М.Энхсайхан: Нэгнээ дэгээдэж унагасаар байвал эцэст нь Монголын тал л сөхөрч үлдэнэ

Д.Тулга / Эдийн засаг

enhsaihan

Монголчуудын дунд хүлээлт үүсгээд байгаа томоохон төсөл болох Тавантолгой мега төслийн эргэн тойронд яригдаж буй асуудлуудаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар болон мега төсөл дээр Монголын талаас ажиллаж буй ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-д Чалкод төлөх өрөөс гадна өөр өр зээл бий. Чалкогийн асуудлаар тохиролцоонд хүрсэн үү?

-Чалкогийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй байна. Чалкогоос 350 сая ам.доллар аваад хүний хөгжлийн мөнгө нэрээр ард түмэнд тараачихсан шүү дээ. Энэ өрийг дарахаар “Эрдэнэс Тавантолгой” ажилласаар байгаад баралгүй дампуурсан. Одоогийн байдлаар Чалкод 150 сая ам.долларын өртэй. Гэтэл энэ өрийг дарахын тулд 150 сая ам.долларын зардал гаргаж ажиллахаар болчихоод байгаа. Барьцаанд нь зүүн Цанхийн ордоо өгчихсөн байдаг. Гэрээ нь хаалттай байсан учраас үүнийг мэдэх боломжгүй байсан юм. Одоо Тавантолгойн төсөл үнэхээр эмзэг байна.

-Тавантолгойн захирлыг хорьчихсон байгаа. Үүнтэй холбоотойгоор төсөл зогссон уу? Төсөл яг одоо үргэлжилж байна уу. Эсвэл гацчихсан уу?

-Төслийг гацсан гэж яримааргүй байна. 2011 онд байгуулагдсан гэрээ нь гуравдагч талд хаалттай байсан учраас олон зүйлийг мэдэх боломжгүй байсан. Засгийн газар нь эх орны хишиг болгож тараах гэж улайрсаар маш муу гэрээ хийсэн шүү дээ. Одоо бол Тавантолгойн гэрээ цаг авсан гэж болно. Хэрхэн амжилттай гүйцэтгэх вэ гэдэг арга замыг хайж байгаа. Олон улсад их л бүдүүлэг харагдаж байгаа л даа. Яг энэ мега төсөлтэй зэрэгцэн "Хан ресурс"-ын асуудал гарч байгаа нь сонин.

-Тавантолгой төсөл хагарвал ямар муу үр дүн гарах вэ?

-Хэрвээ гэрээ манай талын буруугаас болж цуцлагдвал Монголын тал шүүхэд дуудагдаж, Чалкогийн өрийн асуудал яригдана. Уг нь бол үндэсний компаниараа дамжуулж нүүрсний зах дээл дээр гарвал Монголд л хэрэгтэй. Бид нэгнээ дэгээдэж унагасаар байвал эцэст нь Монголын тал л сөхөрч үлдэнэ. Үндэсний компани дээрээ түшиж явах бодлого л илүү хэрэгтэй байх юм. Түнш талуудтай зайнаас л харилцаатай байна даа. Гэрээ цуцлагдахад хохирлын асуудал болоод Засгийн газрын хувьд түрээсийн төлбөрийн асуудал болоод хэрвээ манай талын буруу гэж үзвэл алданги тооцож торгууль ногдуулна. Энэ бол бага мөнгөний тухай асуудал биш шүү дээ. Хамгийн гол нь энэ төслөөс иргэн бүрд буяны хандив шиг бэлэн мөнгө хүлээж байна гэхээсээ илүүтэй хариуцлагатай уул уурхай, Монголын нүүрсний компани олон улсын зах зээлд гарах гэсэн хоёр чухал асуудал дээр л яримаар байгаа юм.

“Пибоди энержи” компани санал ирүүлсэн. Яагаад энэ компанийг сонгож болоогүй юм бэ гэх байр суурь гарч ирээд байгаа шүү дээ?

-Бид хөрөнгө оруулагчдад маш хатуу санал тавьсан. Пибоди маш хатуу нөхцөлд орж ирсэн. Пибоди гол шаардлагаа биелүүлээгүй. Компаниудад үндэсний компанийг оруулж ирэх шаардлагыг тэд оруулж ирүүлээгүй. Ний нуугүй хэлэхэд санал тавьсан компаниудтай Энержи Ресурсынхан уулзсан. Аль ч компанийн зүгээс үндэсний компани хамтрах нь зүй ёсны гэдэг хандлагыг л илэрхийлж байсан юм.

-ҮНДЭСНИЙ КОМПАНИЙН ХУВЬД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭХЭЭС АРГАГҮЙ-

- Энержи Ресурс компанийн хувьд “Шинхуа”, “Сумитома”-тай консерциум шалгарсан байгаа. Өмнө нь танай компани Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн 245 км урт хатуу хучилттай авто замыг барьж төрд зарсан гэх яриа яваад байдаг. Үүнтэй ижил асуудал үүсвэл яах вэ?

-Манай улсын хувьд нүүрсний экспортын орлого улсын төсвийн 40 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч гэлээ зөвхөн манай компани л гэхэд өнгөрсөн онд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энержи Ресурс компани нийт 2.600 гаруй үндсэн ажиллагсадтай, үүний 40 орчим хувь нь орон нутгийн иргэд. Мөн Ухаа худагийн нийт бүтээн байгуулалтын хүрээнд туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудаа хамруулаад авч үзвэл 10,000 орчим хүнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж ирсэн. Нөхцөл байдал маш хүнд байгаа хэдий ч бид энэ бүх хүмүүсийн ажлын байрыг нь хэвээр хадгалж, ажилтай, орлоготой нь үлдээхийн тулд шаардлагатай бүх л алхмуудыг хийж байна. Ялангуяа орон нутгийн ажиллагсдынхаа ажлын байрыг нь хадгалах чиглэлд маш их чармайж байна. Манай компани энэ зах зээл дээр үндэсний компанийнхаа үүргийг гүйцэтгэх ёстой гэж үзсэн учраас энэ төсөлд ханцуй шамлан орсон. Манайхыг төрд барьсан замаа зарсан гэх асуудлыг худал гэдгийг хэлмээр байна. 2010 онд манай компанийн зүгээс зам тавья гэдэг саналыг хэд хэдэн компанид тавьсан юм. Гэтэл хамтарч барих саналыг хүлээж аваагүй. Танайх зам тавьчихвал явж болно гэх хариу өгсөн. Ингээд бид 17 орчим сая ам.доллараар тухайн үед Зам тээврийн яамтай концессийн гэрээ байгуулсан. Төр биднийг замаа тавьчихвал төлбөрөө авч болно гэсэн юм. Гэтэл зам тавьсны дараа өнөөх компаниуд зам дээр явахдаа төлбөр төлөхөөс татгалзсан. Иймээс Засгийн газарт замыг нь хүлээлгэж өгөөд нөхөн олговороо буцааж авсан. Бид харин ч алдагдал хүлээсэн.

-Тавантолгойн гэрээнээс урьдчилгаа төлбөр хэдийг авахаар тохиролцсон байгаа вэ. Мөн иргэдийн хүлээгээд байгаа 1072  хувьцаа амь орно гээд байгаа шүү дээ?

-Одоогийн байдлаар 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авна гэж яригдаад байгаа. Үүгээр Чалкогийн өрийг дарах уу яах вэ гэдэг асуудал ч гэсэн яригдаж л байна. Сүүлийн үед 1072 хувьцаатай холбоотойгоо иргэн бүрд 4000 төгрөг ногдох юм байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ бол худал мэдээлэл. Хэрвээ төсөл нурвал 4000 төгрөг ч үгүй, манай улс 150 сая ам.долларын өртэй л хоцрох болно. Угтаа бол Засгийн газар нь төлбөр аваад, дээрээс нь иргэдэд тараах буяны мөнгө тараах сонирхол бол уул уурхайг хөдөлгөх шалтгаан биш. Бидэнд илүү хариуцлагатай уул уурхай чухал. Энэ асуудлыг л бид яримаар байгаа юм.

-Хэрвээ төсөл амжилттай хэрэгжвэл ирэх сайн үр дүн нь юу байх вэ?

-Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Мөн 1072 хувьцаа сэргэх болно. Сэргэхдээ чамгүй сайн үнэлгээтэй сэргэх хандлага бий. Нөгөөтэйгүүр Чалкогийн өрийг барагдуулах асуудал яригдаж, Монголын компани энэ төслөөр дамжиж олон улсын зах зээлд гарч ирэх боломж нээгдэнэ.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.