Төрт ёсны баярыг үл хүндэтгэсэн бөхчүүдийг төрийн наадамд барилдуулах хэрэг байна уу?

Д.Тулга / Спорт

Шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн баяр энэ сарын 13-нд боллоо. Монгол төрийн Үндсэн хуулиндаа хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан Бөхийн өргөөнд болж хүчит 224 бөх зодоглосон. Уг барилдаанд Д.Рагчаа гарьд, Д.Баасандорж заан нарыг эс тооцвол бараг л залуу бөхчүүд зодоглосон гэхэд хилсдэхгүй. Долоо хоног бүр болдог аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан шиг юм боллоо. Өнөө цагийн бөхийн өнгө жавхаа болсон залуу аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд нарын шуугиулж барилддаг хүчтэнүүд бүгд зодоглосонгүй.

Шинэ Үндсэн хуулийн ой бол төрт ёсны том баяр. Энэхүү баярт зориулсан барилдаан нь улсын наадам, цагаан сар, Тусгаар тогтнолын ой буюу арванхоёрдугаар сарын 29-нд болдог Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дараа орно. Эрэмбэ ёсоороо дөрөвдүгээрт бичигдэнэ гэсэн үг. Гэвч Монгол төрийнхөө хүндэтгэлт энэхүү барилдааныг бөхчүүд үл тоож, огтхон ч анхаарч үзсэнгүй. Харин Үндсэн хуулийн уламжлалт барилдаанаа үзэх гэж олон түмэн Бөхийн өргөөнд цагаан сарын баяр шиг л цугласан байна лээ. Үнэхээр бөхчүүд бэртэл гэмтэлтэй байв уу, Үндсэн хуулийн барилдаан цагаасаа эрт эхлэв үү гээд олон асуулт тулгарсан. Эл бүгд аварга, арслангууд зодоглоогүйн шалтгаан болсонгүй ээ. Залуу аварга С.Мөнхбат ханиад хүрсний улмаас, арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, гарьд Б.Гончигдамба нар бэртлийн улмаас барилдаагүй гэх мэдээлэл байна. Монголын ард түмэн ямар ч үед бөхчүүдээ дээдэлж, байгаа бүхнээ тэдэнд барьж гүйдэг. Сумынхаа нэрийг улс даяар гаргалаа хэмээн хөлстэй нүцгэн харчуулд дотор нь төөрмөөр олон өрөө тансаг байрууд, том том жийп машины түлхүүр атгуулдаг. Гэвч бөхчүүд ард түмнийхээ их хайр хүндлэлийг дааж чаддаггүй нь харамсалтай. Ард түмнээ басамжилж, дор үздэгийн нэгэн баталгаа нь Үндсэн хуулийн барилдаан боллоо. Аль нэг мөнгөтэй компанийн нэрэмжит өндөр бай шагналтай барилдаан байсан бол бөрхчүүд юун бэртэл гэмтэл, ичихгүй бүгд зодоглоно доо. Тэр жил түрүүлсэн бөхийг автомашинаар байлах нэгэн компанийн жижигхээн барилдаанд улсын цолтой нөхдүүд Бөхийн өргөөнд багтахгүй шахамж цуглаж, хөгшин залуугүй бүгд зодоглож байсныг санах юм. Гэхдээ тэдний барилдахыг буруу гэсэнгүй. Гол учир нь өндөр бай шагналтай наадамд зодоглоод төрт ёсныхоо баярыг дорд үзэж буйд өмнөөс нь харамсаж байна. Аливаа баяр наадамд зодоглон, ард түмнээ цэнгүүлэх нь бөхчүүдийн ажил. Төрт ёсныхоо баяр буюу Үндсэн хуулийн ойд бөхчүүд ажлаа хийсэнгүй. Тиймээс төрт ёсны баяраа дорд үзэж буй бөхчүүдийг төрийн их наадамд зодоглуулж мандуулах хэрэг байна уу. Хэдэн хөлстэй нүцгэн нөхдөд Монголын төр цол хэргэмийг нь гүн хүндэтгэлтэйгээр өгч, түмэн олноороо шагшин магтах хэрэг байна уу даа.

С.АЛТАНЦЭЦЭГ

www.DNN.MN


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:57


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.