Иргэд “Байгаа мөнгөндөө тааруулаад авъя” гээд 10, 20 мянган төгрөгийн гутлыг л сонирхож байна гэв
Өдрийн 13:00 цаг. Монголын хамгийн том зах гэгддэг, олон хүний амьдралын эх үүсвэр болсон Нарантуул захын үүдээр ороход шар шуудай үүрсэн хүмүүс, хүүхдээ дагуулсан ээж, үнэ тохирч маргалдах согтуучууд, хуушуур бууз тэргэн дээрээс зарах эгч нар болон тэрэг түрсэн иргэд нааш цааш холхилдоно.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар худалдаачид ярьдаг. Өмнө нь амралтын өдрүүдэд хөл тавих зайгүй шахам байдаг байсан бол одоо хүмүүс орж ирээд үнийг нь асуугаад л гарах нь олширчээ. Наймаачдын хэлдгээр “Хүн байна, мөнгө алга”. Тэгвэл энэ хавар Нарантуул зах дээрх худалдаа хэр сэргэж, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг тус захад худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
Н.Нарангэрэл: ӨМНӨ НЬ БИД ГЭР ОРОН, МАШИН ТЭРГЭЭ САЙЖРУУЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО АМЬЖИРГААГАА Л АРАЙ ЯДАН ЗАЛГУУЛЖ БАЙНА
Нарантуул захад 23 дахь жилдээ гутлын лангуу ажиллуулж буй Н.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Миний бие 2004 оноос хойш гутлын лангуу ажиллуулж байна. Иргэдийн худалдан авалт сүүлийн хоёр жилд хурдацтай буурч байгаа нь худалдаачин надад ажиглагдаж байна. Ковид-19 цар тахлын үеэр цахим худалдаа сайн хөгжсөн учир хүмүүсийн дадал өөрчлөгдөж, захаас заавал ирж авалгүй 30-40 хувь нь цахим дэлгүүрээс худалдан авалт хийдэг болжээ. Мөн хамгийн гол шалтгаан нь хүмүүсийн амьжиргааны түвшин муудсан байна гэж би хувьдаа харж байна. Иргэд хаана, аль лангуун дээр хамгийн хямд бараа байгааг хайх болсон. Нарантуул зах бол хамгийн хямд үнийг санал болгодог. Бид нэг гутал дээр 8000-15.000 төгрөгийг нэмж байгаа. Тэгсэн ч гэсэн иргэд “Доошоо ярих уу” гэж асуудаг.
-Өнгөрсөн цагаан сараар иргэдийн худалдан авалт сайн байгаагүй гэж үү?
-Маш муу байсан. Би тун тааруу гэж хэлнэ. Хүмүүсийн авч байгаа зүйлийг харах юм бол хүнс, идээ, ууцаа л авна уу гэхээс огт илүү дутуу хувцас, гутал үзсэн хүн байгаагүй.
-Өмнө нь бараа их татдаг байсан уу?
-Манай лангууны хувд сүүлийн жилүүдэд орлогын хувьд 50 хувь буурсан. Өмнө нь өдөртөө 6, 7 сая төгрөгийн орлого олдог байсан ч одоо 2, 3 сая төгрөгийн орлого хийх нь нүдний гэм болсон. Энэ мөнгө чинь цэвэр ашиг биш шүү дээ. Хоёр, гурван сая төгрөгний 10 хувь нь л цэвэр ашиг. Хүн болсон хойно үр хүүхдэдээ зарцуулна, бензин түлш авна, хүнсээ авна, түрээсээ төлнө, тээврийн зардлаа төлнө гэх мэт олон урсгал зардал бий. Борлуулалт муу байгаа болохоор бараа татан авах давтамж нь хүртэл хоорондоо хол болсон. Худалдан авалт муу байгаа болохоор барааны эргэлт ч удааширчээ.
-Гэхдээ цалин, тэтгэвэр тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа нь борлуулалтад нөлөөлөхгүй байна уу?
-Хүмүүсийн ажлын байрны хүртээмж, орлого, цалин мөнгөтэй холбоотой. Мөн инфляцийн түвшин тогтвортой байж гэмээнэ хүмүүсийн амьдрал сэргэх гээд байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа гэх боловч энэхүү өсөлт нь инфляциа давж чадахгүй байна. Цалин мөнгө нь нэмэгдээд ч идэх, уухаасаа илүү гарахаа больжээ. Өмнө нь хүмүүс нэг гутал манайхаас авчихаад, дахин өөр нэг гутал авах гээд сонирхдог байлаа. Түүнчлэн “Танаас нэг гутал авсан болохоор дагалдуулаад дахиад нэг кет, гутал ч авъя” гэж хэлдэг байсан бол одоо огт тийм хүн байхгүй. Хэрэглээгээ ийнхүү танаж байгаа нь хүмүүс санхүүгийн хувьд хүнд байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байгаа. Өмнө нь бид гэр орон, машин тэргээ сайжруулдаг байсан бол одоо амьжиргаагаа л арай ядан залгуулж байна.
-Танайх бараагаа ихэвчлэн хаанаас татаж байна?
-Хувиараа бизнес эрхлэгчид хамгийн хариуцлагатай хүмүүс байдаг. Төрийн алба хаагч бол сайн муу нь хамаагүй ажлаа хийж л байгаа цагт цалингаа бол авчихна. Харин хувиараа бизнес, эсвэл над шиг наймаа хийж байгаа хүн бол өөрийнхөө мөнгөө эргэлдүүлж байгаа учир ганц л буруу алхам хийхэд хамаг амьдрал, худалдаа наймаа нь сүйрнэ. Иймээс хэнд ч найдахгүйгээр өөрсдөө бүхнийг хариуцдаг. Миний наймаа, орлого энэ жил муу байгаа учир төрөөс мөнгө өгөөрэй гэхгүй шүү дээ. Наймаачид 100 хувь өөрийн тархи толгойг ажиллуулж, хөдөлмөрлөж байж амьдарч байгаа. Мөн өнөө цагт аль болох Эрээн хот бус Гуанжоу болон Бээжингээс бараагаа татахыг зорьж байна. Цаашаа хол явах тусам чанар нь сайжирдаг. Тэр хэмжээгээрээ үнэ бол өсөхөөс өөр арга байхгүй. Гуанжоу руу гэр бүлийн хоёр хүн явахад л ачаа, тээврийн зардал нь орохгүйгээр 4.5 сая төгрөг болсон.
Яг үнэнийг хэлэхэд, тэнд очоод буудалдаа буугаад хоол идэхдээ гудамжнаас хордоод үхчихгүй юмсан гэж залбираад л ширхэгийн хямд хоол авч идэж явна. Бүтэн хоол авч тансаглана гэж байхгүй. Бараа таваар зарж байгаа хүмүүсээрээ ус, ундаа авахуулж уугаад л явж байна. Хөндлөнгөөс биднийг харахад, их бараа дэлгэчихсэн болохоор сайхан харагддаг байх. Гэхдээ үүний цаана түмэн бэрхшээл, саад бий. Ардаа гэр бүл, үр хүүхдээ эзэнгүй 4-5 хоног орхиод явах амар биш.
-Хамгийн хямдхан гутал хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Гэтэл ийм гутлыг худалдаж авах гээд хоёр, гурван хүүхдээ дагуулаад явах хүмүүс ч бий. Ийм л мөнгө байна, энэ мөнгөндөө тааруулаад авна гэдэг. Чадалтай байсан бол энэ хүмүүс үр хүүхдэдээ сайныг нь, чанартайг нь авахыг л бодно. Харамсалтай нь орлого бага, мөнгө байхгүй учраас хамгийн хямд гутлыг авч байна. Тэр гутал нь чийг татдаг, тав тухгүй. Хүн хоол л авч идсэн, гутал ч авч өмссөн чанартайг нь авах гэж хүсдэг баймаар байтал иргэдийн худалдан авах сонголт ийм байгаа нь олон зүйлийг илтгэх биз ээ. Бид үнэтэй гутал аваад ирвэл зарагдахгүй. Угаасаа баячууд энд ирэхгүй, дунд болон дундаас бага орлоготой иргэд ирж үйлчлүүлж байна. Тиймээс манай лангуу гэхэд 35-250 мянган төгрөгийн үнэтэй гутал зарж байна. Ийм үнэтэй байгаа ч чанартай. Үүнээс үнэтэй гутал зарвал авах хүн гарч ирэхгүй.
-Өмнө нь 1 метр куб барааны тээврийн зардал хэд байсан бэ?
-Манай захын түрээс нэмэгдэхгүй байгаа нь бидэнд их тус нэмэр болж байна. Нарантуул зах шатахад түрээс нэг нугалагдсан хэдий ч одоо хүртэл нэмэгдэхгүй байгаа нь болж байна. Тээврийн зардлын хувьд өсөхөөс өөр аргагүй байх. Өмнө нь нэг гутал 600-1500 төгрөгийн өртөгтэй ирдэг байлаа. Хайрцаггүйгээр задгайгаар нь гуталнуудаа чихэж боолгуулаад энд ирсэн хойно нь өртгийг нь тооцоход дээрх дүн гардаг байсан. Хайрцаг савтай гутал бол 1500 төгрөгийн өртөгтэй ирдэг байсан бол одоо 6000 төгрөг болсон. Хайрцаггүйгээр задгайгаар нь гуталнуудаа чихэж боолгуулаад энд ирэхэд 2800 орчим төгрөгийн өртөгтэй ирж байна. Хүмүүс бэлэн мөнгөөр төлдөг, эсвэл мөнгөө шилжүүлдэг байсан. Одоо бол карт уншуулж байгаа учир нь шимтгэлийг нэмж зарж байна. 150 мянган төгрөг уншуулахад тодорхой хэмжээний мөнгө шууд шимтгэлд суутгагдаж байгаа зэрэг олон асуудал байна.
Д.Соёмбо: ЗАХДЭЭР ХӨЛ ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙГАА Ч ТЭР БОЛГОН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ БАЙНА
Энэ үеэр хувцасны лангуу ажиллуулдаг Д.Соёмботой ярилцлаа.
-Иргэдийн худалдан авах чадвар сүүлийн саруудад хэр байна вэ?
Би энэ зах дээр 12 дахь жилдээ зогсож байна. Нарантуулын хөл хөдөлгөөн, хүмүүсийн царайг харахад л худалдаа ямар байгааг мэдчихэж болмоор зүйл дээ. Өвлийн улиралд Нарантуул захад орлого, борлуулалт харьцангуй муу байдаг. Өвөл бол хэцүү шүү дээ. Хүн ч багасна, мөнгө ч эргэлдэхгүй. Харин зун арай өөр. Наадам, аялал жуулчлал, хөдөө орон нутгийн хөдөлгөөн гээд хүмүүсийн худалдан авалт сэргэдэг. Жил ирэх тусам хүмүүсийн худалдан авах чадвар бага багаар уруудаад байна. Гэхдээ зөвхөн хүмүүсийн мөнгө багассан асуудал биш, барааны үнэ өөрөө айхтар өсөж байна. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр зардаг байсан хүрэм энэ жил 120 мянгад хүрчихлээ. Тээврийн зардал, төгрөгийн ханш гээд бүгд нэмэгдэж байна шүү дээ.
-Хүмүүс Нарантуулыг зорих үндсэн шалтгаан нь хямд үнэ байдаг шүү дээ?
-Нарантуулыг одоо ч гэсэн хамгийн хямд газар гэдэг утгаараа хүмүүсийн урсгал наашаа ирж байна. Гэхдээ зах дээр ирж байгаа хүмүүсийн худалдан авалтыг анзаарахаар амьдрал их өөр болсон нь мэдэгддэг. Урьд нь иргэд зах орж ирээд өөрийгөө ч, хүүхдээ ч бүтэн хувцаслаад гардаг байсан юм. Гутал, өмд, куртик аваад зогсохгүй худалч хүнд бол малгай, оймсоо хүртэл авч өмсөөд, хуучнаа уутлаад инээмсэглэн явдаг байлаа. Наймаачин бид ч орой нь лангуугаа хаахдаа “Өнөөдөр овоо орлоготой өнжлөө” гээд санаа амар харьдаг байв.
Харин одоо тэр дүр зураг бүдгэрчээ. Зах дүүрэн хүнтэй ч ихэнх нь үнэ асууж, бараа барьж үзээд л цааш алхдаг. Хүүхдэдээ ганц хүрэм авч өгөөд өөртөө юу ч авахгүй буцах эцэг эх олон болсон. Зах дээр хөл хөдөлгөөнтэй байгаа ч тэр болгон худалдан авалт хийхгүй байна гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Н.НАРВАНЧИН






















.jpeg)








































Сэтгэгдэл
Зочин [202.126.91.92] 2026-05-04 09:29:54
ТЭНЭГ ХҮРЭЛСҮХ, ДОНГИО ДАНХАА ШҮТЭЭД БАЙВАЛ УЛАМ Л ИЙМ БОЛНО. ХЭНТИЙН МУЛГУУ ТОЛГОЙТУУД УЛС МОНГОЛЫГ МИНЬ САМАРЧ ДУУСЛАА. БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛ.