс хойш дүр, уран бүтээлч хоёр тэс өөр гэдгийг анх удаа харж билээ

Aдмин / Энтертайнмент

"Гарын таван хуруу" киноны Шагдарын дүрээр олноо танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин, найруулагч, багш Л.Лхасүрэн агсны талаар түүний шавь нарын нэг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшинтэй ярилцлаа.


Ч.Түвшин: Өөр онцлогтой байгууллагуудыг нэг хашаанд байлгамааргүй байна

-Таны багш бол яалт ч үгүй Шагдарын дүрээр олноо танигдсан. Тийм учраас та багшийнхаа талаар дурсан ярихгүй юу?

-"Гарын таван хуруу" киноны Шагдарыг Монгол Улс даяар мэдэхгүй, танихгүй хүн гэж байхгүй. Би ч гэсэн тухайн үед арван жилийн хүүхэд байхдаа үр хүүхдээ өнчрүүлээд ямар хөгийн ах вэ л гэсэн бодолтой байлаа. Танихгүй, дэлгэцэн дээрх тэр дүрээр нь л мэддэг байсан. Гэтэл 1992 онд УДЭТ-аас Ардын жүжигчин Ж.Лхамхүү гуай, тайз засагч миний бие хоёр зэрэг театрын хөдөлмөрийн гэрээгээ цуцлаад, СУИС-д тушаал гараад, нэг нь багшаар, нөгөөх нь оюутнаар очиж байсан юм. Үүнийг ярьдгийн учир нь манай ангийн найруулагчийн уран чадварын хичээлийг Л.Лхасүрэн, Энхтуяа багш нар, жүжигчний ур чадварыг Ж.Лхамхүү багш орж байсан. Харин тайзны яриаг БНМАУ-ын гавьяат жүжигчин Н.Мягмар, дуулах ур зүйн хичээлийг МУГЖ Д.Банди гуай орж байлаа. Ийм л сайхан хүмүүсээр би эрдэм ном заалгаж байжээ. Энэ дундаас тайз засагч хүүхдийг хүн болгосон, найруулагч болох дөртэй болгосон хүн бол яалт ч үгүй миний багш Л.Лхасүрэн багш минь юм. Нэгэн хуучны үг байдаг юм. "Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй" гэдгийн адилаар намайг төлөвшүүлсэн, зөв зүгт чиглүүлсэн тийм л хүн.

-Киноны дүрээр л мэддэг байсан хүн хичээл ороход ямар санагдсан нь сонирхолтой санагдаж байна?

-Оюутнууд бол урлагт дурлагч, авьяастныг бишрэгч хүмүүсийн сүрэг шүү дээ. "Гарын таван хуруу" кинонд хүүхдүүдийнхээ нүүр лүү ч эгцэлж харж чаддаггүй Шагдар хичээл орсон өдрөөс бидэн рүү дандаа эгц харсан. Тэгэхэд л би дүр, уран бүтээлч хоёр тэс өөр юм гэдгийг анх удаагаа харсан юмдаг. Ингээд анхны юм болгон бидэнд школа болж байгаа юм. Багш ч анхаарлаа маш их хандуулж хичээлээ ордог байсан. Нүүр тулж, үнэн үгээрээ харьцдаг байсан нь багшийн сургалтын А үсэг нь байсныг бид бүгдээрээ мэднэ. Багш эхлээд өөрийнхөө дүрээр бидний анхаарлын төвд орчихсон хүн байхгүй юу. Ингээд бидний анхаарал, сэрэл мэдрэмжинд чимээгүйхэн мөртлөө боловсноор орж ирээд суусан нөхцөлд бид анхаарахаас өөр аргагүй болдог юм билээ. Ингэхээр "Л.Лхасүрэнгийн шавь нар багшийгаа дуурайх" гэдэг зүйл бидний далд ухамсарт суучихаж байгаа юм. Үгээ хэлж байгаа акцентаас нь эхлээд дуурайна. Тамхиа татахдаа ширээн дээр байсан цаасаараа үнсний сав хийчихдэг байсан. Үүнийг нь хүртэл бид сурчихсан байгаа юм чинь.

-Жүжигчний ур чадвараас гадна хувь хүний тухайд мэдээж олон зүйлийг сургасан байж таарна?

-Дараагийн багшийн бидэнд сургасан зүйл нь итгэл үнэмшил. Бид найруулагчийн ангидаа 11-үүлээ, харин жүжигчний ангийнхан 20-уулаа байлаа. Найруулагчийн ангийн хичээл дээр жүжигчний ангийнхан орж суух дуртай. Бид ч жүжигчний ангийн хичээл дээр орж суух дуртай байсан. Тэр үед анзаарагдсан нэг зүйл нь биднийг хүмүүжилтэй, даруу төлөв дүрд тоглох гэхээр багш "Биеэ чөлөөл, зүгээр л ярь" гэдэг байсан. "Би ч гэсэн та нартай адилхан найруулагч болох гээд л явж байна" гэдэг сэн. Тамхи татахыг хүртэл зөвшөөрдөг байлаа. Зөвшөөрнө гэдэг биднийг чөлөөтэй байлгах гэж, харилцаандаа хяналт тавьдаг зүйлийг байхгүй болгохын төлөө шүү дээ. Гурав дахь онцлог бол багш маань өөрсдөөр нь сэтгэн бодуулах үрийг маш их хаядаг байсан. Багшийн хаясан үрийг уран бүтээлчид өөрсдөө хөгжүүлэх гэж үзнэ. Гэхдээ бид их азтай. Найруулагч, жүжигчин гэсэн хоёр мэргэжлийн том мастер багш нараар хичээл заалгаж явлаа. Жишээ нь, Ж.Лхамхүү багш бол тэнд амьд туршлагаараа бүх юмыг үзсэн хүн байгаа шүү дээ. Энэ нь 1996 оны төгсөлтийн дипломын ажлууд дээр харагддаг. Жишээ нь, манай ангийн Ө.Бат-Эрдэнэ У.Шекспир "Зөрүүд эрийг номхотгосон нь", Д.Амар "Буудалд учирсан хоёр", би "Эдип хаан" жүжгийг хийж байлаа. Бас Я.Эрдэнэболд маань шоу тоглолт хийсэн. Зургаан жүжиг, нэг шоутай төгссөн анги байдаггүй. Тэгэхээр биднийг этюдний эрдмээс дөнгөж эхэлж байхад л задгай сэтгэлгээ рүү чиглүүлж байжээ гэж одоо боддог юм. Мөн багш маань хамт олны үүрэг хариуцлагыг маш сайн ухамсарлуулдаг байсан. Хамт олон байсан цагт бүтээл төрдөг гэдгийг их сайн ойлгуулдаг байлаа.

-Зарим хүн дүрээр нь тухайн жүжигчнийг хүлээж авах гээд байдаг л даа. Шагдарын дүрд тоглосны дараа олон нийт янз бүрээр хүлээж авсан гэдэг. Энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Урлаг мэдэхгүй хүмүүс бол эхлээд яг л тэгж хардаг юм билээ. Дүрээр нь л хүлээж авдаг. Ер нь үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн дүр бүтээнэ, мөнхөлнө гэдэг чинь чадвар юм даа. Түүнээс хүүгийнхээ тухай яриад сууж байгаа хэсэг, эхнэртэйгээ харьцаж байгаа хэсэг гээд багш маань Шагдараас маш эсрэг хүн шүү дээ. Багш маань гэдгэр гэж жигтэйхэн. Дандаа л инээмсэглэж явдаг хүн байлаа. Тийм ч учраас анзаарсан бол Л.Лхасүрэн багшийн үе үеийн шавь нар дотор инээдмийн төрлийн жүжигчид маш их байдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Баярмагнай найруулагчаас эхлээд, Ардын жүжигчин Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Д.Бямбацогт, талийгаач Л.Дэмидбаатар нар маань байна. Хошин урлагийн авьяаслаг жүжигчид олон бий. Тэгэхээр цаанаа л багшийн арга барил шавь нарт нь суусан юм шиг санагддаг. Даанч багш маань харамсалтай нь урт насалсангүй. Хэрэв байгаль эх, бурхан зөвшөөрөөд хэдэн жил нэмээд өгсөн бол чадварлаг уран бүтээлчдийг олноор нь төрүүлэх байсан.

Том хүү нь бүжигчин хүн байсан. Залуудаа бүжиглэхийг хүсдэг байж дээ гэж боддог байлаа. Бас нисгэгчийн дууг дуулах их дуртай байсан. "Жигүүртэн хүрээгүй уулсыг" гээд дуулдаг нь одоог хүртэл нүдэнд харагддаг юм. Багш маань Завханых. Завхан нутаг бол уул ус сайтай, хутагтууд ихтэй учраас нисгэгч хүү төрөхийг үгүйсгэхгүй л байсан байх. Гэхдээ багш маань хүний амьдралын тухай өгүүлдэг тайзан дээр нисэж явсан. Тийм ч учраас Шагдарын дүрээрээ үлдсэнд бахархаж явдаг юм.

-Энэ жил багшийн тань мэндэлсний 80 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд шавь нар нь олон ажил төлөвлөж байгаа байх?

-Тийм ээ. Энэ жил бид багшийнхаа мэндэлсний 80 жилийн ойг нь тэмдэглэх гээд байж байна. Багш маань Завхан аймгийн Алдархаан суманд 1946 онд мэндэлсэн. Гавьяат жүжигчин Д.Бямбацогт тэргүүтэй хэсэг уран бүтээлчид гурван жилийн өмнө багшийгаа дурсаж, Нутгийн удирдлагын ордны алдрын танхимд хөрөг зургийг нь байршуулсан. Бид төрсөн өдрөөр нь буюу энэ сарын 17-нд үр хүүхэд, хамаатан садан, шавь нар нь театрын музейд үзэсгэлэн гаргах гэж байна. Энэ бүгд үзэгчдэд л зориулагдаж байгаа шүү дээ. Хамгийн гол төлөвлөж байгаа ажил бол багш маань нэлээд хэдэн жүжгийн зохиол бичсэн байдаг. Жүжгийн орчуулга ч хийсэн. Хэдий багш маань бидний дунд байхгүй ч бүтээлүүд нь ард түмний дунд байгаасай гээд тайзны бүтээл болгох аяныг эхлүүлж байна. Энэ мэт төлөвлөсөн ажил их байна.

-Урлагийн хүмүүс багшийгаа үргэлж сайхнаар дурсан, санаж хүндэтгэдэг. Ер нь хүн амьдралдаа багшаасаа юуг өвлөж авах ёстой вэ?

-Монгол ардын үлгэр дээр ч бий. "Царцаа Намжил" үлгэр дээр Намжил номын газар хүрээ хийдэд эрдэм сураад шидийг эс олж, юу ч сураагүй. Гэтэл багш нь нэг л үг хэлсэн. "За, буц даа, замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоо" гэдэг. Элдэв үзэл сурталгүй хэлсэн багшийн хэлсэн ганц үнэн үг Царцаа Намжилын амьдралыг авардаг. Үүнтэй адил шавийнхаа төлөө, амьдралынх нь төлөө багш минь явсаар ирсэн. Хэр ном уншсан нь гол биш, багш шавь гээд хадаг яндар болоод дүрэм цээжлээд явахдаа биш, харин шавийгаа сурах хүсэл эрмэлзэлтэй болгоно гэдэг багшийн хамгийн том гавьяа гэж би боддог. Багш маань яг л ингэж энгийнээр бидэнд ойлгуулдаг байсан. Олон үзэл санаануудаас шавь нар нь урган бойжиж чадсан. 1000 жилийн багш, шавь байх хамаагүй. Харин тэр багшийн надад өгсөн сургамжууд л миний амьдралыг өөрчлөхөд тун хүндэтгэлтэй үүрэг шүү дээ.

Ер нь хүн амьдрах өдрүүдийнхээ тухай биш, үлдсэн өдрүүдийнхээ тухай бодох хэрэгтэй. Үлдсэн өдрүүддээ тайван байя гэвэл өмнөх өдрүүддээ эрдэм номд шамдах хэрэгтэй. Үйл зорилго нь бүтэн, бүтээлч, хэн нэгнийг гомдоохгүй байвал дараагийн өдрүүд тайван амгалан, баяр баясалтай байна. Тийм ч учраас багш маань бидний зүрх сэтгэлд сайхнаар дурсагддаг учраас сайнаар дурсаж байна. "Хожмын өдрүүдээ бодох хэрэгтэй" гэж Софокл "Эдип хаан" жүжигт ч гардаг. Тэр хүний зүрх сэтгэлд хүн яаж хоногшиж үлдмээр байна, тэр үйлээ л бодох ёстой. Багшийнхаа тухай дурсаж байгаа учраас ийм л зүйл бодогдож байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.