Үндэсний их баяр наадмын тухай гадаадын жуулчид юуг онцлов?
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна.
Сүүлийн жилүүдэд Дэлхийд ганц Монгол наадмыг үзэхээр алс холоос зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Наадмын нээлтийн үеэр гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонслоо.
Хүмүүс бүгд инээж, баяр хөөртэй наадаж байгааг харахад сайхан сэтгэгдэл төрлөө

Америкийн жуулчин Анна Ребека: Би англи хэлний багш мэргэжилтэй. Одоогоор Монголд сайн дурын англи хэлний багшаар ажиллаж байна. Цагаан сарын үеэр Монголд ирсэн. Монголд ирэхээсээ өмнө Америкт хоёр сарын турш монгол хэл сурсан. Монгол наадмыг анх удаа үзэж байна. Наадам үзэх үнэхээр сайхан санагдаж, маш их догдолж байна. Хүмүүс бүгд инээж, баяр хөөртэй наадаж байгааг харахад сайхан сэтгэгдэл төрлөө. Миний хамгийн дуртай монгол хоол бол хуушуур. Бас монгол хүмүүс их найрсаг, сайхан сэтгэлтэй санагддаг. Монголын үзэсгэлэнт байгаль надад маш их таалагдсан.
Наадмын нээлт миний үзэж байсан хамгийн гайхалтай тоглолтын нэг байлаа

Америкийн жуулчин Марко Венагас, Нать Ратбаун: Бид хоёр Америкийн Мэн мужаас долоодугаар сарын 3-нд Монголд ирсэн. Ирээд эхний долоо хоногтоо Баян-Өлгий аймгаар аялж, байгалийн сайхан, өвөрмөц соёлтой нь танилцсан. Монголын өв соёл үнэхээр гайхамшигтай санагдлаа. Байгаль нь үзэсгэлэнтэй, уул ус нь сүрлэг сайхан юм. Мөн энэ удаа анх удаа Үндэсний их баяр наадмын нээлтийг үзсэн. Энэ бол миний үзэж байсан хамгийн гайхалтай тоглолтын нэг байлаа. Олон хүн хүчээ нэгтгэн хамтдаа гайхамшигтай үзүүлбэр үзүүлж байгааг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Монголын дуу хөгжим, өв соёл маш баялаг болохыг мэдэрлээ. Наадмын нээлт үзэхээр ирэхдээ ойр хавьд зарж байсан малгайнаас нэгийг худалдаж авч өмссөн. Бас монгол хоол маш амттай санагдсан. Ялангуяа хуушуур хамгийн их таалагдсан. Махтай, шарж хийдэг болохоор маш амттай байсан.
Миний өмссөн монгол дээлийг хадам ээж маань надад бэлэглэсэн

Австралийн иргэн Денис Пипич: Би эхнэрийнхээ гэр бүлтэй танилцахаар анх удаа Монголд ирсэн. Монголд ирсэндээ маш их баяртай байна. Миний өмссөн монгол дээлийг хадам ээж маань надад бэлэглэсэн. Дээл өмсөхөд үнэхээр сайхан санагдсан. Үндэсний их баяр наадмын нээлтийг үзсэн. Үндэсний бахархал, эрч хүчийг мэдрүүлсэн үнэхээр гайхалтай тоглолт байлаа. Ялангуяа морьтой үзүүлбэр, дуу хөгжим, бүжиг нь надад маш их таалагдсан. Монгол хоолноос махан хоолнууд нь хамгийн амттай санагдсан. Бас айраг анх удаа ууж үзлээ. Харин хуушуурыг шар айрагтай хослуулж идэж, уухад их сайхан зохицож байсан.
Наадмын нээлтийн үзүүлбэр бүр нь үндэсний өв соёлоо харуулж байгаа нь сайхан санагдлаа

Америкийн жуулчин Люси Тернэйт: Би Юта мужаас ирсэн. Манай дүү Монголд англи хэлний багшаар ажилладаг. Тиймээс бид түүнийг зорин, гэр бүлийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй анх удаа Монголд ирлээ. Монголын соёл үнэхээр гайхамшигтай санагдсан. Ялангуяа Үндэсний их баяр наадмын нээлт бидэнд маш их сэтгэгдэл төрүүллээ. Үзүүлбэр бүр нь үндэсний өв соёлоо харуулж, бахархлыг гайхалтай илэрхийлж байсан. Энэ аяллаас маш сайхан дурсамжтай буцаж байна. Дараагийн удаа найз нөхдөө ч дагуулж, илүү олуулаа ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

БНСУ-ын жуулчин Юү Жү Юүн: Манай улсад үндэсний хэмжээний том фестифал байдаггүй болохоор монгол наадмын нээлт өвөрмөц, сонирхолтой санагдлаа. Бид Монголд, монголын үзэсгэлэнт байгалийг харах гэж ирсэн. Хөдөө шөнө орой од гоё харагддаг гээ сонсоод Монголд ирсэн. Харамсалтай нь бороо ороод үүлтэй од харж чадсангүй.
Бид эрт дээр үеэс эвтэй байсаар ирсэн. Эртний дайны үед ч дайснууд болж байсан удаагүй болохоор маш ойр дотно санагддаг. Монгол Солонгос хүмүүсийн царай төрх ч хамгийн төстэй өнөөдрийн барилга байгууламж болон cu гэх мэт дэлгүүрүүд ч солонгостой адил мэдрэмж төрж бна. Цаашдаа эвтэй сайхан харилцаагаа улам батжуулаасай гэж хүсэж байна.
Ж.БОЛОР
































































Сэтгэгдэл