Ч.Сайханбилэг: Оюутолгой төслийг урагшлуулахад итгэлцэл хэрэг болж байна

Д.Тулга / Эдийн засаг

Засгийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын эдийн засгийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн билээ. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

Тэрээр “Өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бид халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлж, бүгдээрээ гарц шийдлийг эрэлхийлж бодит шийдэл олсноор энэ форумыг үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн чуулганы энэ жилийн гол уриаг тохиолдлоор сонгоогүй юм. Итгэлцэл бий болгох гэсэн энэ үг өнөөдөр хэзээ хэзээнээс илүү бий болоод байна. Зөвхөн нэг талаас бий болсон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүй гэдгийг өнөөдөр бид мэдэж байгаа. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож харилцан ашигтай хамтын ажиллагаа болдог.

Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж, түүхий эдийн үнийн огцом өсөлт, зах зээлийн чөлөөт тогтолцоо гэсэн бүхэн 2010-2011 оны хөрөнгө оруулалтын их урсгалыг бидэн лүү соронз мэт татсан.

Оюутолгой дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа, далд уурхайн бүтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь бидэнтэй бас хамаатай.

Монголын засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч компани дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио Тинто компанийн Монголын засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан.

Дан ганц байгалийн баялагаараа бус бусдын техник технологи хүн хүч хөрөнгө мөнгөний тусламжаар хөгжлийг мэдэрсэн туулсан, улам хэрсүү , алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Энэ танхимд Монгол гэдэг бизнес нь хөгжөөсэй гэсэн хүсэлтэй хүмүүс цугласан гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол сайхан байвал бид хамтдаа сайхан байна. Монголчууд бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол оронд хөрөнгө оруулагчийн сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй. Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна. Бид сөргөлдөгч биш бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид аа.

Энэ төслөөс Монгол улс харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монголын Эдийн засгийн форум болж байгаа энэ өдрүүдэд Тавантолгойн консурцум хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийн шатандаа орж байна.

Оюу толгой төслийн араас хөтлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалтууд, Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтууд, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хорооллууд, орон сууцны барилга болон бусад бүтээн байгуулалтууд ар араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно.

Монгол улсын зүгээс гарах, ар араасаа цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдрийн та бидний оролцож байгаа энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа. Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээг болохыг ерөөж байна” гэлээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.