Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Наадам, найр дуусч, хэн хүнгүй ажилдаа орж эхэллээ. Тэр дундаа төр, засгийн хувьд нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлаа шийдвэрлэх олон ажлууд байна. Ер нь энэ Засгийн газар намрын бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна гэж та харж байна вэ?
-"Наадмын дараа намар" гэдэг үгийг монголчууд санаанаасаа зохиогоогүй. Нүүдэлчин ард түмний хувьд өвөл, хаврыг давахын тулд намрын бэлтгэлээ сайн хангах нь амин чухал байсаар ирсэн. Өнөөдөр ч энэ ач холбогдол хэвээрээ байна. Монголчуудын хамгийн том онцлог бол дөрвөн улиралтай оронд амьдардаг учраас өвөлжилтийн бэлтгэлээ намар сайтар хангах шаардлагатай байдаг. Одоо зуны адаг сар гарч, хэдхэн хоногийн дараа дундаа орно. Саяхан Засгийн газрын хуралдаанаар намрын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн тухай мэдээлэл авлаа. Гэвч бодит байдал дээр Засгийн газар намрын бэлтгэлээ ямар түвшинд төлөвлөж, хэрхэн хангаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
-НЭГНЭЭ АРГАЦААСАН, ХООСОН МЭДЭЭЛЛЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ТАЙВШРУУЛДАГ МУУ ЗУРШЛАА ЭНЭ УДААД БОЛИХ ХЭРЭГТЭЙ-
-Засгийн газрын ажил тодорхойгүй гэдэг нь ажлаа хийхгүй байна гэсэн үг үү. Сүүлийн үед шатахууны асуудлаас болоод салбарын сайдыг нь ажлаа хийхгүй, Засгийн газар бодлого зохицуулалтгүй байна гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж байна?
-Яагаад энэ асуудлыг хөндөж байна вэ гэвэл бид өнөөдөр дайны цаг үед амьдарч байгаагаа мартаж болохгүй. Америк, Ираны хоорондын мөргөлдөөн зогсох болов уу гэсэн хүлээлт байсан ч нөхцөл байдал улам хүндэрч байна. Энэ мөргөлдөөний хамгийн том онцлог нь дэлхийн хэмжээнд түлшний хангамжид ноцтой эрсдэл үүсгэж байгаа явдал юм. Үүний улмаас олон улс шатахууны хэрэглээгээ огцом бууруулах шийдвэр гаргаж эхэлж байна. Монгол Улсын хувьд үндсэн тээврийн хэрэгсэл нь автомашин. Уул уурхай, хөдөө аж ахуй, Улаанбаатар хотын хөдөлгөөн гээд бидний бүхий л салбар бензин, шатахуунд тулгуурлаж байдаг. Манай улс өргөн уудам нутагтай ч төмөр замын хүртээмж хангалтгүй, метро болон бусад цахилгаан тээврийн хөгжсөн систем байхгүй. Өөрөөр хэлбэл, бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй болсон. Тиймээс нэгнээ аргацаасан, хоосон мэдээллээр өөрсдийгөө тайвшруулдаг муу зуршлаа энэ удаад болих хэрэгтэй. Бидний өмнө бодит эрсдэл тулгарч байна. Иймээс Засгийн газар маш тодорхой, бодитой ажлуудыг хийх ёстой гэж үзэж байгаа юм.
-Түлш, шатахуун, үнийн өсөлт зэрэг асуудлаар Засгийн газраа шахаж, чиглэл өгч ажиллах ёстой парламентын хувьд түр завсарлачихсан байгаа шүү дээ...?
-Тийм. Парламент одоогоор завсарласан учраас бидний дуу хоолой хэвлэл мэдээллээр, та бүхнээр дамжин Засгийн газарт хүрэхээс өөр боломжгүй цаг үе байна. Тиймээс Монгол Улс жилдээ хэрэглэдэг хоёр сая орчим тонн бензин, шатахууныхаа нөөцийг бүрдүүлэх боломж ямар байгаа вэ гэсэн асуултад Засгийн газар маш тодорхой хариулт өгөх шаардлагатай. Мөн хойд хөршийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл 40-50 хувиар буурч байгаа тухай мэдээлэл байна. Хоёр тал хоёулаа дрон, пуужингийн довтолгоонд өртөж байгаа ийм нөхцөлд хамгаалалтын системээ богино хугацаанд бүрэн шинэчлэх боломж аль алинд нь хязгаарлагдмал байна. Тиймээс эдгээр довтолгоо цаашид үргэлжлэх эрсдэл өндөр. Газрын тос өөрөө нэг зүйл, харин газрын тос боловсруулах үйлдвэрлэл өөр асуудал. Өмнө нь үйлдвэрлэлийн байгууламжууд руу довтолдог байсан бол одоо хадгалалтын нөөц, агуулахуудыг онилсон довтолгоо эрчимжиж байна. Энэ бүхэн дэлхийн шатахууны нийлүүлэлтэд маш хүчтэй нөлөөлөх нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Иймээс бензин, шатахууны хангамжийн асуудлыг Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай. Нөгөө талаас урд хөрштэй хийх шатахууны хангамжийн хэлэлцээг шуурхай эхлүүлж, маш тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна.
-Ийм нөхцөлд Засгийн газар ямар арга хэмжээг нэн тэргүүнд авах ёстой гэж та үзэж байна вэ?
-ОХУ жилд ойролцоогоор 120 сая тонн шатахуун хэрэглэдэг. Харин урд хөрш жилдээ 400 гаруй сая тонн шатахуун хэрэглэж, үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгч орон. Сайн мэдээ гэвэл БНХАУ-ын шатахууны борлуулалт дөрвөн хувиар буурсан гэсэн мэдээлэл өнгөрсөн сард гарсан. Нийт хэрэглээ нь агшиж байна. Үүний гол шалтгаан нь цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй өссөнтэй холбоотой. Ингэснээр бензин, дизель түлшний эрэлт буурч байгаа юм. Дөрвөн хувийн бууралт гэдэг бага тоо биш. Жишээлбэл, 400 сая тонн хэрэглээнээс нэг хувь нь дөрвөн сая тоннтой тэнцэнэ. Тэгэхээр дөрвөн хувийн бууралт гэдэг нь жилд 16 сая тонн орчим хэрэглээ хумигдаж байгааг илэрхийлж байна. Энэ нь манай улсын хэрэглээтэй харьцуулахад асар том хэмжээ юм. Монгол Улсын жилийн шатахууны хэрэглээ 1.5-2 сая тонн орчим. Сардаа ойролцоогоор 160 мянган тонн шатахуун шаардлагатай байдаг. Тиймээс бид яаралтай урд хөрштэй шатахуун нийлүүлэх хэлэлцээгээ эхлүүлэх хэрэгтэй. Үүний тулд Гадаад харилцааны сайд яаралтай БНХАУ-д ажиллаж, дизель түлш болон автобензин импортлох гэрээг тодорхой болгох шаардлагатай. Бид аль болох тээврийн зардал багатай, хямд үнээр шатахуун нийлүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Хамгийн гол нь байгуулсан гэрээ, тохиролцоогоо Монголын ард түмэнд ойлгомжтой, ил тод мэдээлдэг байх хэрэгтэй.
-Засгийн газар, холбогдох салбарын удирдлагуудын хувьд манай улс шатахууны нөөцтэй, санаа зоволтгүй л гэж байнга мэдээлэх юм. Нөөц хангалтай юм бол яагаад хомсдол бий болоод байна вэ?
-Ер нь 20 хоногийн нөөцтэй, 60 хоногийн нөөцтэй гэсэн ерөнхий мэдээллээр асуудалд хандах нь хангалтгүй. Наймдугаар сарын 1 гэхэд сая хэлсэн энэ хэлэлцээр бүрэн ойлгомжтой болсон байх шаардлагатай. Яагаад үүнийг онцолж байна вэ гэхээр өнгөрсөн намар тариа, буудай, өвс тэжээлээ базаах хамгийн чухал үед шатахуун тасарсан. Гэтэл энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Ийм нөхцөл байдал энэ жил давтагдаж болохгүй. Монгол Улс жилдээ 400 мянга орчим тонн улаанбуудай хураах хүчин чадалтай болсон. Гэтэл өнгөрсөн жилийн ургац төлөвлөснөөс 100 мянган тонноор бага гарсан. Тиймээс энэ намар хэдэн тонн ургац хураах боломжтой вэ гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд маш тодорхой гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Үүнтэй хамт тухайн ургацыг бүрэн хураахад ямар хэмжээний шатахуун шаардлагатай вэ гэдгийг ч мөн тодорхой тооцож танилцуулах ёстой. Ялангуяа наймдугаар сард агаарын температур маш өндөр байх төлөвтэй байна. Европт ч, урд хөршид ч хэт халалт үргэлжилж байна. Ер нь дэлхийн олон бүс нутагт халалтын түвшин өндөр байгаа энэ үед манай улсын ургацад ямар нөлөө үзүүлэхийг мэргэжлийн байгууллагууд бодитой тооцоолж, таамаглалаа гаргах шаардлагатай. Тэр үнэлгээнд үндэслэн ургац хураалтын бэлтгэлээ хийх нь зөв.
-Намрын ажил эхлээгүй байхад шатахууны хомсдол бий боллоо. Нөгөөтэйгүүр энэ жилийн ургац хураалт, тэр дундаа улаанбуудайн хомсдол бас үүсэх эрсдэлтэй гэж салбарынхан нь хэлж байсан...?
-Үүнтэй холбоотойгоор анхаарах нэг асуудал бий. Хар тэнгисээр дамжин яваа үр тарианы худалдааны урсгалд дахин халдлага гарч эхэллээ. Сүүлийн мэдээллээр Туркийн хоёр ачаа тээврийн хөлөг онгоц дэлбэрэлтэд өртсөн гэсэн мэдээлэл байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр улаанбуудай дахин хомсдох эрсдэл үүсч байгааг харуулж байгаа юм. Нөгөө талаар Ормузын хоолойн нөхцөл байдлын улмаас дэлхийн хэмжээнд бордооны нийлүүлэлт ч эрс буурч байна. Ийм нөхцөлд энэ жилийн тариалангийн үр дүнг урьдчилан таамаглахад улам хүндрэлтэй болж байна. Магадгүй хоёр ургац авдаг орнуудаас импорт хийх шаардлага үүсч болох юм. Гэхдээ тэр үед дэлхийн зах зээл дээр улаанбуудай хангалттай байх уу гэсэн эрсдэл биднийг хүлээж байна.
Өөр нэг асуудал бол хүнсний ногооны хангамж. Бид энэ намар хүнсний ногооны нөөц, хадгалалт, агуулах, зоорийн асуудлаа бүрэн шийдэх шаардлагатай. Энэ талаар Засгийн газар маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Учир нь мэдээлэл тодорхой биш байвал намар ургац ихээр гарсан үед эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс болж үнэ огцом унадаг. Ингээд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хадгалж чадалгүй муутгадаг. Харин Цагаан сар дөхөхөөр эргээд огцом өсдөг. Энэ нь айл өрхийн амьжиргаанд шууд дарамт болдог. Гол шалтгаан нь хүнсний ногооны хангамж тасалддагтай холбоотой. Тиймээс хүнсний ногооны зоорь, агуулахын тооллогыг маш тодорхой гаргаж, мэдээллийг нь ил тод болгох хэрэгтэй.
-Ургац хураалт, шатахууны хомсдол гээд асуудал их байна. Нөгөөтэйгүүр энэ өвөл эрчим хүч, дулааны хувьд яах вэ. Дахиад тасрах уу, эсвэл бүр хөлдөх эрсдэл үүсэх үү. Үүнд Засгийн газар хэрхэн анхаарах шаардлагатай гэж та харж байна вэ?
-Өнгөрсөн өвөл юу болсныг бид бүгд мэднэ. Улаанбаатар хот эрчим хүчний хязгаарлалтад орсон. Ийм нөхцөл байдлыг дахин давтаж болохгүй. Саяхан цахим орчинд нэгэн дулааны цахилгаан станцад ажиллаж байгаа инженерийн бичлэг нийтлэгдсэн. Турбины доор ус тогтож, ажилчид усан дунд ажиллаж байгаа дүр зураг харагдсан. Ийм нөхцөлд тухайн станцын найдвартай ажиллагаа ямар байгаа талаар Эрчим хүчний яам маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн Баянгийн цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгаа, Бөөрөлжүүтийн цахилгаан станцад өнгөрсөн өвөл гарсан гэмтэл энэ жил давтагдахгүй гэх баталгааг хэрхэн хангаж байгаа талаар Эрчим хүчний сайд газар
дээр нь ажиллаж, бодит мэдээлэл өгч, шаардлагатай дэмжлэгийг хэрхэн үзүүлж байгаагаа олон нийтэд ойлгомжтой тайлбарлах шаардлагатай. Дахин хэлэхэд, бензин, шатахууны хангамжаа маш тодорхой болгох хэрэгтэй. Гэрээ, логистик, тээвэр, нийлүүлэлт гээд бүх түвшинд асуудлаа бүрэн шийдэж, энэ ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Хэрэв ингэж төвлөрөхгүй бол бүх зүйл сайхан болж байгаа мэт ярьсаар байгаа
эцэстээ хүндрэлтэй нүүр тулдаг байдал давтагддаг.
-Сүүлийн үед иргэдэд хамгийн их дарамт болж байгаа асуудал бол махны үнэ. Гэтэл энэ асуудал дээр өнөөдөр бодитой шийдэл алга...?
-Өвөлд хангалттай хэмжээний мах бэлтгэх боломжтой юу, нөөцөө бүрдүүлж чадах уу, санхүүжилтийн эх үүсвэр бий юу, нийлүүлэх хэмжээ нь тодорхой болсон уу гэдэг асуултад Засгийн газар тодорхой хариулах ёстой. Тухайлбал, аль аймаг, аль сум хэдэн тонн мах бэлтгэх вэ. Үүнд ямар хэмжээний зардал гарах вэ, хадгалах зоорийн хүчин чадал хэд байх вэ гэдгийг тоо баримттай нь танилцуулах хэрэгтэй. Энэ бол шийдэхэд боломжгүй том асуудал биш.
-Та түрүүн хэллээ. Манай урд хөрш 400 сая тонн түлшний тухай ярьж байхад бид энд хоёрхон сая тонныг зохицуулж чадахгүй байна гэж. Асуудлыг шийдэх сэтгэл дутаж байна уу, аргацаах, ажлаас зугтаах байдал их байна уу?
-Ийм хэмжээний хэрэгцээгээ 100 хувь хангаж чадна гэдэгтээ л Засгийн газар утгаа төвлөрөх ёстой байхгүй юу. Үүнээс л бид энэ өвлийг өнтэй давах уу, үгүй юу гэдэг шийдэгдэнэ. Яагаад өвлийг өнтэй давах ёстой вэ гэвэл өнгөрсөн өвөл маш олон хүн даарч, хөлдсөн. Шатахуунгүй болж, бензин авахын тулд олон цагаар дугаарласан. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлсэн, хэдэн автомашин эвдэрч, хөлдөж үлдсэн зэрэг асуудлыг өнөөдөр бараг ярихгүй өнгөрч байна. Тиймээс бид одоо нэгнээ аргацаах, хуурах биш үнэн мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй. Ямар ажил хийсэн, ямар үр дүнд хүрсэн, ямар асуудлыг хэрхэн шийдсэн талаар ойрын хугацаанд Монголын ард түмэнд маш тодорхой мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна. Эс бөгөөс дараа нь дахиад л хөлдөнө, даарна, эрчим хүч тасарна, шатахуун хомсдоно, хүндрэл үүснэ. Ийм нөхцөл байдлыг дахин давтаж болохгүй.
-Асуудал их байна. Засгийн газар, холбогдох салбарын сайд нар нь асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь үнэн. Тэгвэл одоо хариуцлага яригдана байх, зөв үү?
-Асуудал үүсэх бүртд хэн нэгэнд хариуцлага тохож, нэг албан тушаалтны буруугаас болсон мэтээр тайлбарлаад өнгөрдөг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцах ажил. Мөн Шадар сайд нарын хийх ёстой үндсэн ажил юм. Шадар сайд гэдэг бол Ерөнхий сайдын өмнөөс асуудлыг зохион байгуулж, шуурхай ажилладаг хүмүүс. Өнөөдөр тэд гадны түншүүдтэйгээ уулзаж, хэлэлцээрээ хийж, асуудлаа газар дээр нь шийдвэрлэж байх ёстой. Гэтэл бодит байдал дээр яг юу болж байна вэ. Тухайлбал, “Петро Чайна”-тай хэн хэлэлцээ хийж байгаа нь тодорхойгүй байна. Хэн уулзсан, ямар гэрээ байгуулсан, тэр гэрээ ямар эрх зүйн хүчин чадалтай вэ гэдэг талаар олон нийт ойлгомжтой мэдээлэлгүй байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудлыг маш тодорхой ярилцах боломж байсан. "Иж бүрэн стратегийн түншлэл" гэх ерөнхий уриа биш, харин бодит асуудлаа ярилцах ёстой байсан. Жишээлбэл, Монгол Улс сар бүр 100 мянган тонн шатахуун импортлох хэрэгцээтэй. Энэ бол БНХАУ-ын хэмжээнд маш бага тоо. Тэдний шатахууны борлуулалт дөрвөн хувиар буурсан байгаа нөхцөлд тэр хэмжээнээс ердөө нэг хэсгийг Монгол Улсад нийлүүлэх талаар маш тодорхой хэлэлцээ хийх боломжтой. Үүнтэй адил махны бэлтгэлийн асуудал дээр ч зах зээлийн бодит судалгаагаа хийж, компаниудтайгаа урьдчилан тохиролцож, энэ намар хэдэн төгрөгөөр, ямар нөхцөлөөр мах бэлтгэхээ тодорхой болгох хэрэгтэй. Японы Засгийн газар өнөөдөр стратегийн нөөцөө нэмэгдүүлэхдээ ямар эх үүсвэртэй холбогдож байгаагаа ард иргэддээ өдөр бүр мэдээлж байна. Мөн импортын барааны үнийн өсөлтийг иргэдийн амьдралд дарамт болгохгүйн тулд түгээлтийн шатанд ямар хэмжээний татаас олгож байгаагаа ч ил тод зарлаж байна.
-Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийг хэрхэн тогтоон барихаа нээлттэй тайлбарлаж байдаг гэсэн үг үү?
-Тийм. Үнийн өсөлтийн талаар би дараа нь тоо баримттайгаар дэлгэрэнгүй ярья гэж бодож байна. Ер нь инфляцитай бодитой тэмцэж чадахгүй байгаа нь бидний хийсэн бусад ажлын үр дүнг хүртэл үгүй хийдэг. Үүний улмаас "амьдрал улам дордлоо" гэсэн үг хүн бүрийн амнаас гарч байна. Учир нь хүмүүс олж байгаа орлогоороо амьдралаа авч явж чадахгүй болсон. Тиймээс ард иргэдийн орлого амьдралд нь хүрдэг байхын тулд Засгийн газар ямар асуудалд оролцох, юуг дэмжих, ямар бодлого хэрэгжүүлэхээ маш тодорхой төлөвлөх хэрэгтэй. Иргэдэд ойлгомжтой төлөвлөгөө танилцуулах шаардлагатай. Мөн долдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс ямар боломжуудыг ашиглах вэ гэдгээ Засгийн газар тогтмол мэдээлж байх ёстой. Ноолуураа хэрхэн борлуулах вэ, арьс ширээ яаж экспортлох вэ, бусад түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар бодит ажил хийж байх хэрэгтэй. Монголын компаниудын өмнө шинэ зах зээл нээгдэж байна. Энэ зах зээл рүү үндэсний аж ахуйн нэгжүүдээ хэрхэн бэлтгэж, өрсөлдөх боломжийг нь бүрдүүлэх вэ гэдэг асуудлыг өнөөдөр ярьж эхлэх ёстой. Мэдээж энэ бол асар өндөр худалдан авах чадвартай зах зээл биш. Бидэнтэй ойролцоо эдийн засгийн түвшинтэй хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тухай ярьж байгаа. Гэхдээ энэ зах зээл дээр Монголын компаниуд хүчээ сорих ёстой.
-Харин энэ бэлтгэл хаана байна вэ. Бэлтгэлээ хийсэн үү?
-Наадмын өмнө олон хурал, зөвлөгөөн болсон. Гэхдээ яг ийм бодит бэлтгэл хийсэн талаар дорвитой мэдээлэл сонссонгүй. Миний үед ОХУ-тай хэлэлцээр хийхдээ Оросын төмөр зам зэрэг томоохон байгууллагуудад Монголын бүтээгдэхүүн нийлүүлэх талаар тодорхой яриа хэлэлцээ өрнүүлж байсан. Тэр ажлууд өнөөдөр хаана байна вэ. Яагаад ярьж байсан зүйлс дараа нь чимээгүй болж, бараг нууц мэт болчихдог юм бэ. Ийм асуудлуудаа ил тод ярьж, олон нийтэд мэдээлээд урагшлах нь зөв гэж бодож байна. Засгийн газар хичээгээрэй. Монголын ард түмэн бодит ажил, үр дүнг л хүлээж байна. Бид өнөөдөр дайны эрсдэлтэй дэлхийд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Энхийн цаг үед бол зах зээлийн жамаараа асуудлууд тодорхой хэмжээнд зохицоод явдаг. Харин дайны эрсдэлтэй үед төр ажиллах, илүү их хөдөлмөрлөх, хариуцлага хүлээх шаардлагатай болдог.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН






























































.jpg)



Сэтгэгдэл