Н.Учрал: Монгол жижигхэн учраас Ерөнхий сайдын ажил зовлонтой юм байна лээ
УИХ-ын гишүүд "Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу" сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэж байна.
Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов.
Чуулганы хуралдааны эхэнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, 91 гишүүн санал өгснөөс 76 гишүүн дэмжиж, 84 хувийн саналаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Энэ сэдэв өнөөдөр Монгол Улсад тулгамдаж байна гэж үзэж байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нийтийн халамж болж хувирсан. Бүх зүйл буруугаа эргээд байна. Халамжийн тогтолцоо гэдэг бол бие даан амьдрах чадваргүй иргэдэд төрөөс тодорхой бодлого чиглүүлж ажиллах ёстой. Хамгаалал гэдэг бол илүү даатгалын шинжтэй, эдийн засгийн арга механизм орсон байх ёстой. Гэтэл өнөөдөр олон улсад байдаг жишиг харамсалтай байдалд орсныг та бүхэн мэдэж байна уу. Тэр тусмаа улс төрийн арга хэрэгсэл болсон гэдэгтэй санал нэгдэж байна уу.
Засгийн газрын "Чөлөөлье" санаачилга бол ажил эрх-лэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Ажил эрхлэлт өндөр байвал хөдөлмөрийн орлого өндөр байдаг. Хөдөлмөрийн орлого өндөр байвал дотооддоо үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүн өсдөг. Энэ замаар иргэн бүр, өрх болгонд эдийн засгийн өсөлт хангагдах суурь зарчимтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгаалал, халамж хоёрыг нэг саванд хийчихээд яваад байсантай санал нэгдэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлсэн. Нийгмийн хамгаалал гэдэг бол амьдралын аль нэг мөчлөгт хүнд тохиолдож болох эдийн засаг, нийгмийн эрсдэлээс хамгаалах бодлого байдаг. Нийгмийн халамж бол нийгмийн хамгааллын нэг бүрэлдэхүүн хэсэг. Хүн амын ядуурал, эмзэг байдал руу чиглэсэн тусгай бодлого.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Үнэхээр бид өөдрөг байхыг хүсч байгаа. Гэтэл өнгөрсөн 10 жилийн үйл ажиллагаа чинь гутранги байхаас өөр аргагүй байдалд оруултал ард иргэдийг туйлдуулж байна. Тийм учраас бодит байдлыг гоёчилж ярих шаардлагагүй. Та халамж нүдээ олохгүй байна гэж хэлээд байгаа. Тэгвэл яаж яг тэр зорилтот хэсэгт нь 2.4 их наядыг хүргэх юм бэ. Зорилго дэвшүүлэх амархан. Та олон талаар чөлөөлье гэж яриад байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эс үйлдлээрээ үүнийг тушчихаад байсан хүмүүст ямар хариуцлага тооцох юм бэ.
Ерөнхий сайд Н.Учрал: -Монгол бол парламентын засаглалтай орон. Парламентын баталсан таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлж байна. Энэ нь 10 үндсэн үзүүлэлт, бүгд хэмжих нэгжтэй. Жил бүр гүйцэтгэлээ тайлагнаад явдаг. Хуулийн дор ажиллаж байгаа. Өнөөдөр би яг 80 хонож байна. Төр иргэддээ итгэж чаддагийн илрэлийг үзүүлье гэж зорьж байгаа. Тийм учраас би Бизнесийн эрх чөлөөний хуулийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг батлагдсаны дараа 41 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл болгоно. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна. Бодитой хөрөнгө оруулалт татах ажлыг сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны салбарт хийнэ. Хариуцлагын тогтолцоогоо би хэмжих нэгжээрээ хэмжээд та бүхэнд тайлагнаад УИХ дээр явж байгаа. Түүнийхээ дагуу хариуцлагыг шат шатанд нь хийгээд л явж байгаа.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: -Дандаа дарга байсан хүмүүс энд алга ташаад зогсож байна. Амьдрал сайхан харагдаад байгаа л даа, энэ хүмүүст. Бүх насаараа төр түмний төлөө зүтгээд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн ч тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр амьдарч байгаа 450 мянган иргэн байна. Та 792 мянган төгрөгөөр та хэд хоног амьдрах вэ. Та бүгдэд хандаж хэлэхэд хулгайлахгүй л бол хүрэлцэнэ. Өнөөдөр ахмадууд тэтгэвэрт гараад шууд ядуурлын эгнээд шилжиж байгаа. Энэ бол та нарын буруу бодлогын үр дүн. Энэ бол улс төрийн мэтгэлцээн болохоос уран илтгэлийн тэмцээн биш.
Ерөнхий сайд Н.Учрал: -Өнөөдөр сонгууль болж байгаа юм шиг байна. Ө.Шижир дарга аа, та ч дарга байсан шүү дээ. Нийт 10 хүний зургаа нь бага буюу доод тэтгэвэр аваад байгаа учраас шинэчилье гээд байгаа юм. Таны ард түмнээ сайхан амьдаруулъя гээд байгаа хүсэл эрмэлзлийг хүндэтгэж яаж хийх вэ гэдэг арга замыг нь оруулж ирж байгаа юм. Үүнийг УИХ-ын гишүүд хийгээд өгвөл тэтгэврийн шударга тогтолцоо бий болно. Таны үзэл санаа зөв. Надад гарц байна.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: -Танай дарга нар мэдээллээ нууцлаад өгдөггүй. Мэдэгдэл гаргахдаа сайн. Энэ бол аудитын тайлангаас авсан мэдээлэл. Эрдэнэс Монгол буюу Чингис хаан хөрөнгө оруулалтын сангийн дарга 65 сая, Төрийн үнэт цаас хэвлэл 38.3, Шивээ-Овоо 31.6, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 24.5, Барилгын хөгжлийн үндэсний төв 21 сая төгрөгийн цалин буюу нэг дарга чинь 30 сая төгрөгийн цалин авч байна. Гэтэл нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянга, асаргааны тэтгэмж 330 мянга, нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд 200, 400 мянган төгрөг буюу дунджаар нэг хүн тэтгэмжид 480 мянган төгрөг авч байна. Танай дарга нар сайхан амьдарч байна. Монгол Улсын иргэд хэзээ танай намын дарга нар шиг сайхан амьдрах вэ. Празит дарга нараа хэр удаан тэжээж явах вэ.
Ерөнхий сайд Н.Учрал: -Засгийн газрын дэвшүүлж байгаа “Шийдье” гэсэн шийдлүүдийн оршлыг маш сайн тавих юм, манай гишүүд. Хэрвээ болж байсан бол би Төрийн өмчит компанийн хуулийг хэлэлцэж өгөөч гэж гуйхгүй. Болохгүй байгаа учраас би оруулж ирж байна. Таны ярьж байгаа яг зөв. Болохгүй байсан болохоор би Чингис хаан баялгийн сан болгосон. Үнэхээр ашиг орлого олоод, ард иргэдэд өгөөж нь очоод байвал цалин, урамшуулал авах нь нээлттэй. Гэтэл алдагдалтай байгаа бол ийм цалин авахыг би хэрхэвч зөвшөөрөхгүй. Тийм учраас Төрийн өмчит компанийн тухай хуулиа батлаад өгчих. Тэгээд наадмаас өмнө гадны менежментийг оруулж байгаад цэгцлээд өгнө. Сюрприз барина гэж хэлсэн. Харин ар, өврөөс янз бүрийн хүн амьтан яриад байв. Монгол жижигхэн учраас Ерөнхий сайдын ажил зовлонтой юм байна лээ. Надад жаахан хугацаа өгөөрэй гэж хэлье.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: -Би тантай далд халамжийн талаар ярих гэж байгаа. МАН иргэдээ мэдээгүй байхад нь хүртэл халамжлаад явж байдаг. Манай улс нүүрсний арвин их нөөцтэй хэрнээ Хятад улсаас худалдаж авч өвөлждөг болоод хоёр жил болох гэж байна. Нэг тонныг нь хил дээр ирэхдээ 738 мянган төгрөгөөр 360 мянган тонныг худалдаж авдаг. Улаанбаатар хотод ирэхдээ 1.160 мянган төгрөг болдог. Үүнийгээ иргэнд 200 мянган төгрөгөөр борлуулдаг. Зөрүү 960 мянган төгрөгийг нь төр татвар төлөгчдийн мөнгөөр даадаг. Үүнийг хүмүүс мэдэхгүй, халамжийн хэлбэрээр явдаг. Ноднин жил бид 555 тэрбум төгрөгөөр Хятад улсаас нүүрс авч түлсэн. Энэ жил дахиад нийслэлийн төсөв дээр 280 тэрбум төгрөгийг баталчихсан. Бидний үндсэн бодлого энэ мөн үү. Энэ бол далд халамжийн нэг хэлбэр. Үүнийг төр хийдэг буюу МАН удирдан зохион байгуулж, улаанбаатарчуудын түлшний асуудлыг шийдсээр ирсэн.
Ерөнхий сайд Н.Учрал: -Агаарын бохирдлыг бууруулахад л чиглэсэн алхам. Төсөв дээр ачаалал аваад ирсэн юм байна лээ. Гэхдээ Багануур дээр Перолисийн үйлдвэр байгуулах ажлыг Л.Гантөмөр дарга бид хоёр ярьж эхэлсэн. Би энэ ажлыг явуулъя гэж бодож байгаа. Тиймээс ирэх жилээс гаднаас түлш авдаг байдлыг зогсоох ёстой.
Т.ДАРХАН
Эх сурвалж: Өдрийн сонин

























































Сэтгэгдэл