Д.Трамп: Ахиц дэвшил гарахгүй бол Украины энхийн хэлэлцээнээс АНУ гарна

Хэрэв Москва, Киев хоёр энхийн хэлэлцээр байгуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэвэл Орос-Украины дайныг дуусгах яриа хэлэлцээг зуучлах үйл явцаас АНУ гарна гэж Дональд Трамп мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч баасан гарагт Зууван танхимд сэтгүүлчдэд хэлэхдээ “хэдхэн өдрийн дотор” эвлэрэл тогтоож чадна гэдэгт найдахгүй байгаа боловч маш ойрын үед үр дүнд хүрэхийг хүсэж байна" гэлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “ахиц дэвшил гарахгүй бол АНУ яриа хэлэлцээнээс гарна” гэж анхааруулсны дараа Д.Трамп дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Бид олон долоо хоног, сарын туршид ийм байдлаар хүчин чармайлт гаргахгүй” гэж М.Рубио хэлээд АНУ-ын хувьд, анхаарал хандуулахуйц бусад чухал асуудал бий” гэдгийг нэмж хэлжээ.
Орос, Украины хэлэлцээний тухайд Д.Трампаас асуухад “амиа алдаж буй хүмүүсийн тухайд бид ярьж байна. Үүнийг зогсоох ёстой” гэж тэрбээр хариуллаа. Одоо ямар нэг шалтгаанаар хоёр талын аль нэг нь хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэх аваас бид хэлэлцээг зуучлах үйл явцаас гарах болно гэж тэрбээр нэмж хэлжээ.
Оросын арми 2022 онд Украин руу довтолсон бөгөөд гал зогсоох хэд хэдэн нөхцөл тавьсан юм. Д.Трампын засаг захиргаа хэлэлцээрийг богино хугацаанд байгуулж чадна гэдэгт эхэндээ итгэлтэй байсан боловч бүрэн гал зогсоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлт хараахан үр дүнгээ өгөөгүй байгаа бөгөөд Вашингтон үүнд хоёр талыг буруутгаж байгаа юм.
Пүрэв гарагт Парист Европын удирдагчидтай гал зогсоох боломжийн талаар хэлэлцсэнийхээ дараа М.Рубио баасан гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, бид одоо цаашид хэрхэхийг маш хурдан тодорхойлох ёстой, энд би тохиролцоонд хүрч чадах эсэхийг тодорхойлох хэдхэн хоногийн тухай ярьж байна гэжээ. Хэрэв ийм зүйл болохгүй бол бид цааш явах болно гэж тэрбээр эвлэрлийн хэлэлцээний талаар хэлсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, энхийн хэлэлцээр байгуулахад хэцүү байх нь тодорхой боловч түүнийг удахгүй байгуулна гэдгийг харуулах шинж тэмдгүүд байх ёстой гэжээ. Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол эхний 24 цагийн дотор дайныг зогсоож чадна гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан билээ.
Э.ХУЛАН
Сэтгэгдэл
зочин [66.181.181.213] 2025-04-19 22:55:07
79 настай Трамп гуайн тооллоор 24 цаг болоогүй юм байх даа? Угаасаа өөрт нь шууд хамааралгүй асуудалд оролцоод эхэлсэн нь төдийлөн ойлгомжгүй байсан биз дээ? ашиг сонирхол уу? юу вэ? 73 настай Путин гуай дайныг эхлүүлсэн биз дээ? Энэ дайнаас болж хичнээн хүний амь нас эрсдэв? хичнээн эрчим хүчний ба бусад объёктууд үгүй болов? хичнээн их хохирол учрав? ёстой гай
Зочин [188.162.254.88] 2025-04-19 20:27:39
тагнуулч 72 цагт, наймаачин 24 цагт дуусгана !!!!!! бас сайхан хошгоруулаад кофе ууж тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай л юм байна