Монгол Улсын хөгжлийн гол хүч Ардчилсан нам

Ардчилсан намын шинэ Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна. Энэ хүрээнд Баруун бүсийн Баян-Өлгий аймагт өнөөдөр (2025.05.20) Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлох юм.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга Алданышын Бегарыс хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн гол хүч Ардчилсан нам юм” хэмээн онцоллоо. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор, Ардчилсан нам дүрэм, журмынхаа хүрээнд Үндсэн дүрмийн шинэчлэлийг эхлүүлэхээр энэ хавраас Ажлын хэсэг байгуулж, манай аймгийн 13 сум, аймгийн төвийн багуудыг оролцуулж, намын гишүүдийнхээ саналыг авч, Ардчилсан намын дараагийн хуралдаанаар батлуулах том ажил явагдаж байна. Ардчиллын түүхэнд Баян-Өлгий аймаг 35 жилийн хугацаанд олон удаагийн сонгуульд ялалт байгуулсан. Манай намд хүн хүчний хувьд нөөц боломж байна. Хамгийн гол нь эв нэгдэл хамгийн чухал. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны бүх шатны сонгууль байна. Бид эв нэгдэлтэй байвал Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч Ардчилсан нам байна гэдгийг онцлон хэлье” хэмээв.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Есентай Зангар “Бид өнөөдөр энд маш чухал асуудлыг хэлэлцэхээр цугларч байна. Орон даяар намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг явж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Төсөлтэй сая танилцлаа. Маш сайн болсон нь харагдаж байна. Манай намын хувьд нэг сайн тал нь боловсон хүчин маш сайн залуужиж байна. Асуудлыг шийдэх арга барил, хандлага нь өөрчлөгдөж байгаад сэтгэл өндөр байна” хэмээн хэлсэн юм.
Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Тогтомуратин Амангалди өнөөдрийн хэлэлцүүлэгт 13 сум, 13 багийн 200 гаруй зочид төлөөлөгч оролцож байгааг дуулгасан юм.
Баруун бүсийн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж буй “Эв нэгдлээс институт” хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн гишүүд болох Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс, Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа, Ардчилсан намын Захиргаа, удирдлагын улс төрийн ажилтан О.Нямсүрэн, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын улс төрийн ажилтан Т.Тэмүүлэн нар оролцов.
Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа нар намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.
Үүний дараа “Эв нэгдлээс институт” хэлэлцүүлэгт оролцсон Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүд санал, сэтгэгдлээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөлөө.
Сэтгэгдэл
Асуулт. [66.181.183.73] 2025-05-21 00:10:42
Яг уу?