Хүүхдийн зуслангууд онцгой комиссын зөвлөмж, хяналтан дор амрагчдаа авч эхэлжээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Цар тахлын дэгдэлтийн улмаас хичээл, сургуулийг хааж, олон нийтийн арга хэмжээг хориглоод хагас жил гаруй боллоо. Энэ хугацаанд Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй учраас зарим үйлчилгээг шат дараатайгаар нээгээд байгаа юм. Энэ дагуу хүүхдийн зуслангууд онцгой комиссын зөвлөмж, хяналтан дор өнгөрсөн бямба гаригаас амрагчдаа авч эхлэв. Онцгой нөхцөл байдалд хүүхдийн зуслан хэрхэн ажиллаж байгааг “Нарс” зуслангаас сурвалжиллаа.

ДУУ, БҮЖИГ, ГАЛЫН ТОЙРГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХАСЧ, ТАЛБАЙГ ТУСГААРЛАЖЭЭ

“Нарс” зуслан бямба гаригт эхний ээлжийн 120 хүүхдээ хүлээж авав. Хүүхэд хүлээж авах бэлтгэл ажлаа сар гаруй базааж, мэргэжлийн байгууллагуудад шалгуулснаар ийнхүү ажиллах эрхээ авчээ. Онцгой үед хүүхдийн тоогоо хоёр дахин багасгаснаас гадна хүн хоорондын зайг барьж олуулаа нэг дор бөөгнөрөхгүйн тулд хөтөлбөрүүдээ өөрчилсөн талаар “Нарс” зуслангийн бүлгийн учирдагч багш Э.Пүрэвчанцал “Манайх 1972 онд байгуулагдсан ууган зуслангуудын нэг. Нэг удаагийн ээлжиндээ 6-18 насны 250-300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Нийт зургаан бүлгийн 24 өрөөтэй. Харин энэ жил УОК-оос есөн зуслангийн үйл ажиллагааг зөвшөөрсний нэг нь манайх. Коронавируст цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журмын дагуу зуслангийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Амрагч хүүхдийн тоог багасгаж эхний ээлжинд 120 хүүхэд хүлээн авч байна. Дөрвөн бүлэг тус бүр 20 хүүхэд, нэг бүлгийн багштай. Өмнө нь арван хүүхэд нэг өрөөнд байрладаг байсан бол одоо таван хүүхдийг байрлуулж байна. Мөн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд дуу, бүжиг, галын тойрог зэрэг олныг хамарсан хөтөлбөрийг хассан. Талбайн үйл ажиллагааг ч хооронд нь тусгаарлаж байгаа. Үүний тулд өртөөчилсөн байдлаар зусланг үндсэн таван хэсэгт хуваасан. Энэ нь бүлэг тус бүр нэг өртөөнд 20 минутаас дээшгүй хугацаанд сургалт, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Хэсэгчилсэн өртөөний үр дүнд бүлэг хоорондыг нийлүүлэлгүй хугацааг зөрүүлж байгаа юм. Амралтын хугацаанд вирусын сэжигтэй тохиолдол илэрвэл яаралтай эмчид мэдэгдэх давхар хяналттайгаар бүлгийн багш нар ажиллаж байна. Манай зуслан бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг тохирох хэмжээнд нь бүрдүүлж байгаа тул хүүхдүүд байнга амны хаалт зүүхгүй. Эмчийн зүгээс амны хаалт зүүх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэрэглэх юм” гэлээ.

Харин амрагч хүүхдүүдийн хооллолтын хувьд зуслан хоолны хоёр заалтай. А зааланд 11 ширээ, Б зааланд 15 ширээ зассан байв. Гал тогоонд зургаан хүн ажиллаж, өмнө нь хоолны танхим руу бөөндөө жагсаж ордог байсан бол энэ удаад хүүхдүүд хоёр метрийн зайгаа барьж байлаа. Өөрөөр хэлбэл, бүлгээрээ 10 минутын зайтай орж нэг урт ширээнд зургаан хүүхэд сууж байна.

ХҮҮХДҮҮД ДОЛООН ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙНА

Хүүхдүүдийг хоолондоо орох зуур бид “Нарс” зуслангийн амрагч н.Билгүүнтэй ярилцлаа. Тэрээр “Би 18 настай. Сүүлийн жилээ “Нарс” зусландаа ирж байна. Зусланд ирэхдээ эмчийн үзлэгт хамрагддаг. Харин энэ жил нэмэлтээр эрүүл мэндийн асуумж хуудас бөглүүлсэн. Тэгээд автобусанд суухаасаа өмнөө халуунаа үзүүлсэн. Зуслан дээр ирэхэд биднийг хоёр метрийн зайгаа барьж, халуунаа хэмжүүлж, амны хаалттай байхыг зөвлөсөн. Бүх үзлэг ариутгал дууссаны дараа зуслангийн байр руугаа нэвтрүүлсэн” гэлээ. Цар тахалтай холбоотойгоор зуслангийн ээлж солигдох бүрт мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, зөвлөмж өгөх юм байна. Мөн энэ жил амрагч хүүхдүүд долоон төрлийн шинжилгээ өгч, асуумжийн хуудас бөглүүлж байгаа юм.

“Нарс” хүүхдийн зуслангийн дотоод хяналтын багийн ахлагч, халдвар судлаач, их эмч А.Баасанжав “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ээс өгсөн зөвлөмжийг баримталж ажиллаж байна. Манай улс коронавирусыг дотооддоо алдаагүй ч урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах ёстой. Зургадугаар сарын дунд үеэс эхлэн зуслангийн байруудад цэвэрлэгээ, ариутгал хийж нэг сар орчмыг бэлтгэл ажилд зарцуулсан. Хүүхдүүд зусланд бүртгүүлэхдээ харьяа дүүргийн эмнэлэгт долоон төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай. Түүнчлэн зусланд ирсэн эхний өдөр нь хүүхдүүдээс тандалтын асуумж бөглүүлж байгаа. Уг асуумжид сүүлийн сард ямар нэг өвчнөөр өвдсөн эсэх, “Covid-19” өвчнөөр өвчилсөн хамаатан садан, танил байгаа эсэх, тусгаарлалтын байранд хамаатан, найз нөхөд нь байсан эсэх, байгаа бол уулзсан эсэхийг лавлаж байгаа.

Хүүхдүүдийг автобуснаас буусан даруйд биеийн халууныг үзэж бүлэг бүрээр явж эрүүл ахуйн заавар зөвлөмжийг өгсөн. Амрагчид коронавирусын талаар мэдээлэлтэй болчихсон тул ямар нөхцөл байдалд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах ёстой зэргийг сайн мэдэж байна. Зусланд нэг их эмч, хоёр бага эмч, аж ахуйн ажилтан, ариутгалын ажилтан гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй дотоод хяналтын баг ажиллаж байгаа. Зуслангийн байрны эрүүл ахуйн нөхцөлийг хянаж, хоёр цаг тутамд зуслангийн багш ажилчид, амрагчдын биеийн халууныг хэмжих, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх үүрэгтэй. Мөн ариутгал, аж ахуйн ажилтнууд цэвэрлэгчидтэй хамтран бүлгийн өрөөнүүдийг хоёр цаг тутамд ариутган, цэвэрлэнэ. Өглөө, өдөр, оройн хоолны өмнө заалны цэвэрлэгээг шалгаж, хоол унд эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьж, тогооч бэлтгэгчдэд заавар зөвлөмж өгдөг. Энэ хугацаанд вирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах байр болон 15 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас бэлдсэн байгаа. Мөн эцэг эхийн эргэлтийг хориглосон. Хамгийн чухал нь бид хүүхэд бүрийг хариуцлагатай байх, өөр болон бусдад шаардлага тавьж сурах, аливаа дэглэмийг дагаж, мөрддөг байхыг сурган зорин ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.236] 2020-07-20 08:02:27

Наад заваарсан юмаа болиочээ , эсвэл амраад дуусангуут 21 хоног тусгаарлаачээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.