Аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ

Aдмин / Эдийн засаг

“Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалт боллоо

“Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт цахим уулзалт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг Монголбанк, МҮХАҮТ хамтран зохион байгуулав. Уулзалтыг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар нээж үг хэллээ. Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт давамгайлж байгаа. Тиймээс бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч буй. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг энэ удаа хэлэлцэж, талууд харилцан мэдээлэл солилцлоо.

Цахим уулзалтад Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл, Монголын самрын кластер ТББ, Ноосон зангилаа дундын хоршооны төлөөлөл оролцож, өөрсдийн салбарын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд уул уурхайн бус экспортын салбарын дийлэнх нь цар тахлын нөлөөнд автаж, борлуулалт нь хоёр дахин буурсан төдийгүй, экспортын хэмжээ эрс багассан, санхүүгийн хүндрэлээс үүдэн үйлдвэрлэлийн түүхий эдээ авч чадалгүй өдий хүрсэн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид олон байна.

Аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ

Тухайлбал, Аялал жуулчлалын салбар гэхэд санхүүгийн хүндрэлд ороод зогсохгүй ажлын байраа ихээр алджээ. Төрөөс ямар нэгэн татаас дэмжлэг үзүүлээгүй бөгөөд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадалгүй үлдсэн байна. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2020 онд аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 15 хувь нь татан буугджээ. Махны экспортын хувьд малын халдварт өвчин болон цар тахлын улмаас зогсонги байдалд шилжсэн талаар Монголын махны холбооны менежер И.Баттогтох танилцууллаа.

Ноос, ноолуурын салбарт олгогдож буй зээлийн хэрэгжүүлэх хугацаа гурван жилээс доошгүй байх, зээлийн нөхцөл уян хатан байх, түүхий эд бэлтгэх улирлын цаг хугацааг харгалзаж үзэх саналыг МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа дэвшүүллээ. “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, өөрийн банкны олгож буй экспортын бус зээлийн талаар Худалдааны хөгжлийн банкны Жижиг, дунд бизнес хамтын ажиллагааны хэлтсийн захирал Б.Булган мэдээлэл өглөө. Тус банкны экспортын санхүүжилт дотор уул уурхайн бус экспортын зээлийн эзлэх дүн 26.5 хувьтай байна.

Цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацаа алдалгүй бүрдүүлэх шаардлагатай байгаатай оролцогчид санал нэг нэгдэж, экспортыг дэмжихэд МҮХАҮТ-ын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцоллоо. МҮХАҮТ ковидын дараах эдийн засгийг сэргээх “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд экспортыг дэмжих талаар төр засагт тодорхой санал, зөвлөмжөө хүргүүлсэн билээ.


Сэтгэгдэл

иргэн [66.181.182.184] 2021-09-09 09:01:02

Зунжингаа хотыхон хөдөө тийш зорьж маш их орлого оруулсан ш дээ. Үүнийг тооцдоггүй юм уу? Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Ашгаа бас дурьдах нь л зүйтэй.

Жуулчлал бол орлогын баталгаатай эх үүсвэр болж чадахгүй. [202.131.225.53] 2021-09-10 03:38:06

Маш зөв. Бодит байдал яг ийм л байна. Олон үлсын жуулчлал Монголд нэг их орлого авчрах нь хэдийнээ ӨНГӨРСӨН үлгэр. Дотоодынхоо жуулчлалыг хөгжүүлвэл АРАЙ ДЭЭР байх. ГЭХДЭЭ Л эрсдэлтэй, учир нь зуны 6-8-р сард л явагдна. Харин 9-5-р саруудад бол дотоодын жуулчлал ашигтай байж чадах уу? 9-5-р саруудад гадаадынхан бол бүүрч ч ИРЭХГҮЙ. Тэгээд л бодоод үз л дээ.

Зочин [103.212.119.184] 2021-09-09 16:16:55

Гадны жуулчид Монголд нэг ирээд дахиж ирэхгүй, эх орондоо очоод Монголыг сурталчлахгүй бна. Дэлхийн э/засгийн 2 дахь их гүрэнтэй хил залгаа байж үнэн арчаагүй, энэ Аялал жуулчлалын яамыг татан буулгах хэрэгтэй, энд тэнд шавар хөшөө босговол гадаадууд үзэх гээд сонирхоод Монгол руу шуурах юмшиг ойлгодог. Ганцхан жишээ:- Ганданд өндөр Жанрайсаг үзүүлээд 2 японтой зогсож бсан чинь нэг дээлтэй манаач болов уу гэмээр өвгөн ирээд шууд Монголоор нөгөө Япончуудаас төлбөр нэхээд унасан, надад их муухай санагдсан, Япончууд сүсэглээд мөргөөд сүйд болж бхад өөдөөс нь мөнгө яриад нэг хэл усгүй, хувцас хунар нь гуйлгачин шиг нөхөр шүү. Гадаад хүмүүсийг мөнгөний хүүдий шиг хардаг зангаа орхиогүй цагт олон сая жуулчид яриад хэрэг бхгүй. Жуулчлалын хувийн компаниуд бна, энэ зундаа л олон хүн авч бвал бусад нь хамаагүй гэсэн шиг тэнэг хүн хуурч бгаа юм шиг хөтөлбөр гаргана, тэрэнд нь үнэмшээд ирсэн жуулчид хулхидуулсан болохоор нутагтаа очоод найз нөхдөө наашаа уруу татахгүй бна, дахиж ирэхгүй бна. Монголын юу гоё юм- Хүнгүй эзгүй хээр тал онгон зэрлэг байгаль. Энүүгээрээ л бид гадаадынхныг татна уу гэхээс ийм цогцолбор, тийм хөшөө дурсгал гэж төсвөөс тэрбум тэрбумаар зараад бүр эсрэг үр дүнд хүрнэ. Хөдөө орон нутагт Суврага босгохыг хуульчилж чангатгахгүй бол мөнгөтэй нөхдүүд Буян хийж байна гээд Онгон зэрлэг байгаль харин ч бүр бузарлаж байх шиг. Хүний бараа байхгүй, хүний гар хүрээгүй зэрлэг зэлүүд байгалийг зорьж ирсэн хүмүүст энд тэнд муухай сайхан хамаагүй шовойлгосон Суврага нэртэй хувийн балай шавар юмнууд онгон байгалийг маань бузарлаад бна. гэх мэт энгийн зүйлүүдээс хийх, цэгцлэх юм их бна даа яамны мулгуу орон тоо бөглөгч, бидний татварын мөнгийг үрэгчид ээ...

Зочин [103.80.210.183] 2021-09-09 07:17:36

алдагдалд ороогүй ээ. байгаа хөрөнгө нь л өсөөгүй царцсан. тэрнээс биш алдаад цутгаад байгаа юм алга. хэдэн хахуулиар угжуулсан хүмүүс л нэг их сүр болгож байгаа юм.

Дотоодынхоо жуулчлалд тулгуурла. [202.131.225.53] 2021-09-09 03:52:33

Хэт их хүлээлт үүсгэж хэт их мөнгө олно гэж төлөвлөхлээр чинь аргагүй ш дээ. Монголд цаашид хуучин шигээ олон гадаад жуулчин ойрын хэдэн жил ирэхгүй. Иймд даруухан төлөвлөгөө хийж бага орлого авахаар тооцоол. 2030 он хүртэл ДОТООДЫНХОО жуулчлалыг хөгжүүлэхээ бод. Их орлогогүй юм аа гэхэд баталгаатай мөнгөний эх үүсвэр юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.