Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, аж ахуйн нэгжүүд гурван талт “Хариуцлагын гэрээ” байгуулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд ажиллах болсон. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад зургадугаар сарын 25-наас эхлэн хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй.
Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, удаа дараа зөрчил гаргасан бол “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 10-ны орой Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчлүүд илэрсэн юм. Тухайлбал, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, амны хаалт зүүхгүй байх, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах, цаг хэтрүүлэн ажиллах, нэмэлт тоног төхөөрөмж ашиглах, олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр түр журам, “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчиж байв.
Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-г цуцаллаа. “Хариуцлагын гэрээ”-г хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагууд иргэдэд заалаар үйлчлэхгүй бөгөөд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох юм.
Сэтгэгдэл
Ажлаа л хий [202.179.24.77] 2021-09-14 05:41:37
Худлаа дарамтлахаа боль, автобус дүүрэн хүмүүс байна тэрийгээ хянаарай, тэр нь дээр ажила