Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг

Aдмин / Технологи

Газрын ховор элементийн талаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн доктор, профессор, зөвлөх геологич С.Жаргалантай ярилцлаа.


-Газрын ховор элемент гэж ямар элементүүд байдаг вэ?

-Газрын ховор элемент гэдэг нь Менделеев үелэх системийн 57 дугаартай лантанаас 71 дугаартай литидиум хүртэлх 17 элементүүдийг хэлдэг. 1780-аад оны үед анхлан ховор элемент нээн илрүүлсэн гэдэг утгаар газрын ховор элемент гэж нэрлэсэн. Одоог хүртэл судалгаа шинжилгээний хөгжил явагдсаар дэлхийн гадаргын царцдаст агуулагдаж байгаа ерөнхий хэмжээ нь алттай харьцуулахад даруй 100 дахин их байх магадлалтай гэсэн судалгаа бий. Эрэл хайгуул хийвэл олдох бүрэн боломжтой гэж тогтоогдсон байдаг.

-Газрын ховор элементийг яг ямар зориулалтын түүхий эд хийхэд ашиглаж болох вэ?

-Анх газрын ховор элемэнтийг өнгө будаг, шилний өнгө гаргах, шилэн эдлэл хийхэд ашигладаг байсан. Тэр дундаа 1960-аад оны үед өнгөт зурагтын шилний өнгийг гаргахын тулд европи хэрэглэж эхэлсэн. Өдийг хүртэл харьцангуй бага хэрэглээтэй байжээ. 1992-1996 оны үед Кувейт улсад Цөлийн дайн болсон. Газрын тосны хямрал явагдаж эхлэх үеэс дэлхий даяар газрын тосыг юугаар орлуулах боломжтой талаар эрэл хайгуул хийж эхэлсэн.

Бразил зэрэг орнууд ургамлыг нэрэх байдлаар бензин гаргаж авах, технологи өндөр хөгжсөн Япон улс цахилгаан машин хийх зэргээр газрын тосны хэрэглээг солих зорилгоор улс орнууд өөр өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан арга туршилтууд нэвтрүүлж байсан. Цахилгаан машин хийхийн тулд моторыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй.

Ингэхийн тулд маш хүчтэй соронзон ашигласан цахилгаан мотор бүтээх шаардлага тулгарсан. Маш хүчтэй соронзонг гаргахын тулд газрын ховор элемент хэрэг болсон учраас хайгуулын ажил идэвхтэй явагдаж эхэлсэн байна. Дээр дурдсан 17 газрын ховор элемент дотроос диспрози, неоди зэрэг хүнд элементүүд маш чухал технологийн түүхий эд болж байсан. Эхэндээ хосолмол хөдөлгүүртэй буюу хайбрид машинуудад хэрэглэж байсан бол сэргээгдэх эрчим хүч хөгжиж эхэлснээр нарны, салхины бүх төрлийн батерейны соронзонд хэрэглэх болсон. Мөн бидний сайн мэдэх MRI буюу эрүүл мэндийн оношилгооны төхөөрөмжийн соронзонд бас ашигладаг юм. Гадолин хэмээх металлыг шингэрүүлэн боловсруулж хүний судсаар тарьж MRI-д оруулахад маш жижиг хэмжээний хавдарыг илрүүлж өвчнийг оношлох боломжтой болсон, төрөл бүрийн арга туршилтууд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хүний ахуй амьдралын хэрэгцээнд гар утаснаас эхлээд, бүх төрлийн моторуудад хүчтэй соронзонгуудыг ашиглаж байна. Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг.

-Газрын ховор элементийг хэрхэн гаргаж авдаг талаар болон дэлхий дээр ямар ямар улсууд газрын ховор элементийн нөөцтэй гэж судлагдсан байгаа вэ?

-Дэлхийн хэд хэдэн улсад газрын ховор элементийн нөөц байдаг боловч түрүүлж илрүүлж олборлох, ашиглах, хөгжүүлэх хүчин чадал туршлагын байдлаар Хятад улс тэргүүлдэг. Газрын ховор элементийг исэл байдлаар олборлож, баяжуулаад ислээс металл тус бүрийг ялгаж гаргаад, металлаасаа соронзон гаргаж авна. Металл болгох хүртэлх үйлдвэрлэлийн боловсруулалтыг Хятад улс л хийж байгаа. Мөн дэлхийн нөөцийн 70 гаруй хувийг тус улс эзэмшиж, газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг эзэлдэг. Урьд нь Хятад улс газрын ховор элементийг түүхий эд байдлаар экспортолдог байсан бол одоо технологио маш сайн хөгжүүлж байгаа болохоор дотооддоо үйлдвэрлэлд ашигладаг болсон. Экспортоо багасгасан гэсэн үг. Хятад улсын цахилгаан машины үйлдвэрлэл эрс нэмэгдэж байгаагаас харж болно. Ингээд бусад орнууд руу гарах экспорт буурсантай холбоотойгоор дэлхий дахинд газрын ховор элементийн хайгуул улам идэвхижиж байна. Түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн хийнэ. Япон улсад байхгүй. Америк улс олборлож баяжуулаад баяжмалаа Хятад улс руу зараад, эргүүлээд металлаа худалдаж авдаг. Америкууд сүүлийн үед Австралийн үйлдвэртэй хамтран Малайзад металлын үйлдвэр байгуулсан гэдэг. Одоогоор хараахан ашиглалтад ороогүй байгаа.

-Манай улсад газрын ховор элементийн батлагдсан нөөц хэр хэмжээтэй байдаг вэ?

-Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд албан ёсоор Эрдэнэсийн санд газрын хэвлийд байх нөөцийг бүртгэдэг комисс байдаг. Тухайн санд бүртгэгдсэн байдлаар 3.2 сая тонн газрын ховор элементийн нөөц бий гэсэн тооцоо гаргасан байдаг. Гэхдээ энэ нь цэвэр металлын эзэлхүүн биш, исэл байдлаар геологийн нөөц гэсэн үг. Геологийн нөөц гэдэг нь газрын хөндийд байх нийт биетийн хэмжээ гэсэн үг. Түүнийг судлах, тооцох, ухаж гаргахын тулд тодорхой хэмжээний зардлууд гардаг. Тэдгээр зардлуудыг хасахаар, цэвэр үлдэх нөөцийг 60 орчим хувиар тооцдог. Газрын ховор элемент нь дангаараа оршдоггүй, хүдэр чулуутай холилдмол байдалтай байдаг. Тэгэхээр хүдрээс задлан бутлаад хүчлээр угаах замаар газрын ховор элементийн ислийг ялгаж авахад зардлууд гардаг.

-Дэлхийн нөөцтэй харьцуулахад манай улсын нөөц хэдэн хувийг эзэлж байгаа вэ?

-Жил бүр Америкийн нэгдсэн улсын Геологийн албанаас дэлхийн ашигт малтмалын төрлүүдийн нөөцийн судалгааны статистик тооцоо гаргадаг. 2025 оны байдлаар манай улсын хувьд, дэлхийн нөөцийн 1.5 хувь орчмыг таамагласан байдаг.

-Манай улсад баталгаатай нөөц тогтоогдсон хэдэн уурхай байгаа вэ. Олборлолтын ажил эхэлсэн газар бий юу. Ямархуу шатанд байгаа вэ?

-Монгол Улсад олборлолт эхлээгүй. Одоогоор зургаан орд бүртгэгдээд байгаагийн хоёр нь албан ёсоор баталгаатай нөөц нь олон улсын IPO зэргээр тогтоогдсон газар байгаа. Халзан бүрэгтэйн орд, Хотгорын ордууд нь техник эдийн засгийн үндэслэл хийгдээд баяжуулах технологи нь туршигдаад ашиглалтын арга нь тодорхой бэлэн болсон. Энэ нь батлагдсан гэсэн үг. Нөгөө дөрөв нь нөөц багатай жижиг ордууд Монголдоо л бүртгэгдсэн байгаа. Ордыг тодорхойлохын тулд эдийн засаг, дэд бүтцийн нарийн судалгаа хийж үр ашгийг тооцож өгөөжтэй тохиолдолд ашиглах шийдвэрийг гаргадаг. Манай улсын хувьд дэд бүтцийн хөгжил сул учраас томоохон ордуудаас ашиг өгөөж гардаг.

-Аливаа ашигт малтмалын орд ашиглахад хамгийн чухал хүчин зүйл юу?

-Хамгийн чухал зүйл бол мэдээж цахилгаан. Мөн ус, зам тээвэр гээд шаардлагатай дэд бүтцийн асуудал маш чухал. Жишээ авахад, Оюу толгойн уурхай гэхэд цахилгаанаа Хятад улсаас авсаар байгаа. Тэгэхээр ашиг өгөөжийг тооцохгүйгээр жижиг ордуудыг ашиглах боломжгүй.

-Манай улсын батлагдсан хоёр орд маань олборлолтын ажил эхлэхээр гадаадаас хөрөнгө оруулагч оруулж ирэх үү. Дотоодын компанийн хүчин чадлаар явах боломжтой болов уу?

-Одоогоор Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүрэгтэйн ордыг дотоодын MNREC /Монголиан Рийр Ийрт корп ХХК/ эзэмшиж байгаа. Энэ компанийн хувьд ашиглалт олборлолтоо өөрсдөө хариуцах бүрэн боломжтой. Олборлолт болон гүн боловсруулалт хийнэ, цаашлаад металл гаргах хүртэл нэлээд том зорилготой эхлээд явж байгаа компани байна. Хотгорын ордын тухайд нарийн мэдээлэл одоогоор алга байна. Үйл ажиллагаа эхлээд олборлолт явагдаад ирэхээр зардал ихсээд хүчин чадал, хөрөнгө оруулалт шаардлагатай болвол гадны компаниуд орж ирэх эсэхийг хэлж мэдэхггүй.

-Судлаач хүний хувьд газрын ховор элементийн тухай нэмж хэлэх мэдээлэл байна уу. Олборлолтын дараа тухайн газрын чанар байдалд нөлөөлөх ямар нэг сөрөг зүйл байх уу?

-Газрын ховор элементийн тухайд хүнд болон хөнгөн элемент гэж ялгадаг. Уурхайгаас олборлож эхлэхэд хүнд хөнгөн элементүүд нь исэл байдлаар бүгд гараад ирдэг. Өнөө өндөр технологид шаардлагатай диспрози, терби, неоди хэрэгцээтэй байдлаараа хүнд элементийн төрөлдөө орно. Хотгорын ордын тухайд хөнгөн элементийн эзэлхүүн ихтэй гэсэн судалгаа байдаг. Ашигт малтмалыг газрын хөрснөөс авч хүн төрөлхтөн амьдрал ахуйдаа ашигласаар олон жилийн нүүр үзэж байна. Хамгийн чухал зүйл бол нөхөн сэргээлт. Өнөөдөр дэлхийд уул уурхайн маш өндөр технологиуд хөгжиж байгаа болохоор манайд ч тэр технологи л орж ирнэ гэсэн үг. Нөхөн сэргээлтийг ОУ-ын стандартад шаардлага хангахуйц, чанарын өндөр түвшинд хийснээр ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Манай улсын хувьд Ашигт малтмалын хуулийн шинэчлэлттэй холбоотой олборлогч аж ахуйн нэгжүүд, анх эхэлж байсан алтны уурхайнуудын үеийг бодвол хаа хаанаа маш хариуцлагатай болсоор байгаа. Одоо нэмээд хуулийн өөрчлөлтөд уурхайгаас орох татвар орон нутаг руугаа шууд орох боломжтой болгох тал дээр заалтууд нэмэгдэхээр яригдаж байгаа гэж ойлгосон. Тэгвэл эдийн засгийн үр өгөөж орон нутагтаа үлдэх боломж гарна гэж боддог. Мөн ач холбогдлын тухайд дэлхий дахин ашигт малтмалаа ашиглаж амьжиргаагаа сайжруулж байна. Энэ дэлхийд ямар нэг байдлаар металл хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр олборлож ашиглахаас аргагүй шүү дээ. Тэр тусам эрэлт өндөр үед нийлүүлэлтийг зөв бодлогоор хэрэгжүүлснээр илүү үр өгөөж хүртдэг. Монгол Улс дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн эрэлт их, үнэ өндөр байгаа үед хурдхан олборлон боловсруулж зах зээлд нийлүүлэх нь улс орны эдийн засагт өгөөж хүртэх боломжтой юм даа.

Б.ДАРИЙМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.