Б.БОЛДСАЙХАН: Би шидтэн биш шүү дээ...

Aдмин / Эрүүл мэнд

Монгол хүн нэгнээ элгээрээ санадаг гэдэг. Элэг нэгтэн үндэстэн. Харин хүн бүр зүрхээрээ амьдардаг нь жам юм. Зүрх бүхэн амь билээ. Монгол Улсыг гурав бүтэн тойрч, 60000 орчим хүүхдийг үзэж оношлон, 1700 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч Б.Болдсайхан эмчтэй уулзаж ярилцлаа. Тэрээр эмч гэхээс өөр чамин тодотгол хэрэггүй гэж “зөвлөсний” тул ийнхүү ярилцлагынхаа өмнөтгөлийг товчиллоо.

ЭНЭ ТӨСӨЛ ДАХИН ЭХЭЛСЭН

- “Зүрх мартахгүй” төсөл анх хэрхэн эхэлсэн бэ?

-Энэ бол гэнэт бий болсон зүйл биш л дээ. Миний аав Ц.Бундан гэж зүрхний мэс заслын эмч хүн байсан. Зүрхний мэс засал, мэс заслын тасгийг Монголд 1969 оноос үүсгэн байгуулалцаж багт нь орж ажилласан хүн юм. Тэр үеэс л төвөөс алс аймаг, сумдын хүмүүст нарийн оношилгоо, эмчилгээ хүрэхгүй байгааг ойлгож, баг бүрдүүлээд хөдөө орон нутгаар явж үзлэг хийдэг байлаа. Алс холоос төв суурин, нийслэлийн эмнэлгийг зорьж ирэн үзүүлэх нь тэр үед, одоо ч хязгаарлагдмал л асуудал байсаар ирсэн. Ялангуяа энэ өвчний хувьд шүү.

Би өөрөө ч хөдөө суманд эмч, ерөнхий эмчээр ажиллаж байхдаа иргэд эмчилгээ авахын тулд хэд хоног замд явж, асар их зардал гаргаж байгааг нүдээрээ харсан. Тэрхүү анзаарсан туршлага, аавынхаа ажлын үргэлжлэл болж “Зүрх мартахгүй” төслийг дахин эхлүүлсэн.

-Дахин эхлүүлсэн гэхээр аавынхаа багтай ажиллаж байжээ?

-Би 1988 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн эмчээр ажиллаж байлаа. Тэр намар аавын ахалсан зүрхний мэс заслын баг аймгийн маань нэгдсэн эмнэлэгт ирж 14 хоног үзлэг хийсэн юм. Арваад хүүхдэд хагалгаа хийхэд нь би оролцлоо. Хөдөөгийн үзлэгт мөн хамт явав. Энэ үед аав, түүний мэс заслын баг хөдөө, орон нутгаар үзлэг оношилгоо, хагалгаа хийж эхлээд 10-аад жил болчихсон байсан үе л дээ. Тэдэнд туршлага ч байсан.

СУУРИАС НЬ ЭХЛЭХИЙГ БОДСОН

-Энэхүү төсөл анхнаасаа л хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэж байв уу?

-Би ажлынхаа гарааг 1988 онд Төгрөг сумынхаа эмнэлэг, 1989-1990 онд Дорноговь аймгийн Хар Айраг сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, мэс заслын эмч, төрөх, эмэгтэйчүүд, ариун цэвэр, ер нь бүгдэд ажилласан. Тийм болохоор хөдөөгийн хүний хэрэгцээг мэднэ. Үүнийг шийдэх ямар арга байгааг аав минь бас л бодож байжээ. Сүүлийн зургаан жилд нь ерөнхий, төрөл бүрийнх биш зөвхөн хүүхдийн оношилгоо, эмчилгээ, хагалгааны эмчилгээг түлхүү хийх болсон. Сууриас нь эхлэхийг бодсон.

-Хөдөөгийн иргэдэд эмчилгээ хүргэхэд хамгийн том бэрхшээл юу вэ?

-Монгол шиг уудам оронд хүн ам тархай суурьшсан учраас сум, аймагт нарийн мэргэжлийн оношилгоо хийх боломж хязгаарлагдмал. Зарим аймгаас хотод ирэхэд гурав, дөрөв хоног явна, их зардал гарна. Энэ бол өвчтөн тээвэрлэх тухай шүү. Газар нутгийн хэмжээ багатай оронд бол энэ магадгүй асуудал биш байж болно. Тиймээс манай орны нөхцөлд эмч нар өөрсдөө очих нь хамгийн зөв шийдэл гэж үзсэн. Гэлээ гээд бидэнд санхүүгийн болоод дэмжлэгийн асуудал тулгарах нь зайлшгүй.

-Монгол Улсад зүрхний төрөлхийн гажиг хэр түгээмэл байдаг вэ?

-Дэлхийн хаана ч адилхан, 100 төрөлтөд нэг хүүхэд зүрхний төрөлхийн гажигтай төрдөг. Энэ бол цаг үеэс хамаарахгүй, үргэлж байсан, цаашид ч байх зүйл. Чулуун зэвсгийн үед ч ирээдүйд ч ийм л байна. Шалтгаан нь олон янз. Удамшил, жирэмсний үеийн нөлөөлөл, эсвэл зүрх бүрэлдэх явцад гарсан алдаа байж болно. Өмнө нь ийм хүүхдүүд амьд үлдэх боломж бага байсан бол одоо хагалгаагаар бүрэн эдгэрч, хэвийн амьдрах боломжтой болсон.

-Жилд дунджаар хэдэн хүүхэд зүрхний хагалгаанд орж байгаа тойм ч гарах нь ээ?

-Нэг хэсэг төрөлт их байх үед 70-80 мянган эх төрж байсан бол сүүлийн гурван жилд 60 мянга руу буурч байна. Төрөлт тутмаас тооцохоор 80 мянган эх төрсөн жил 800 хүүхэд зүрхний ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. Иргэдийн хагалгааны төлбөр төлөх боломжоос шалтгаалан манай эмнэлэгт 100 хүрэхгүй хүүхэд л эмчлүүлдэг. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд гадагшаа явж эмчлүүлэхийн тулд хандив гуйх, бололцоогоо хэн нэгнээс эрэх нь ихэссэн. Бүх мэдээллийн сувгаар ийм зүйл цацагдаад ирэхээр хэцүү шүү дээ. Тэгээд л өөрийн мэргэжлээ монголчууддаа чадах чинээгээрээ хүргэхийг хүссэн. Гэвч заримдаа хязгаарт тулна. Өмнөх жилүүдийн эмчлэгдээгүй, оношлогдоогүй тохиолдлууд нэмэгдэнэ. Тиймээс бодит хэрэгцээ үүнээс ч их. Би шидтэн биш шүү дээ...

ҮНЭГҮЙ ЗҮЙЛИЙН ТУХАЙ ЭНЭ СЭДЭВ ДЭЭР ЯРИХ БОЛОМЖГҮЙ

-Мэдээж, иргэдийн боломж харилцан адилгүй байдаг байх?

-Үнэгүй зүйлийн тухай энэ сэдэв дээр ярих боломжгүй. Бид хүүхдийн зүрхийг зогсоогоод мэс ажилбар хийж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зүрх, уушгины аппарат, оёдол, сэхээн амьдруулах эмчилгээний зардал, үйлчилж байгаа эмч, сувилагчдын цалин гээд хамгийн багаар тооцоход 15, 16 сая төгрөгөөс буухгүй л дээ. Мэс заслын нэг удаагийн хэрэглээний зүйлсийг АНУ-ын том компаниудаас өндөр үнээр авдаг. Тэгэхээр иргэдэд ч, эмнэлгийн хувьд ч бэрхшээл ижил тулгарна.

Гадаадын эмч нар ирээд яагаад үнэгүй үзлэг оношилгоо хийж, үнэгүй мэс засалд оруулаад байгаа юм гэхээр тэднийг дэмжсэн санхүүгийн асуудал найдвартай, өдрийн ажлын хөлсийг ч тооцсон байдаг. Япон, Солонгос, Америкийн эмч нар том компани, сүмүүд, хувь хүмүүсийн дэмжлэгтэй ирдэг. Эмийг нь Засгийн газар нь даадаг ч байх жишээтэй. Үүнийг манайхан үнэгүй хийдэг мэтээр ойлгодог юм өрөөсгөл. Хагалгаа бүр давтагдахгүй өөр өөр. Хүний биеийн бүтэц, оношноос хамаараад. Ижил хагалгаа гэж байхгүй.

-Эмчилгээ, хагалгааны түвшин өмнөх үеэс хэр өөрчлөгдсөн бэ?

-Маш их өөрчлөгдсөн. Өмнө нь зүрхийг түр зогсоож, биеийн температурыг бууруулж байж хагалгаа хийдэг байсан, эрсдэл өндөр. Харин одоо зүрх, уушгины хиймэл аппарат ашиглаж, зүрхийг аюулгүй зогсоогоод, хагалгаагаа хийж, буцаан ажиллуулж байна. Оношилгооны хувьд ч асар дэвшил гарсан. Эхо, ангиографи, компьютер томограф гээд олон дэвшилтэт технологи ашиглаж байна. Хиймэл оюун оношилгоонд орж ирлээ. Тэгэхээр эрс сайжирсан гэсэн үг.

-Гадаадаас хүүхдүүд ирж эмчлүүлэх болсон нь юутай холбоотой вэ?

-Манай эмч нарын хийж байгаа ажил гадаадад хүрч эхэлсэн. Монгол эмч нарын чадвар аль ч орны эмч нараас дутахгүй. Зарим оронд зүрхний мэс засал хөгжөөгүй байдаг. Жишээлбэл, Бутан улс жилдээ олон хүүхэд гадагшаа явуулж эмчлүүлдэг. Мөн Киргиз, Казахстан зэрэг улстай хамтарч ажиллаж, тэндхийн хүүхдүүдийг Монголд авчирч хагалгаа хийж байна. Энэ нь манай эмч нарын ур чадвар, туршлагыг үнэлж байгаа хэрэг. Бид ч олон оронд очиж эмчилгээ, мэс засал амжилттай хийсэн.

МАШ ЭНГИЙНЭЭР НЭГ ЗҮЙЛ ТАЙЛБАРЛАЯ

-Олдмол зүрхний өвчний шалтгаан юу вэ?

-Хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, хоолойн халдварын дараах иммунологийн буюу дархлааны урвал зүрхэнд нөлөөлдөг. Хоёрдугаарт, амьдралын хэв маяг. Монголчууд хамгийн сайн цагтаа амьдарч байна. Хуучны үгэнд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” гэж бий. Хэт их идэх, таргалах, хөдөлгөөний дутагдал, стресс бүгд.

Энэ нь зүрх судасны өвчнийг нэмэгдүүлж байна. Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хүмүүс хангалуун болсон ч буруу хэрэглээнээс үүдэлтэй зүрхний өвчин нэмэгдсэн. Ардчилсан хувьсгалын жагсаалд Сүхбаатарын талбайд 100 мянган хүн багтаж байсан бол одоо 100 мянган хүн талбайд багтахгүй. Маш энгийнээр ингэж тайлбарлаж болно.

-Робот, хиймэл оюун мэс заслыг орлох боломжтой юу?

-Бүрэн орлохгүй. Робот мэс засал аль хэдийн бий болсон зүйл л дээ. Зарим стандарт, давтагддаг ажлыг хийж чадна. Гэхдээ хүн бүрийн биеийн бүтэц өөр, нөхцөл байдал өөр учраас шийдвэр гаргалт, туршлага маш чухал. Тиймээс ойрын үед зүрхний мэс заслыг бүхэлд нь робот хийх боломжгүй.

Бодъё л доо. Цөсний хагалгааг бараг хийчих байх гэж бодож байна. Олгойны 80-90 хувь, хатигны 99 хувь, зүрхний 40 гаруй хувийг хийх байх. Бүрэн хэзээ ч хийхгүй байх аа. Би түгээмэл үзэгдлийн буюу Гауссын тархцаар тооцож хэлээд байгаа юм.

ХҮН БАЙХ ХАМГИЙН ЧУХАЛ ШИНЖ БОЛ БУСДАД ТУСЛАХ СЭТГЭЛ

-“Зүрх мартахгүй” төслийн гол зорилго юу вэ?

-Зөвхөн эмчилгээ биш. Хоёр гол санаа бий. Нэгдүгээрт, монголчууд өөрсдөө өөртөө тусалдаг болох. Хоёрдугаарт, чаддаг зүйлээрээ бусдад туслах. Бид заавал бусдаас гуйх биш, өөрсдөө хийж чадна гэдгээ ойлгох хэрэгтэй. Би олон оронд очиж ажилласан. Тэндхийн эмч нэг зүйлийг чаддаг бол эргээд би түүний гаршаагүй нэг зүйлийг чадна. Тэгэхээр гадаадынхан чаддаг гэсэн ойлголтоос бүрэн салах хэрэгтэй. Бидэнд бусдын адил уураг тархи, гар хөл бий. Ялгарах, ялгагдах дутуугийн зүйл ерөөсөө ч байхгүй. Үүний тулд би өөрийн чаддаг зүйлээрээ бусдад туслахыг зорьсон.

-Хүүхдүүд эдгэрсний дараа ямар өөрчлөлт ажиглагддаг вэ?

-Хүнд өвчтэй хүүхдүүд их онцлог. Тэд илүү тэвчээртэй, илүү мэдрэмжтэй болчихдог. Амьдралын үнэ цэнийг бусад хүүхдээс эрт ойлгосон байдаг. Маш ухаантай болчихдог юм. Чи бод л доо. Тоглож наадаж булчингаа бэхжүүлж байх насандаа тэд зөвхөн өвдөхгүй нэг хоног унтахын сайхныг мэдрэх гэж бүх хүчээ нөөдөг. Өөрийн эрчмийг хэрэггүй зүйлд зарцуулахгүй зөвхөн нүдээ хөдөлгөөд л...

-Хүүхдүүд баярласнаа Танд хэрхэн илэрхийлдэг бол?

-Чи яруу найрагч хүн учраас уянга нэхээд байна. Тийм зүйл байхгүй. Тэдний ихэнх нь юу болсныг ч сайн ойлгохгүй. Магадгүй олон жилийн дараа нэг эмч намайг эмчилсэн л гэж санах байх. Түүнээс биш намайг тэвэрч аваад, баярласнаа илэрхийлээд байх тийм зүйл байхгүй. Эцэг эх нь харин баярласнаа хэлэлгүй яах вэ. Надад эдгэрсэн хүүхдүүд зурсан зураг, зурвас олныг үлдээсэн байдаг юм. /харуулав./

Гэхдээ хүүхдүүд яг юу болсныг сайн ойлгодоггүй ч биеэрээ мэдэрсэн зүйл нь тэднийг өөр болгодог.

-Эмч хүний хувьд таны үзэл бодол юу вэ?

-Эмч хүний хийж чадах зүйл бол амь аврах, амьдралыг уртасгах. Харин яаж амьдрах нь тухайн хүний өөрийн сонголт. Би дээр хэлсэн дээ, монголчууд чадах зүйлээ л маш сайн хийж нэгэндээ туслах цаг ирсэн. Магадгүй би зүрхний өвчтэй хэн нэгнийг тав, 20, 40, 50 жил урт наслуулж чадна. Гэхдээ би өөрөө хугацаатай.

-Эрүүл мэндэд сэтгэл хэр нөлөөлдөг вэ?

-Маш их нөлөөлнө. Хүн бол зөвхөн бие биш. Уутанд хийсэн цус, шуудайд хийсэн мах гэж биеэ бодож болохгүй. Бие, оюун, сэтгэл гурвын нэгдэл. Гэтэл бид зөвхөн биеэ л эмчилдэг. Энэ чинь зөвхөн нэг зүйлийн тухай ойлголт. Сэтгэлийн асуудлаа орхигдуулдаг нь том алдаа. Тэгэхээр бид 99 хувиа орхигдуулсан гэсэн үг л дээ. Тэгэхээр сэтгэлийн боловсрол, сэтгэлээ удирдахыг чухалчлах хэрэгтэй. Сэтгэлийн тухай ярих бол бид хоёр дахиад л 99 зүйлийн тухай тус бүрээр эхнээс нь ярих болно.

Яах вэ? Хүн хэн бэ гэж...? Галыг эзэмшсэнээрээ ч гэдэг юм уу, бурхны сургаалыг ухамсарлаад ч гэдэг юм уу тайлбарлаад байж болох л байх. Олон өнцөгтэй. Хүн байх хамгийн чухал шинж бол бусдад туслах сэтгэл юм.

БИД НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮМҮҮС

-Бидний яриа өөр өөр сэдэв рүү эргэсэн ч сэдвийн хүрээнээс халиагүй хэсгээ энд буулгалаа. Харин Монгол эр улсын санаа нийлсэн нэгэн санааг үндэстнээрээ бодоорой хэмээн өгүүлээд яриагаа өндөрлүүлж байна.

-Чи үүнийг бичвэрээсээ битгий хасаарай. Монголчууд өөрсдийгөө сүүлийн хэдэн зуун жилд хоёрдугаар зэрэглэлийн хүний түвшинд ойлгож ирлээ. Орос ах л гэнэ, япон, америкийн дараа л гэнэ. Үгүй. Бид хэцүү цаг үеүдэд бусад оронд тусалж л байсан. БНАСАУ, Вьетнам, Орос, Хятад гээд л...

Би одоо худлаа ярихааргүй насан дээрээ байна. Угаасаа энэ мэргэжил чинь худлаа байх боломжгүй шүү дээ. Тиймээс ямар ч улс орон бай, ямар ч улсын хүн бай хамаагүй нэг өдөр ч болтугай өөрийн чаддаг зүйлээрээ нэг хүний ч болов амийг аврах нь л үндсэн санаа минь юм.

Бид аль ч төрөлд чаддаг зүйлээрээ бусдад, нэгэндээ, өөр улсуудад тусалж чадна. Монгол хил хязгаартай тусгаар улс. Бид эх орондоо, ер нь үндэсний ухамсартаа хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс биш. Нэгдүгээр зэрэглэлд өөрсдийгөө тавих ёстой. Тэгж л бид хөгжинө. Монгол улс болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.