MEDEE.MN сайт долоо хоногийн тойм мэдээг хүргэж байна

Д.Тулга / Улстөр

УЛС ТӨР

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Засгийн газар эмх цэгцгүй, бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй явбал тухайн үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэр Монгол Улсын эдийн засагт бодитоор ямар хор учруулдаг вэ гэдгийг энэ удаагийн Засгийн газар бодитоор туулж байна гэж тэмдэглэн хэлэх ёстой гэж бодож байна.
Энэ үгийг миний бие ямар нэгэн байдлаар ялархах гэсэндээ ч юм уу, бусдад бурууг нялзаах гэсэн агуулгаар биш гагцхүү цаашид ийм алдаа давтагдахгүй байгаасай, сайн засаглал бүрдээсэй гэдэг утгаар хэлж байна. 0 хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан барилгын кранууд олноороо угсрагдаж, царцсан байсан обьектууд сэргэж, хаягдсан байсан малын түүхий эдийн үнэ өсч, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчдээр дүүрэхэд бас амаргүй байсан. Одоогийн эдийн засгийн найман хувийн өсөлтөд хүрэхэд олон бэрхшээл туулсныг хэлэх хэрэгтэй.
Тиймээс Засгийн газар үйл ажиллагаа ил болгож, болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй юм. Банкны салбар хэт улс төртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авилга болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сараалжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна.
Засгийн газарт шууд өрийн дарамт болохоор Концессын гэрээнүүд их байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргаснаа дуулгалаа.



-Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна. 2003 оны 06-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан байдаг. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг, зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм. Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгааг зарлалаа

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой зурган илэрцүүд

-Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардаж буй жагсагчид зохион байгуулжээ. Хоёр долоо хоног үргэлжлэн тэмцэж буй уг жагсагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн, түүний хүү Н.Анхбаярыг Австри улсад суух элчин сайдаар явуулахгүй байх зэрэг хэд хэдэн шалтгаан тоочин жагсаж буй юм.

Энэ удаа жагсагчид эгнээндээ лам нарыг нэгтгэж, Төрийн ордоны баруун хаалган дээр ном уншиж, арц, хомоол уугиулж сан тавилаа. Жагсагчид жагсаал хийх ямар нэг зөвшөөрөл аваагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Тиймээс жагсаал зохион байгуулагчдыг тарааж тэдний уугиулсан арц хомоолыг төрийн тусгай албаныхан унтрааж байв.


-Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар барилгын салбарт баримталж буй бодлого үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан 1990 онд улсын нийт хүн амын 23 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан бол өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тиймээс хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах ёстойг онцоллоо. Мөн тэрээр " Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт бий. Үүнийг шинэчлэх талаар ажиллаж байна. Иргэдийг орон сууцаар хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам гаргасан. Журам гарснаар эхний 5 сарын байдлаар 162 тэрбум төгрөг 2309 зээлдүүлэгчид олгосон, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин нэмэгдсэн байна.


- УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авахаар бид нэгдсэн. Жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдлага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Үүний хүчинд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн бидний эцэг, мафийн толгойлогч хоригдож байна. Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө гэдгээ мэдэгдлээ.

НИЙГЭМ

Үндэсний статистикийн хорооноос манай улсад ядуурлын түвшин ямар хэмжээнд байгааг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийв. “Ядуурлын дүр төрх” судалгаанд тусгаснаар манай улсын 904 мянган иргэн ядуу амьдарч байна. Хоёр жил тутам хийдэг судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж буурчээ. Мөн хөдөөд ядуурал хотынхноос илүүтэй буурсан байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулж байна. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцжээ.



- ЖИЛД 600 ГАРУЙ ӨВЧТӨНД ТУЯА ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ БАЙСАН БОЛ ШИНЭ АППАРАТ АШИГЛАЛТАД ОРСНООР 1000 ГАРУЙ ХҮНИЙГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

-ХСҮТ-ийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг Монгол Улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлдэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалттай төслийн хүрээнд хоёр шугаман хурдасгуур аппаратыг тус төвд суурилуулан, энэ сарын 17-ноос эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлжээ. Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг бөгөөд үүнд туяа эмчилгээг хийх боломжгүй байсан аж. Харин шугаман хурдасгуурт хоёр шинэ аппарат суурилуулснаар элэгний хавдрын үед хийх эмчилгээний боломж нэмэгдэж байна. Туяа эмчилгээний үр дүн сайжирснаар эмчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв

image

ХУУЛЬ

-Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019.06.20-ны 23.00 цагийн орчим цагдан хорилоо. Ямар учраас хорьсон тухай албаны эх сурвалж мэдээлэл өгөөгүй байна. "Таван толгой"-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгаж байсныг өмнө нь бид мэдээлсэн. Мөрдөн байцаалтын явцад саатуулах үндэслэлтэй гэж үзсэн аж. Түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулаад байна.

-Засгийн газрын хуралдаанаар олны анхаарал татсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банканд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийсэн юм.
Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа “Жаст” группын захирал асан
Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн аж. Үүнд лавлагаа хийхэд 2-3 хоног шаардагдах бөгөөд үүний дараа дуудлага худалдаанд оруулж эсвэл шүүхийн шийдвэр гарган борлуулж орлогыг нь Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзжээ.

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Ашиг сонирхлын зөрчилтэй, аалзны тор мэт сүлжилдсэн ажлаа хэзээ зогсоох вэ
......Хана хүртэл чихтэй байдгийг санаж, яаман дотор ямар яриа өрнөж, цаашлаад монголчууд ямар учир шалтгаантайг мэдэхийн дээдээр мэдэж байгааг санахад илүүдэхгүй гэдгийг дахин нэг сануулъя. Д.Цогтбаатар сайдаа хар тамхи зөөсөн хүнийг халсан гэж бичиг үйлдээд, хариуцлага тооцсон болоод өнгөрөхгүй ээ. Туурга тусгаар Монгол түмнийг дэлхийд гутаах эрхийг тэр хүмүүст та өгөөд байна. Аалзны тор мэт сүлжилдсэн энэ ажлаа хэзээ зогсоох вэ та?
Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/136458


......Наадмын өглөө. Энгийн өглөө биш. Энэ өглөө монгол түмэн дэнж хотойтол наадах баярын өглөө. Төв цэнгэлдэхийн хаалгаар орох тэрхүү агшинд “эрээний бараа” худалдан авахаар биш, харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, өөрийн гэсэн өнгө төрхтэй “МОНГОЛ НААДАМ” байхыг хүснэм.
Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/136421


ОНЦЛОХ СУРВАЛЖЛАГА

СУРВАЛЖЛАГА: Хүний хөлд дарагдсан Хавдрын эмнэлэг
.....Хавдар Судлалын Үндэсний Төв хар зах шиг бум бужигнаж, түм түжгэнэсэн газар болон хувирчээ. Суга таягтай, тэргэнцэртэй, хүнээр түшүүлэн арай хийн нэг, хоёр алхаж буй хүмүүс эмнэлгийн нарийхан хонгилд усны урсгал мэт хөвөрнө. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн өдрийн од мэт цөөхөн, хүнд өвчиндөө зовж шаналсан хүмүүс хүлээлгийн сандал дээр гүн бодолд дарагдан суух нь даана ч өрөвдөлтэй. Хавдрын эмнэлэг дээр нэг өдрийг өнгөрүүлэхэд хөдөө орон нутгаас ирсэн малчид их харагдав. Тэд өмссөн дээлэндээ түүртэж бужигнасан хүмүүс дунд төөрч үзүүлэх эмчийнхээ өрөөгүй олохгүй будлиж явах нь олонтоо.
Дэлгэрэнгүйг: https://medee.mn/single/136424



Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:20


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.