"Астон Вилла" баг Европын лигийн аварга болжээ
Өчигдөр болсон Европын лигийн шигшээ тоглолтод Английн “Астон Вилла” клуб Германы “Фрайбург” багийг 3:0-ийн харьцаагаар илүүрхэн хожиж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө. Шийдвэрлэх тоглолтод Юри Тилеманс, Эмилиано Буэндиа нар гайхалтай гоолуудыг оруулсан бөгөөд ингэснээр багийн дасгалжуулагч Унай Эмери Европын лигт 5 дахь удаагаа түрүүлж, дээд амжилтаа ахиуллаа.
Морган Рожерс багийнхаа гурав дахь гоолыг оруулснаар “Астон Вилла” 1996 онд Английн Лигийн цомоос хойших анхны томоохон цомыг хүртлээ. Мөн 1982 оны Европын цомын шувтаргын тоглолтод Германы “Бавари Мюнхен” багийг буулган авснаас хойш анх удаа тивийн хэмжээний тэмцээнд түрүүллээ.
Тоглолтын 41 дэх минутад М.Рожерсын булангийн богино дамжуулалтаар ирсэн бөмбөгийг Ю.Тилеманс хүчтэй цохиж, хаалганд оруулсанаар “Астон Вилла” тоглолтыг тэргүүлж эхэлжээ.
“Астон Вилла”-гийн ахлах дасгалжуулагч У.Эмери ийнхүү тус тэмцээнд тав дахь удаагаа түрүүлснээр өөрийн гайхалтай амжилтаа бататгалаа. Тэрбээр өмнө нь Испанийн “Севилья” клубтэй гурван удаа, “Вильярреал”-тай нэг удаа тус тэмцээний цомыг өргөж байсан бол энэ удаа Английн багийг удирдан ийнхүү түрүүллээ.
Г.ЭНХ-ОД



































































Сэтгэгдэл