Аргентинчууд 7 дахь удаагаа ДАШТ-ий финалд шалгарлаа
Лионел Мессигийн өгсөн хоёр оновчтой дамжуулалтын үр дүнд дэлхийн аварга Аргентины шигшээ баг 2:1 харьцаагаар Английн багийг буулган авч, ДАШТ-ий финалд шалгарлаа.
АНУ-ын Жоржиа муж улсын Атланта хотод өнгөрсөн шөнө болсон хагас шигшээгийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудын нэг байв. Хэдийгээр эхний үед гоол ороогүй боловч эхний минутаас эхлэн талбайн бүх хэсэгт ширүүн тулаан явагдаж, нэг хаалганаас нөгөө рүү довтолгооны давалгаа үргэлжилсээр. Хоёр багийн тоглогчид хоорондоо байнга толхилцох үед тэднийг салгаж байсан Америкийн шүүгч Исмаил Эльфат энэ тоглолтын гол баатруудын нэг байв.
Тоглолтын 55 дахь минутанд Морган Рожерсын жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Энтони Гордон хаалганд оновчтой цохиж оруулснаар англичууд тооны харьцааг нээлээ. Удалгүй “Гурван арслан” гэгддэг Английн шигшээ баг нэг гоолоо хамгаалж үлдэхийн тулд битүү хамгаалалтад шилжив. Мессигийн багийн олон ширүүн довтолгооны явцад бөмбөг азтай тохиолдлоор хэд хэдэн удаа Жордан Пикфордын хаалганы хажуугаар шүргэх шахам өнгөрлөө. Харин тоглолтын 85 дахь минутанд Мессигийн өгсөн дамжуулалтаар Энцо Фернандес холын зайнаас гоёмсог цохилт хийснээр тооны харьцаа 1:1 болов. Улмаар нэмэлт цагийн 2 дахь минутанд Мессигийн дамжуулсан бөмбөгийг Лаутаро Мартинес толгойгоороо цохиж шийдвэрлэх гоолыг орууллаа. Ийнхүү ДАШТ-д Мессигийн өгсөн оновчтой дамжуулалтын тоо 12 болж байна.
Аргентин-Английн өрсөлдөөний түүхээс
Атлантад болсон энэ удаагийн тоглолт нь сүүлийн 24 жилийн хугацаанд хоёр баг ДАШТ-д анх удаагаа учраа таарсан анхны тохиолдол байлаа.
Ташрамд дурдахад, Аргентины багийн гарааны бүрэлдэхүүнд 31 настай Жованни Симеоне багтжээ. Түүний эцэг Диего Аргентин-Английн өрсөлдөөний түүхэнд хамгийн их дуулиан тарьсан тоглолтод оролцож байжээ. 1998 оны ДАШТ-ий тухайн тоглолтын үеэр түүнтэй маргалдсан Дэвид Бекхэм талбайгаас хөөгдөж байв. Дөрвөн жилийн дараа болсон ДАШТ-д Бэкхэм 11 м-ийн торгуулийн цохилтоор хожлын гоолыг Аргентины хаалганд хийж байжээ. Энэ удаад Диегогийн хүү Жованни ДАШТ-ий хэсгийн шатанд Саудын Арабтай хийсэн тоглолтод оролцож, 72 дахь минутанд сэлгээгээр талбайгаас гарчээ.
Түүх сөхвөл, Английн баг түүхэндээ цорын ганц удаа буюу 1966 онд эх орондоо болсон ДАШТ-д түрүүлсэн юм. Тухайн үед англичууд шөвгийн наймд Аргентины багийг хожиж байсан бөгөөд тус багийн ахлагч Антонио Раттиныг талбайгаас хөөсөн нь шударга бус шийдвэр хэмээн аргентинчууд эсэргүүцэж байв.
Харин Мексикт болсон ДАШТ-1986-ын шөвгийн наймын тоглолтод Д.Марадонагийн хийсэн хоёр гоолын ачаар аргентинчууд Английн шигшээг хожсон билээ.
Аргентины шигшээ баг 1978, 1986, 2022 онуудад дэлхийн аварга болж, 1930, 1990, 2014 онуудад мөнгөн медаль хүртсэн юм.
Одоо Франц, Английн багууд хүрэл медалийн төлөө 19-нд шилжих шөнийн 05 цагаас тоглоно. Харин Испани, Аргентины багууд аваргын төлөө 20-нд шилжих шөнийн 03 цагаас тоглоно. Финалын тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотын New York New Jersey (MetLife) цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Б.Адъяахүү



















.jpg)













































Сэтгэгдэл