ТОЙМ: Улсын Их Хурал - Өнгөрсөн долоо хоногт (2020.01.27-31)

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын сонгуулийг орон нутагт 52, нийслэлд 24 мандаттай явуулахаар болов

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар хэлэлцэв.

Бүлгээс 2020 оны УИХ-ын сонгуулийг 29 тойргоор явуулахыг дэмжлээ. Энэ нь нийслэлд есөн тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүр хоёр, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг тус бүр нэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэж нэг тойрог болгохоор шийджээ.

Орон нутагт 20 тойрог буюу Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж нэг, бусад аймгийг тус бүр нэг тойрог байхаар тооцсон байна. Мөн нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгож, орон нутагт нийт 52, нийслэлд 24 мандаттай явуулахаар тогтов.

(2020.01.27)

Сонгуулийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар тогтлоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

(2020.01.28)

Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна. Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заажээ.

Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг есөн тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна.

(2020.01.28)

Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцов

Түүнийг олон нийтийн газар удаа дараа биеэ зохисгүй авч явсан, зодоон цохионд оролцож МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул энэ асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг МАН-ын Ёс зүйн хорооноос гаргав. Энэ дүгнэлтийг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцсон шийдийг гаргасан байна. Хяналтын хороо нь 14 гишүүнтэй бөгөөд олонхийн саналаар ийнхүү түүний намынхаа гишүүн байх эрхийг хөнджээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг авч хэлэлцлээ. Түүнийг олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явж чадаагүй, нийгэмд биеэ зүй зохисгүй авч явсан. МАН-ын нэр хүндийг унагасан” гэж МАН-аас гарсанд тооцсон” гэсэн юм.

Энэ талаар тэрбээр, “Намайг намаас “хөөх” шийдвэр гарч байгааг танилцуулсан. Энэ шийдвэртэй би санал нэг байна. Өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлал гуйя. Энэ саналыг хүлээн зөвшөөрсөн” гэв.

(2020.01.29)

УИХ-аас Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Халдашгүй байдлын дэд хороонд ирүүлж, улмаар Халдашгүй байдлын дэд хороо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргав. Шийдвэр гарсантай холбогдуулж Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Номтойбаяр гишүүний асуудлаар хуралдаж, түүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэрийг гаргаад байсан юм. УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан.

image

Санал хураалтад 58 гишүүн оролцож, 30 нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал өгч, 28 гишүүн авч үлдэх саналыг хүргүүлсэн. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж дэмжигдэхгүй бол чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан юм. Тэгвэл Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтэд үндэслэсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууц санал хураалтын тогтоолын төслийг албажуулах санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

(2020.01.30)

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Санал хураалт дуусах цагийг оройн 20.00 цаг болгох, санал хураалтын ирцэнд 50 хувиас дээш байх гэсэн босго тавихгүй байх асуудлыг хэлэлцлээ.

Сүүлийн дөрвөн удаагийн орон нутгийн сонгууль ирцэндээ хүрч иргэд саналаа өгөөгүй гэдгийг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдэгдсэн.

Оройн 20.00 цагаас хойш харуй бүрийд сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих, мөнгө тараах зэрэг сөрөг үйлдэл ихэсдэгийг, түүнчлэн олон улсын жишгийг харгалзан сонгуулийн санал хураалт дуусах цагийг 20.00 цаг болгон өөрчлөх санал оруулан тэрхүү санал олонхийн дэмжлэг авлаа.

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэн олонхийн дэмжлэг авсан саналуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм.

(2020.01.30)

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх тогтоолын төслийг боловсруулж, хууль санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1, Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороод, гишүүдээс давхардсан тоогоор 72, Засгийн газраас 60, нийт 133 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54,3 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар 17 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр тогтов.(2020.01.31)

Коронавирусын талаар мэдээлэл сонсов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ коронавирусын халдварын өнөөгийн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл сонсов. Шинэ коронавирусын халдвар тархсан талаарх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан даруйд Монгол Улсын Засгийн газар хоёр удаа, Улсын онцгой комисс хоёр удаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тус тус хуралдаж, эл аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд дурдав. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Халдварт өвчний голомтоос ирсэн иргэдийг хүлээн авах тусгай байр бэлтгээд байгаа, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа гэжээ. Мөн БНХАУ-аас Монгол Улс руу ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэн, авчрах зорилгоор хуваарь гаргах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зохион байгуулах, ирсэн хойно нь хилийн боомтууд дээр ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн үзлэг хяналт хийж, сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлсэн байна.

image

Түүнчлэн Засгийн газраас 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл мөрдөх онцгой дэглэмийг зарласан. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт, төрийн золголт, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Засгийн газар хилийн зарим боомтыг хаах, хязгаарлалт тогтоох тухай шийдвэр гаргав.

(2020.01.31)

УИХ-ын намрын чуулган өндөрлөлөө

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж үг хэлэв.

Тэрбээр, “Олон улсын жишгийг харгалзаж Засгийн газар бусад яам, байгуулагууд нэгдэж ажиллах шаардлагатай байна. 911 гэдэг шиг нэг дуудлагын утастай болж, нэг газарт мэдээлж, нэг газраас мэдээлж, хяналт тавих хэрэгтэй байна. Нэгдсэн штабаар ажиллах хэрэгтэй байна. Малын шүлхий, мал устгал, шүлхийн вакцин гээд баахан тэрбум төгрөгийн зардал гараад байдаг. Хүний төлөө гэсэн юм юу ч байхгүй байна гэдэг чинь нэг шалгалтад уналаа гэсэн үг шүү. Ийм учраас энэ чиглэлүүдээр илүү өндөр хариуцлагатай байж эрсдлийг давж гарна шүү” гэсэн юм.

Энэ удаагийн чуулган шахуу хуваарьтай, өндөр ажиллагаатай байж, 11 сар завсарлагагүй, тасралтгүй хуралдсан байна. Энэ намрын чуулганаар 154 хууль, УИХ-ын 51 тогтоол хэлэлцэн баталжээ.

(2020.01.31)


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:57

Зочин [59.153.114.16] 2020-02-02 03:11:54

Энд дэмий шахуу хэрүүл хийх бишээ. Дэлхийг хамарсан халдварт өвчин тархаж байна. Хятадын коммунист нам 337 дарга нараа ажлаас нь халж байна. Манай Улсын Их Хурал дээр энэ өвчний тухай ярихгүй байна яагаад вэ?

Зочин [202.9.46.19] 2020-02-02 00:19:51

Өмхий монголоос би өшөөгөө авах болно

Зочин [103.57.95.223] 2020-02-01 01:08:00

Мандатын хуваарилалт тойргийн тогтолцоог УИХ-аар баталдаггүй хэрэг үү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.