Ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна
ШӨХТГ-аас Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын үйл ажиллагаанд шалгалт оруулж дууслаа. Шалгалтад нийслэлийн хэмжээнд нийтдээ 180 ломбардыг хамруулсан бөгөөд тэдний үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хянаж шалгасан байна.
Ломбардууд алт, мөнгө, монетон эдлэл, хөөрөг, хэт хутга, эмээл, хазаар, эртний эдлэл, автомашин, гар утас, гар утасны дугаар, зургийн аппарат, зөөврийн болон ширээний компьютер, гэр ахуйн цахилгаан бараа, мөн автомашин зэрэг иргэдийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгож байна.
Хяналт шалгалтад хамрагдсан ломбардууд барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг ба зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог, хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцон авдаг бол зарим газрууд нь алданги тооцдоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Харин Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажилладаггүй;
- Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хууран мэхэлж, төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулдаг;
- Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, ТВ-ийг зах зээлийн ханшаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог;
- Иргэний барьцааны эд зүйлсийг зээлийн хугацаа дуусмагц сануулах мессежийг илгээдэг ба дараагийн өдрөөс зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан борлуулж ломбардын орлого болгох талаар гэрээнд тусгасан;
- Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Ломбардуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухайд 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.88.164] 2020-09-23 05:26:04
Шалгаад хариуцдага хүлээлгэж, дүрэм журмыг нь шинэчилж мөрдүүлэх ,зөвшөөрлийг нь цуцлах ,мөнгө хүүлэлтийг бууруулах арга хэмжээ л авах нь чухал бна шүү.
Зочин [103.10.21.56] 2020-09-22 21:38:08
Шалгаад шалгаад ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй юм бол ямар хэрэг байна вэ ...Доод тал нь 14 хн.т 8 хувь шүү дээ САРД 16 ХУВЬ гэсэн үг Ингэж шулаад байгаа газруудад ямар арга хэмжээ авав....Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан газруудад ямар хариуцлага үүрүүлээ вэ Нэг иймэрхүү мэдээ ч юм шиг мэдэгдэл ч юм шиг гаргаад боллоо юу Ядаж 14 хн.оор хүү тооцоод байгаа газруудын нэг 14 хн.ын хүүг буцаан олгуулаач ээ Энэ 16 хувийг хүүлдэг ломбардад ямар арга хэмжээ авсан бэ Зээл авсан иргэдийн ре дугаар утасны дугаар бүгд л байгаа тэднийг санхүүгийн мэдлэггүйг далимдуулан 16 хувиар хүү тооцож байна шүү дээ
Зочин [99.229.251.229] 2020-09-22 15:04:30
Ломбард гэж хүн шулсан хар мангаснууд, бүгдийг болиулах хэрэгтэй шдээ,,,,