Б.Жавхлан: Үндэсний хороод болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцийг татан буулгаж нэгтгэнэ

Aдмин / Улстөр

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна. Энэ өдрийн ээлжит хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэрхэн хийх асуудлыг хэлэлцэж буй. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэхдээ "Шинэ сайд нар салбарынхаа төсөвтэй танилцах шаардлага үүссэн. Одоогийн байдлаар төсөвтэйгөө танилцаж амжаагүй байгаа учраас хоёр хоногийн хугацаанд төсөвтэйгөө танилцаж, улмаар баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана гэдгийг Ерөнхий сайд хэлсэн" гэлээ.

Б.Жавхлан сайд "2025 оны төсвийн жил дундаа орж байна. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 болон 13.1.2 заалтуудад 2023 онд өөрчлөлт оруулж, 2025 оноос хэрэгжиж эхлэх тухай заасан байсан. Энэ заалтад тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанууд бүрэн дууссан, тендер нь зарлагдаж, худалдан авах ажиллагаа хийгээд, гэрээ нь хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэсэн хатуу заалттай.

Энэ хуулийн заалт энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Төсөв Засгийн газар, УИХ дээр хэлэлцэгдэж, батлагдахад хөрөнгө оруулалтын төслүүд дээр нэлээд өөрчлөлт ордог. Бэлтгэл ажил муутай, худалдан авах ажиллагааны шаардлага хангаагүй төслүүд, шаардлага хангасан ч зохион байгуулах ажлыг хийх нь маш том хариуцлагын асуудал байдаг. Тэгэхээр худалдан авах ажиллагааг эхний хагас жилийн дотор гэрээгээ хийгээгүй бол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдэг бодит байдал дээр боломжгүй байдаг.

Тийм учраас төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хариуцлагажуулж, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын ажлыг баталж байх зарчмыг хатуу баримтлах үүднээс маш сайн хөшүүрэг болно.

Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн гэрээг хийгээгүй байсан. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлт болж байна гэсэн үг. Тэгэхээр төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийх шаардлага үүснэ.

Төсөвт тодотгол хийх талаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийнхөө бодлогыг танилцуулахдаа УИХ-д танилцуулсан. Төр өөрөөсөө эхэлж, урсгал зардал, хөрөнгө оруулалтаа илүү оновчтой, төрийн бүтцийг чадамжтай байдлаар цомхотгох зорилгоор төсвийн тодотгол, бүтцийн өөрчлөлтийг хийхээр болж байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэлээр төсвийн тодотгол хийхээр болж байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн суурь хуулийн 34 дүгээр зүйлийн 4 заалт бий. Энд төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд зохицуулалт хийх шаардлага үүсвэл төсвийн тодотгол хийнэ гэсэн. Ийм хуулийн үндэслэлээр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас төсвийн тодотгол хийнэ. Үүнийг дагуулаад хэмнэлтийн тодотголыг өргөн барихаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Нийт 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас хасагдаж, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана. Үүн дотор Үндэсний хороод болон нэлээд хэдэн яамдын харьяа агентлаг, бүтцийг татан буулгаж, нэгтгэнэ. Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал УИХ дээр аль хэдийнэ яригдсан. Ирэх жилүүдэд есөн хувиар бууруулна гэсэн. Уг цомхотголд багш, эмч нар хамаарахгүй шүү. Энэ процесс энэ удаагийн төсвийн тодотголоор эхэлнэ. Нийт 14.400 төрийн албан хаагчдын есөн хувийг цомхотгохоор УИХ-аар батлуулсан" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.57.92.97] 2025-06-18 18:12:59

Хяналтын болон бүтээмжийн ч бил үү, менежер гэх "бялууны" орон тоонуудыг хасвал хагас тэрбум төгрөг хэмнэгдэх юм билээ дээ

Зочин [202.126.89.52] 2025-06-18 17:41:27

Г. Амартүвшингын компанийг татан буулгаад хуучин харяалалууд нь өг өө

Зочин [59.153.115.158] 2025-06-18 17:10:52

Агентлагуудаа цомхтго

зочин [202.9.46.112] 2025-06-18 17:03:18

хувиин хэвшил нь хумигдаад төриин алба нь тэлэгдээд юм бүтээдэг нь хавчигдаад зүгээр суудаг нь магтагдаад нэг иим цаг дор амьдраад баина уу

зочин [202.9.46.112] 2025-06-18 17:01:21

зөв шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000