Г.Хонгор: Дандаа зоосны нүхээр хардаг харилцаа хавтгайрчихсан болохоор хүмүүс төрөхөөс айж байна

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Санхүү, эдийн засгийн зөвлөх
Г.Хонгортой уулзаж ярилцлаа.
-“Өргөө” амаржих газарт бугшсан хариуцлагагүй үйлдлийн талаар шүгэл үлээх болсон шалтгаан тань юу вэ?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны гуравдугаар сарын 17-нд нийт төрийн байгууллага, улсын өмчит газруудад хандаж “Хууль бус явдалтай үл тэвчих замаар асуудалд хандаач ээ, хулгай дээрэм, авлигын албан тушаалыг алга болгоё. Үүнийг нийтийн оролцоотой хийх ёстой. Тиймээс та бүхэн шүгэл үлээгээч” гэсэн албан чиглэл өгсөн байдаг. Үүниий дагуу би иргэнийхээ хувьд нийслэлийн “Өргөө” амаржих газарт эмнэлгийн тусламж үйлчилгээг бодитоор үзүүлж чадахгүй байна гэж шүгэл үлээж байгаа юм. Гэхдээ энэ нь нэг жилийн дотор үүссэн явдал биш. Бүр хуримтлагдсан зүйл. Эмч нарын зарим нь асуудлыг тавихаар бусад нь бүүрэлхэж, дээрэлхээд бүр ажлаас халж хохироодог болохоор би шүгэл үлээж байгаа юм.
-2025 оны эхний гурван сарын байдлаар 13 нярай эндсэн гэдэг баримтыг Та хэллээ. Гэтэл мэдээллийн хэрэгслээр “Эхийн эндэгдэл 6 дахин буурчээ” гэсэн мэдээ явж байх жишээтэй. Таныг шүгэл үлээх гэж байгааг хэн нэгэн мэдсэн юм болов уу?
-Ямар эх сурвалжаас тийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй. Манай “Өргөө” амаржих газарт 2023 онд хоёр эх, 43 нярай эндсэн. Энэ он гарсаар 13 нярай эндлээ. Сүүлдээ хүний амь нас эндэхэд тоож байгаа, ноцтой тохиолдол гэж авч үзэж мэргэжлийн зөвлөгөө хийдэг, үнэлэлт дүгнэлт өгдөг арга хэмжээ огт явагдахгүй байна.
-Тэгэхээр Та энэ асуудлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа юм байна?
-Тийм. Тэгж дүгнэж байна. Яагаад гэхээр нэг хоногтой нярай ч гэсэн Монгол Улсын иргэн. Монголын эдийн засаг архаг дутагдалд орчихоод байгаа энэ цаг үед тэр нярай эсэн мэнд бойжсон бол ямар чадвар мэдлэгтэй хүн болохыг бид мэдэхгүй шүү дээ. Төрөх эмнэлгүүд дээр нярайн асуудалд онцгой анхаарч, тусламж үйлчилгээг маш чанартай үзүүлэх юм бол залуу эцэг эхчүүдийн сэтгэл зүйд нөлөөлж хүн ам өсөх хандлага ч нэмэгдэж болох юм. Одоо бол үргээгээд байна. Чанартай чанаргүй эм тариа байнгын дутмаг, тоног төхөөрмж нь хүрэлцээ муутай, эмнэлгийн ажилтны харилцаа ялгавартай нөхцөлд залуус төрөхөөс айж байна. Эмнэлгийн ажилтны цалин муу учраас дандаа зоосны нүхээр хардаг харилцаа бий болоод хавтгайрчихсан байна.
-Хэвлэл мэдээллээр дуулиан шуугиан болж даргыгаа сольж байсан цаг саяхан. Одоо хэд дэх дарга дээрээ явж байна вэ. Өр ширний асуудал нь юу болсон бол?
-Зургаа дахь даргынхаа нүүрийг үзэж явж байна. Судлаачийн хувьд хүндээ байдаг юм уу, байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт нь оновчтой биш байна уу, эсвэл хууль тогтоомж нь сул байна уу гээд өөр өнцгөөс судлаад үзэхээр эмч хүн эмнэлгийн байгууллагыг удирдах бас учир дутагдалтай юм байна.
Одоогоос гурван жилийн өмнө Нийслэлийн харьяанд байхад энэ эмнэлэг маань 150 сая төгрөгийн өртэй байсан. Нөгөө алдартай тавчиктай ээжийн үйл явдлын дараа III дугаар шатлалын эмнэлэг болоод ЭМЯ-ны харьяанд шилжсэн. Тэгснээр үйл ажиллагаа нь сайжрах бус их хэмжээний өр ширэнд ороод бараг 6.5 тэрбумын өртэй болсон. Өр ихтэй учраас үйл ажиллагаа нь цэгцэрч өгдөггүй, өрнөөс өрний хооронд л явж байна.
-Яагаад?
-Эмнэлэг гэдэг чинь зүгээр нэг онош тавиад, мэс засал хийхдээ биш юм байна. Даатгалын реформ хийсний үр дүнгээр гүйцэтгэлийн санхүүжилт өгдөг шинэ системд шилжсэн учраас эмнэлгийн салбарын ажлыг мэддэг сайн менежэр эмнэлгийн байгууллагыг удирдах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
-Амаржих газрын эмч нарын ихэнх нь хувийн эмнэлэгтэй байдаг нь нууц биш. Хүн хувийнхаа юманд илүү анхаарах уу, хувьсгалын юманд сэтгэл гаргах уу гэдэг нь тодорхой зүйл. Үүн дээр Та юу хэлэх вэ?
-“Өргөө” амаржих газрын уламжлал нь тухайн цаг үеийн сайн эмч нар эх нялхсын эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж, эмчилж эдгэрүүлээд ирсэн түүхэн гавьяатай. Үүнийг үгүйсгэж болохгүй. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарын цалин их тааруу болсон. Үнэхээр чамлалттай. Тэгэхээр хүн амьдрахын тулд нэг талаасаа хувийн эмнэлэг ажиллуулж ажил мэргэжлээ ашиглах гэсэн шаардлага байдаг юм байна. Энэ талаас нь харахаар эмч нарыг буруушаах нь учир дутагдалтай мэт. Хэрвээ цалин нь хангалттай байсан бол хэн л хувийн эмнэлэг ажиллуулаад цаг наргүй зүтгэх вэ дээ. “Өргөө” амаржих газрыг тойрсон 33 хувийн эмнэлэг байна.
-Хүний үхэх, төрөх хоёр адилхан гэдэг. Эрүүл саруул амаржиж үр хүүхдээ эсэн мэнд тэврэхийн тулд хэн нэгнээс заавал гуйж тусламж хүсдэг. Энэ арай л гомдмоор шүү?
-Надад хүртэл хүмүүс ханддаг. Ор зохицуулаад өгөөч, эмчтэй нь уулзаад ойлгуулаад өгөөч гэх мэтээр. 24 цагаар тасралтгүй явж байгаа энэ үйл явцын талаар гадаа байгаа хүмүүст мэдээ мэдээлэл өгдөггүй, камер нь алдаг оног ажилладаг, үйл явцын талаарх мэдээлэл байдаггүй болохоор эндэгдэл гарахад хэн хариуцах нь тодорхойгүй үлддэг менежмэнтийн дутагдалтай зүйлс байна.
-“Өргөө” амаржих газарт найман өөр байгууллагаас шалгалт хийгээд өөр өөрсдийн чиглэлийн дүгнэлтийг гаргаж. Гаргасан дүгнэлт шийдвэрийг Та зөв гэж үзэж байгаа юм байна. Гэтэл хэрэгжүүлэх газар нь яагаад тоохгүй байгаа юм бол?
-Найман өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас жинтэй даацтай өргөн хүрээний шалгалтыг удаа дараа хийсэн. Гагцхүү хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь хяналтын процесс алдагдсантай холбоотой. Үүнийг шахаж шаардах ёстой, хяналт тавих учиртай Нийслэлийн Эрүүл мэндийн газар тун хангалтгүй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлаар “Дунд шатны байгууллага ердөө хууль тогтоомж хэрэгжүүлдэггүй юм байна, авлига албан тушаалын асуудлыг үгүйсгэдэг юм байна. Үүнтэй хатуу тэмцэнэ” гэсэн. Тэр мэдэгдлийг миний хувьд ёстой байгаа оносон, зөв шийдвэр гэж хүлээж авсан.
-Тэр хүн чинь хэлсэн үгээ мартсан бололтой, сонин борлуулдаг ТҮЦ-ийг нүүлгээд завгүй байх шиг байна. Уг нь хүний амьтай холбоотой, ирээдүйн иргэддээ анхаарсан энэ мэт алхмаа хиймээр санагдах юм?
-Харин тийм. Шүгэл үлээж байгаа миний хувьд Нийслэлийн Засаг даргыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарын ажилд онцгой анхаарч, ганцхан “Өргөө” ч биш, энэ төрөх эмнэлгүүдийг цаашид ямар удирдлага, бүтэц зохион байгуулалтад оруулах чиглэл гаргаач ээ гэж хэлмээр байна. Манай “Өргөө” амаржих газрын хашаанд төрөхийн машин орж чадахгүй байна шүү дээ. Битүү төлбөртэй зогсоол болгочихсон. Төрөхийн машин нь өөрийн харьяа мэдлийн газартаа орж чадахгүй, орохоороо гарч чадахгүй байдалтай байна.
Шүгэл үлээгч сувилагч, эх баригчид учир дутагдалтай байгааг ч хэлсэн. Тэднийгээ зөв хуваарилж чадахгүй байгааг ч дуулгасан. Өнгийж үзэх юм бол бидний ярьснаас илүү зүйл нуугдаж байгааг ч хэлсэн. Бас энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон Улсын Ерөнхий Прокурорт хандсан гэдгээ ярина лээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Н.Саранчимэг
Сэтгэгдэл
Мргнн [66.181.186.163] 2025-04-19 23:38:20
Эмч нар алууочид болсон Дарханд эмч нар нь үзэхгүй мөнгө нэхэж суусаар 2 ихэр хүүхдийн нэгийг амьгүй болгосон Лдоо тэр үлдсэн хүүхэд гь 6 хүрэх гэж байна
Эмч, ажилчид [66.181.161.253] 2025-04-19 19:42:18
Төрболд гэх мэт үйлчлнгч ажилчидаа өөрийн хувийн компанийн ажилчн мэт дарамтлаж, хууль бус өчнөөн зүйл хийж байгааг бүгд мэдэж байгаа. Өарчлөх цаг нь болсон.
Зочин [103.212.116.30] 2025-04-19 17:55:45
Нчмбаатар хиыхгүй ээ ятэр аж ахжйн ажил л хөөцөлдөнө Ер нь ниыслнлийн эрззл мэндийн газар Боловсролын газар гэсэн шат даамжлагбг өолиулах хэрэгтэй Өргөө амаржих газарт эрс өөрёоөлт хийгээчээ Эрүүл мэндийн яам хөдлөөчээ Хэдэн хүүхэд алах гэсэн юм бэ Эмнэлгүүдийг төлбөртэй болгое Санхүүгийн боломжгүй хүмүүст эмнэлгүүд дээр зээл өгдөг болое Иргэд эсэргүүцмээргүй байна Гар утсандаа мөнгө харамладаггүй биз дээ Төобөртэй болж эрүүл мэнддээ анхаардаг өолно
Зочин [202.126.91.188] 2025-04-19 17:49:36
1 turuhiin emch nar mungu ugvul turruulne, uguhgui bol goliin tasartal bailgaj bgaad munguu avch bj l turtles ni nuuts bish
Х.Нямбаатарт [103.57.94.239] 2025-04-19 17:00:20
Нийслэлийн Эмнэлгүүдийнхээ түр орлон нэртэй ажил хийх чадваргүй нөхдүүдээс салж, эрүүл мэндийн салбарт ажил хийгээч. Наад хүмүүс чинь аргаа бараад шүгэл үлээж бгаа шдээ
Zochin [49.196.218.69] 2025-04-19 16:54:24
Hen bh n. Gol n bishshuudee. Hun bhnlshuudee. Demjij bna