Я.Содбаатарын үед МАН-ын рейтинг огцом уналаа

Эрх баригчид намаа аврахын төлөө МАН-ын Бага хурал, Засгийн газрын огцролт гээд улс төрийн дараалсан тоглолтуудыг хийсэн ч рейтинг нь огцом унасан үзүүлэлттэй 2025 оны хаврын улс төрийг хааж байна. Учир нь, улс төрийн барометрийг тодорхойлогч "МЕС"-ийн судалгааны дүн нийтлэгдлээ. Энэ судалгаагаар МАН-ын үйл ажиллагааны үнэлгээ 5.7-оос 3.9 хувь руу унаж, АН-ын рейтинг үнэмлэхүй бага утга 3.7 хувиас 4.1 хувь болон өссөн байна.
Эндээс МАН-ын үйл ажиллагаа, УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг нийгэм таашаахгүй байгаа нь тод харагдана. Үүнд хамгийн ихээр нөлөөлдөг бас нэг үзүүлэлт нь Ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаа. Я.Содбаатар генсекийг хэн бэ гэдэгт шууд хариулж буй үйл явц юм. Товчхондоо түүнийг сул байна. Үйл ажиллагаагаа чанаржуул гэсэн маш тодорхой сануулга. Гэхдээ Я.Содбаатар шийдвэртэй ажиллаж чадах хүн мөн үү гэсэн асуултад "чадахгүй ээ" гээд өөрөө хариулчих шиг болсон.
Засгийн газрыг огцруулах, шинэ Засгийн газрыг бүрдүүлэх бүх бодлого төлөвлөлт, хэлэлцээрийн хаана ч тэр байсангүй. Уг нь зарчимаараа бүх хэлэлцээр, бүх бодлого, бүх томъёолол генсекийн ширээн дээрээс хөдлөх ёстой байтал бүх процесс зөвхөн түүнийг л тойрох шиг болсон. Үндсэндээ Монгол Улсын хоёр том намын гал тогоог барьж буй нь Н.Ганибал, Я.Содбаатар хоёр нэг сургуулийн нэг ангид математик гүнзгийрүүлсэн сургалтад хамт тоо бодож явсан эрхмүүд гэдэг. Энэ цаг үед хоёр том намын гол тогоог барьж эрх баригч, сөрөг хүчний орон зайд улс төр хийнэ гэдэг их сонин үзэгдэл.
Начир дээрээ Наянтайн Ганибалын үед АН-ын үнэлгээ өсч Янгугын Содбаатарын үед МАН-ын үзүүлэлт суларсаар буй нь бас нэгэн үзэгдэл. Нэг ангийн хоёрын Я.Содбаатар нь улс төрийн арвин туршлагатай. Бүхий л цаг үед УИХ-ын гишүүн, Засгийн газарт сайд, төрийн өндөр дээд албанд ажилласан. Гэхдээ намыг нам шиг авч явахад туршлага хамаагүй гэдэг нь одоо болж буй процессоос тод ажиглагдаж байна. Энэ байдлаараа МАН-д итгэх итгэл, өгөх үнэлгээ эрчтэй суларсаар байх нь.
2027, 2028 оны дараалсан сонгуулиас МАН ямархан суудал авах нь тодорхой ажиглагдаж эхэллээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхандаа хандсан сүүлийн үгэндээ "Энэ нам 2027, 2028 оны сонгуульд надтай орж болохгүй" гэсэн үгийг хэлсэн гэдэг. Яг үнэндээ Я.Содбаатар генсектэй орж болох уу.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
Ерөнхийдөө зөв алхам болсон. [66.181.189.187] 2025-06-23 17:40:49
Сөрөг намаасаа салж авсан нь ЗӨВ юмдаа. Сонгуульд олонх авсан нам Засгийн газраа БҮРЭН авах ЁСТОЙ. Тэгээгүй бол Оюун-Эрдэнийн засгийг газрын хийсэн бүх зүйлийг ХУВААЖ нэг хэсгийг нь АНамын гавья гэх байсан. Ийм байж МАН 2028 оны сонгуульд ЯАЖ орж АНамтай өрсөлдөх гэж байсан юмб?
Зочин [103.212.118.220] 2025-06-23 16:11:26
УИХ-ын сонгуулийн дараагаас Оюун-эрдэнэ хамтарсан засаг байгуулсанаас хойш намын рейтинг унасан,маш буруу алхам хийлээ намын гишүүдийн дургүйцлийг төрүүллээ,амин хувиа бодож хийсэн олон ирээдүйгүй болчимгүй шийдвэр гаргаж АН,ХҮН намуудад найр тавин шинэ шинэ бүтэц орон тоо бий болгон тэднийг халамжилсан нь бүр ч гишүүдийн дургүй хүрсэн.