Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг дэмжвэл 800.000 төгрөгний ваучэр Ерөнхийлөгчийн хамаарал бүхий компанид үйлчлэхгүй байж болно. Ерөнхийлөгч бас ийм саналтай байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр цар тахлын үед авч хэрэгжүүлэх зургаан саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Тус саналын талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижирээс тодрууллаа.
-Ерөнхийлөгч өчигдөр өрх бүрт сая төгрөг олгох саналыг Засгийн газар хүргүүлсэн. Энэ саналыг гаргахдаа эдийн засгийн тооцоо судалгааг хийсэн үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан албан бичиг хүргүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдал зарласнаас болж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа 14 хоног зогсож, ажилчин, албан хаагчид орлогогүй болж байна. Бизнес эрхлэгчид арваннэгдүгээр сарын сүүлийн цалинг хэрхэн өгөх вэ гэдэг асуудал ч бүрхэг байна. Өнөөдрийн "Өдрийн сонин" "Хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч байна. Өрхийн санхүү хүндэр ч байна" гэсэн нийтлэл гарсан байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байдал нь өрхийн санхүү, аж ахуйд нэлээд хүндрэл учруулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс маш тодорхой зургаан саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ер нь тооцоолол хийсэн үү?
-Эдийн засгийн тооцоолол хийсэн зүйл байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч Сангийн сайдыг дуудаж танилцуулах байх. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлэхэд мөн ийм асуудал үүсч байсан. Гэхдээ тухайн үед эдийн засгийн тооцоололтой байсан гэдгийг та бүхэн харсан. Өнөөдөр 248 мянган иргэн 690 орчим тэрбумын тэтгэврийн зээлээ тэглүүлсэн. Үүнтэй адилхан бидэнд судалсан тооцсон зүйлүүд байгаа. Улсын төсөв хэрхэн бүрддэг вэ гэдгийг маш энгийнээр ойлгоход аж ахуйн нэгжүүдийн татвар, шимтгэлээс бүрддэг. Аж ахуйн нэгжүүдийн орлогыг ард иргэд бүрдүүлдэг. Тасралтгүй үргэлжлэх ёстой үйл ажиллагаа нэг газартаа тасарвал эдийн засагт хүндрэл үүснэ. Тиймээс улсын төсвийн орлого бүрдэх үү, бүрдэхгүй байх асуудал үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс зургаан санал бүхий санал хүргүүлсэн.
-Манай улсад эдийн засгийн боломж байгаа юу. Ерөнхийлөгч ганцаараа улс төр хийчхэж байгаа юм биш биз дээ?
-Ганцаараа улс төр хийсэн зүйл байхгүй. Өмнө нь албан бус байдлаар Ерөнхий сайд, Засгийн газарт танилцуулга хийж байсан.
-Бэлэн мөнгө тараах байдлаар эдийн засгийн байдлаа дэмжсэн улс орнууд олон байгаа. Гэхдээ манай улсын эдийн засагт ийм боломж байгаа юу?
-Бэлэн мөнгө буюу түүнтэй адилтгах санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 55 орчим улс байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг харьцуулахад харьцангуй өөр. Гэхдээ манай улсын хувьд тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой. Улс нэмэлт орлого олох боломжтой. Үүнийг бид ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Хэрвээ Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжвэл Засгийн газар дээр тодорхой саналууд гараад зохицуулагдах байх. 2019 оны эцсийн судалгаагаар 897 мянга орчим өрх байгаа. 897 мянган өрх гэж тооцохоор сарын 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай дотоодын аж ахуйн нэгж үйлдвэрлэл рүү орох боломж байна гэж үзэж байгаа.
-800 мянган төгрөгийн эрхийн бичиг авахыг аж ахуйн нэгжүүд зөвшөөрсөн юм уу. Улс аж ахуйн нэгжүүд рүү 800 мянган төгрөгийн эрхийн бичгийн санхүүжилт хийх боломжтой юм уу?
-800 мянган төгрөгийн эрхийн бичиг өгөх нь дотоодын үйлдвэрлэлүүдээ дэмжсэн, эргэлтийг бий болгох санхүүгийн дэмжлэг хөшүүрэг.
-Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг дэмжээгүй гэсэн мэдээлэл байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Энэ мэдээллийг аваагүй байна. Хэрвээ Засгийн газар Ерөнхийлөгчийн гаргасан зургаан саналыг дэмжээгүй бол бид Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух байх.
-Хэрвээ Ерөнхийлөгчийн иргэдэд нэг сая төгрөг өгөх санал дэмжигдвэл Ерөнхийлөгчийн компаниуд ваучерт хамрагдана гэсэн шүүмжлэл байна?
-Наадах чинь маш энгийн асуудал. Энэ бол хуулийн зохицуулалттай. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан иргэдэд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжвэл энэхүү хөтөлбөрт Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудыг хамруулахгүй байх хэрэгтэй. Би түрүүн хэлсэн, Монгол Улсад 8600 орчим боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Тэндээс Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хоёр, гурван үйлдвэр хасагдана гэсэн үг.
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
АН: Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл өргөн барина
Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ