Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан. ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтаа эхэлж байна.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сургалтад хамрагдсан багш нар эрүүл мэндийн хичээлийг заах эрхтэй болох юм. Ерөнхий боловсролын сургуулийн дөрвөөс 12 дугаар ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийгмийн хэрэгцээ; орон нутаг, сургуулийн онцлог; суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан дараахь агуулгыг сонгон боловсруулсан. Үүнд:
-Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй
-Хооллолт, хөдөлгөөн
-Сэтгэцийн эрүүл мэнд
-Хорт зуршил
-Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтэл зэрэг болно.
Сурах бичгийн хувьд бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11000 ширхэг, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000 ширхэгийг хэвлэж мэргэжлийн багш нарт хүргэхээр бэлтгээд байна. Мөн энэхүү сургалт нь 2018 оны наймдугаар сарын 13-наас 17-ныг дуустал тав хоног үргэлжлэх энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байна.
Ж.ДАРИЙМАА
Сэтгэгдэл