Монгол Улсын Шинжлэх ухааны академи-2020 онцлох үйл явдал

Aдмин / Технологи

Монгол улсын шинжлэх ухааны академиас жил бүр тухай жилийнхээ онцлох ажлыг зарлан олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Энэ жил дараах 10 ажлыг нэрлэж байна.

1. Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурлын дараа батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 379 тоот тогтоол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаад байгаа эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтийн хэмжээ, үр дүнг нэмэгдүүлэх, улс орны хөгжилд шинжлэх ухаанаас оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн болон инновацын үйл ажиллагааг дэмжих, гарааны компаниудыг шинээр бий болгох зэрэг зорилтыг шийдвэрлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх Шинжлэх ухаан, инновацын төвийн кластерын бүтээн байгууллалтын ажлыг эхлүүллээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар ШУА 60 шахам жилийн түүхэндээ анх удаа өөрийн оффисийн байртай болов.

2. Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын аюул нүүрлээд байгаа энэ үед манай биологичид SARS-СОV-2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгоод байна.
3.ШУА-ийн Хими, химийн технологийн болон Биологийн хүрээлэнгийн судлаачид Эрдэнэт хотын Цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, улмаар шимт хөрс болгон ашиглах биологийн технологийн шийдлийг олж, нийт лагийн 1/3-ийг боловсруулаад, үлдсэн хэсгийг 2021 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид хотын ногоон байгууламжийн хүрээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмрийг оруулах зорилгоор Улаанбаатар хотын нөхцөлд дасан зохицож, тарималжуулах боломжтой гоёл чимэглэлийн 4000 гаруй суулгацыг Баянгол дүүрэгт суулгасны 95 хувь нь ургаж байна.

4. Хими, химийн технологийн хүрээлэнд орчны бохирдлын болон эрдэс хүдрийн химийн найрлагыг тодорхойлдог индукцын холбоост плазмын оптик эмиссийн спектрометр, нил улаан туяаны спектроскоп зэрэг тоног төхөөрөмж бүхий Багажит шинжилгээний лабораторийг шинээр байгууллаа. Математик, тоон технологийн хүрээлэнд онолын тооцоо, симуляц, загварчлал болон хүрээлэн дундын хамтын ажиллагаа хөгжүүлэх Тооцоолох төвийн эхний тоног төхөөрөмжүүдийг суурилуулж үйл ажиллагааг эхлүүллээ.

5. Газарзүй-Геоэкологийн хүрээлэн БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургууль, Тариалан мал аж ахуйн хүрээлэн, Булган аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт судалгааны төв байгуулав. Энд Монгол орны бэлчээрийн талхагдлын зэрэг, газрын доройтол, түүний тархалтыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоохын зэрэгцээ харилцан адилгүй ландшафт-газарзүйн нөхцөлд бэлчээрийг нөхөн сэргээх зохист технологийг нутагшуулах, тохирсон сортуудыг тариалах замаар бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой эрхлэх боломжийг бий болгох зорилгоор хуурай хээрийн бүсэд 30 га талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх туршилт хийж байна.

6. Одон орон, геофизикийн хүрээлэн газар хөдлөлт бүртгэх хээрийн болон нүүдлийн станцын сейсмометр, дижитайзер, сүлжээний төхөөрөмж, тэжээлийн системийн хэвийн ажиллагааны нөхцөл байдал, нарны зайн дэлгэц цэнэглэлт, хэрэглээний горим, хэрэглэгч тус бүрийн хүчдэл, гүйдэл, орчны агаарын чийгшил, температур, усны мэдээлэл зэрэг өгөгдлийн утгыг график, тоон байдлаар интерфейс орчинд тасралтгүй харуулах, хянах, анхааруулах, зарим нэг параметрийг удирдах үйлдэлийн цогц систем зохион бүтээж туршилтаар хэрэглээнд нэвтрүүлэв.

7. Археологийн хүрээлэнгийн судлаачид Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит хэмээх газраас олдсон хүний толгойн ясанд шинжилгээ хийснээр энэ нутагт 34.000 жилийн тэртээд амьдарч байсан ухаант хүний генийг тайлж, Зүүн Азийн эртний ухаант хүн нь Денисовын хэмээн нэрлэгдсэн хүнтэй хавьталд орж, өнөөгийн тус бүс нутагт тодорхой хэмжээнд тархсныг тайлсан судалгааны үр дүнгээ Science сэтгүүлийн 2020 оны 370 дугаарт хэвлүүллээ. Палеонтологичид эртний сээр нуруутан амьтад үлэг гүрвэлийн 2, эртний загасны 1 төрөл зүйлийг шинээр тогтоож, геологийн насыг тогтоох шинэ аргыг баталсан үр дүнгээ Nature-ийн Communications Biology (IF: 12.5), Royal Society Open Science, Nature-ийн Ecology & Evolution, Terra Nova зэрэг сэтгүүлүүдэд хэвлүүлэв. Хөвсгөлийн хотгорын өмнөд талд орших Хөхтолгойн зүсэлтийн доод кембрийн Эгийнгол формацын карбонат хурдсаас Mongolitubulus henrikseni хэмээх бичил гуурслаг амьтан(SSFs)-ыг анх удаа илрүүлсэн нь тив хоорондын харьцуулалтын судалгаанд ач холбогдолтой ажил боллоо.

8.Түүх, Угсаатан зүйн хүрээлэн малтлага судалгаагаар илэрсэн олдворуудаар “Археологийн олдворын танхим”, угсаатны зүйн судалгааны эх материалаар “Монголын биет бус соёлын өвийн судалгааны танхим”-ыг нээн ажиллуулж эхлэв. Хэл зохиолын хүрээлэн 2018-2020 оны хичээлийн жилд ЕБС төгссөн сурагчдын уйгаржин монгол бичгээр бичсэн нэрийн цахим санг шинэчлэн цэгцэлж, улмаар монгол хүний нэрийн цахим сан бүрдүүлэх эхлэлийг тавилаа. “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийг цахим хуудаст байршуулах цахим хуудасны интерфейсийг программын багтай хамтран боловсруулснаар мэдээллийн технологийн хөгжил, даяаршилтай холбоотой үүссэн, үүсэж буй шинэ нэр томьёог монгол хэлний хэм хэмжээнд нийцсэн үг хэллэгээр шинжлэх ухааны үндэслэлтэй оноож, цахим орчинд нээлттэй хэрэглэх боломж бүрдэж байна.

9. Оюуны өмч, инновацийн мэргэшсэн хүний нөөцийг бэлдэх, шинжлэх ухаан, технологи болон оюуны өмчийн салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Оюуны өмчийн газартай хамтран 30 орчим судлаачийг оюуны өмчийн чиглэлээр мэргэшүүлж, салбарын хүний нөөцийг бэхжүүллээ.

10. Нийслэлийн боловсролын газартай хамтран “Нэг эрдэмтэн-Нэг лекц” хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлж, ахлах ангийн сурагчдын сонирхсон сэдвүүдээр цахим лекц бэлтгэн нийтийн хүртээл болгохын зэрэгцээ хүүхэд залуучуудын шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал” бүтээлийг “М нэмэх” ХХК-тай хамтран “М+” апликейшинд дижитал контент хэлбэрээр байршуулж, олон нийтэд үнэ төлбөргүй тогтмол хүргэж байна.


Сэтгэгдэл

Зочин [178.184.45.197] 2020-11-25 23:36:09

Энэ дотор уйлдвэрлэлд нэвтрээд ур дунгээ огох юм уу, эсвэл ур дун нь хуний нудэнд шууд харагдах юм байна уу. Тодорхой нэг л асуудлыг бурэн тогс шийдвэрлэж болдоггуй юм уу. Ж нь яс. Малынхаа ясыг бурэн боловсруулаад цавуу, соронзон хальс, малын тэжээл, хорс сайжруулагч, тос, гээд 9 шидийн юм хийдэг юм гэсэн. Монгол малын яс болдоггуй юм уу. Хайран туухий эд. Цул монго хаягдаж байх юм. Юу нь болдоггуй юм бэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.