Б.Сувданцэцэг: Улсын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 6 байхад малчдынх 9 байна

Aдмин / Нүүр

ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, доктор Б.Сувданцэцэг баруун аймгуудын бэлчээрийн экологийн эмзэг байдалд үнэлгээ хийж, энэ нь нутгийн малчдын нийгэм, эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг удирдан явуулжээ. 2017 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаанд хийсэн Монгол орны баруун бүсийн Говь-Алтай, Ховд аймгийн бүх сумын бэлчээрийн эмзэг байдал, түүний малчдын нийгэм-эдийн засагт нөлөөлж буй нөлөөллийг тодорхойлон, тухайн аймгуудын бодлогын баримт бичгүүдэд туссан зорилт арга хэмжээний уялдаа холбоонд шинжилгээ хийж зөвлөмж боловсруулсан судалгааны ажлынх нь үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.

-Та бүхэн яагаад Говь-Алтай, Ховд аймгийг сонгон судалгаа хийх болсон бэ?

-Би 2016 онд Ховд их сургуульд ажиллахдаа Ази Номхон далайн бүсийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг судалгааг санхүүжүүлэгч APN /Asia-Pacific network for global change research/ гэж олон улсын байгууллагад хандаж хоёр судалгааны төслийн санал дэвшүүлсэн минь хоёулаа батлагдсан. Нэг төслийг Ховд их сургуулийн багш удирдаж хэрэгжүүлсэн. Нөгөөх нь буюу “Монгол орны баруун аймгуудын бэлчээрийн экологийн эмзэг байдлын үнэлгээ хийж дасан зохицох стратеги боловсруулах” сэдэвт судалгааны ажлыгби өөрөө удирдан хэрэгжүүлсэн юм. Энэ судалгаанд манай улсаас ШУА-ийн хэд хэдэн хүрээлэн, их сургуулиуд, судалгааны байгууллагууд хамтарч ажилласан. Гадаадаас Японы Кэиогийн их сургууль, Нагояагийн их сургууль, Токиогийн их сургууль, Ногоон Сүлжээ Төрийн бус байгууллага, БНХАУ-ын ШУА-ийн харьяа Баруун хойд бүсийн байгаль орчин түүний нөөцийн судалгааны хүрээлэн, Хөх хотын Ургамлын судалгаа-төлөвлөлтийн хүрээлэн зэрэг есөн байгууллагын 20 орчим эрдэмтэн, судлаач, орон нутгийн 20 орчим иргэд, захиргааны байгууллагынхан, малчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн багаар 2017-2020 оны хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Уг төслийн зорилго нь Говь-Алтай, Ховд аймгийн бэлчээрийн эмзэг байдлыг үнэлж, түүний нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлон дасан зохицох бодлогын зөвлөмж боловсруулах юм. Мөн түүнчлэн төслийн судалгаанд залуу судлаачдыг хамруулан судалгааны аргазүйд сургах, гадаадын судалгааны төслийн санал боловсруулж сургах, судлаачидтай хамтын ажиллагаа тогтоох, судалгааны үр дүнг хэвлүүлэхэд сургах, судалгаанд хамрагдаж байгаа орон нутгийн иргэд малчид, удирдлагуудыг судалгаанд татан оролцуулж хамтран ажиллах, цаашид судалгаанаас гарсан зөвлөмж, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилготой ажилласан.

-Энэ судалгаагаар орон нутгийн иргэд болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хэрэглэвэл зохих ямар үр дүнгүүд гарсан бэ?

-Бэлчээрийн экологийн эмзэг байдлын судалгааны аргазүйг боловсруулсан нь цаашид бусад аймаг төдийгүй Монгол орны хэмжээнд үнэлэхэд тохиромжтой хэмжигдэхүүнүүдийг тодорхойллоо. Мөн судалгааны мэдээ, материалыг цуглуулан мэдээллийн сан үүсгэснийг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид ашиглах боломжтой.



Бэлчээрийн эмзэг байдлын үнэлгээнээс бэлчээр ихээр доройтсон сумдаас хоёр сумыг сонгон авч бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээг Говь-Алтайн Бигэр, Ховдын Чандмань суманд Монгол Улсын ШУА-ийн харьяа Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн баг 2018 оны долоодугаар сард хээрийн судалгаа гүйцэтгэж, үнэлгээ гаргасан. Судалгааны төслийн хүрээнд ШУА-ийн харьяа 10 хүрээлэнгийн 27 судлаачийг Ази Номхон Далайн Дасан Зохицох Сүлжээ, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны байгууллагаас (APN) зарладаг судалгааны төслийн карт боловсруулах сургалтад хамруулж чадавхжуулсан. Мөн төслийн хүрээнд хэд хэдэн удаагийн сургалт семинар зохион байгуулж орон нутгийн төрийн захиргааны байгууллага төдийгүй, малчид, иргэдийг хамруулан бэлчээрийн эмзэг байдал, түүнд дасан зохицох орчин үеийн арга технологиудыг зааж сургах, танилцуулах, газар дээр нь үзүүлэх ажлуудыг зохион байгууллаа. Судалгааны тайлангуудыг аймаг тус бүрээр хэвлүүлэн хүргүүлснийг бодлого шийдвэр гаргахдаа ашиглах болно. Судалгааны үр дүнгээр бид Олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний гурван бүтээл хэвлүүллээ.

-Баруун аймгийн бэлчээрийн экологийн эмзэг байдлыг судлахад ямар үр дүн гарч байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд бэлчээр хэрхэн өртсөнийг эхэлж үнэлэхээр ажилдаа орсон. Бэлчээрийн экологийн эмзэг байдлыг гурван үзүүлэлтийн нийлбэрээр үнэлсэн. Нэгдүгээрт, уур амьсгал талаас хуурайшилт, хоёрдугаарт хүний хүчин зүйл талаасаа бэлчээр ашиглалт, гуравдугаарт байгалийн өөрийн сэргэн ургах чадавх буюу тухайн жилийн ургамлын бүрхэвчийг 1998-2018 он хүртэлх сүүлийн 20 жилийн хиймэл дагуулын мэдээллийг ашиглан тодорхойлсон. Энд жишээ болгоод зөвхөн нэг аймгийн үр дүнг дурдъя.

Говь-Алтай аймгийн тухайд Бэлчээрийн экологийн эмзэг байдлын нэгдсэн үнэлгээгээр Дарви, Жаргалан, Төгрөг, Халиун, Чандмань, Тонхил, Бигэр сумууд хамгийн эмзэг байна. Энэхүү бэлчээрийн эмзэг байдал нь малд хэрхэн нөлөөлж байна гэхээр бог малын хээл хаялт тэр тусмаа эм ямааны хээл хаялтад илүү их буюу 0.5-0.8 корреляцын хамааралтай нөлөөлж байна. Бэлчээрийн эмзэг байдлыг зудтай харьцуулахад мал аж ахуйд бага хохирол учруулдаг ч зудаас олон тохиолддог нь ажиглагдсан.

Бэлчээр ашиглалтаар Есөнбулаг, Дарви сум илүү эмзэг байгаа нь цаашид бэлчээрийн даацыг удаан хугацаагаар хэтрүүлэн ашиглавал ургамлын төрөл зүйл багасаж, доройтсон бэлчээрийн талбай нэмэгдэх эрсдэлтэй байна. Ургамлын бүрхэвчийн өөрчлөлтийн давтагдал Тонхил, Дарви, Төгрөг сумдын хил залгаа хэсэг, Есөнбулаг, Халиун, Шарга сумдын хилийн зааг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын хил залгаа хэсэг, Чандмань, Бигэр сумдын хил залгаа хэсгүүдэд хамгийн их буюу хоёр жил тутамд нэг удаа ажиглагдлаа.

skip-share

Бигэр сумын бэлчээрийн 1 хувь нь соргог, 76.5 хувь нь сул, 17.6 хувь нь дунд доройтсон, 3.3 хувь нь их доройтсон, 1.5 хувь нь хэт их доройтсон төлөвтэй байна.

Бэлчээрийн төлөв байдлын нарийвчилсан үнэлгээгээр Бигэр суманд сүүлийн 20 жилд уулын хээрийн бэлчээрийн талбай 4.8 хувиар, цөлийн хээрийн бэлчээр 16 хувиар багасаж, цөлжүү хээрийн бэлчээрийн талбай 18.2 хувиар, цөлийн бэлчээр 2.9 хувиар тус тус нэмэгдсэн байна. Энэ нь Уулын хээр илүү хуурай цөлжүү хээр рүү, цөлийн хээр илүү хуурай цөл рүү шилжиж ургамал нөмрөг хуурайшиж, цөлжилт нэмэгдэж байгааг илтгэнэ. Бигэр сумын бэлчээрийн төлөв байдлыг үнэлэхэд тус сумын бэлчээрийн 1 хувь нь соргог, 76.5 хувь нь сул, 17.6 хувь нь дунд доройтсон, 3.3 хувь нь их доройтсон, 1.5 хувь нь хэт их доройтсон төлөвтэй байгаа юм.

-Бэлчээрийн доройтол буюу эмзэг байдал нь малчдын нийгэм-эдийн засагт нөлөөлсөн эсэхийг яаж тодорхойлов?
-Бид судалгаандаа хэд хэдэн үзүүлэлтийг хамруулсан. Тухайлбал орон нутгийн хүн амын өсөлт, гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ядуурал, банкны зээл болон хадгаламжийн хэмжээ зэрэгт хэрхэн нөлөөлснийг судалсан. Бэлчээрийн эмзэг байдлаас үүдэлтэй хүн амын гадагш шилжих хөдөлгөөн их байв. Тус аймгийн нийт хүн ам 1995 онд 73 мянга хүрч байсан бол 1998 оноос эрчимтэй буурч 2000 онд 63 мянга, 2010 онд 53 мянга болжээ. 2014 оноос нийт малын тоо, хэрэглээний буюу нядалгааны малын тоо нэмэгдсэнээр хүн амын тоо бага зэрэг буюу дөрвөн хувиар өсөж, 2018 онд 58 мянга болсон байна.

2018 оны байдлаар Говь-Алтай аймагт нийт өрхийн 43.5 хувь буюу 7106 малчин өрх байна. 1998-2018 оны хооронд Жаргалан, Шарга, Халиун, Тонхил сумуудын хүн ам жилд дунджаар 1.4 хувиар, Алтай, Эрдэнэ, Төгрөг, Дарви, сумдад хүн ам 0.9 хувиар буурсан нь бэлчээрийн экосистемийн эмзэг байдал өндөртэй сумууд болж таарч байна. Ядууралд өртсөн байдлыг судлахад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас бусад суманд 43 хувиас дээш буюу ядуурал өндөр байв. Ядуурлын хамрах хүрээ өндөр сумдаас Жаргалан сумын хүн ам хамгийн их буурсан. Хүн амын тоо хамгийн их буурсан Шарга, Халиун, Тонхил сумуудын ядуурлын хамрах хүрээ бага байна.

Малчдын эдийн засгийн чадавхийг илтгэх нэг шалгуур нь банк, санхүүгийн байгууллагад хадгалуулсан урт, богино хугацааны хадгаламж, нөгөө талаас малчид өрхийн орлогоо нэмэгдүүлэх, хэрэгцээт зүйлээ худалдан авах, ахуй амьдралын нөхцөлөө өргөжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй тохиолдолд банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр тодорхойлохыг хичээсэн.

Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт хадгаламжийн хэмжээ, зээлийн өрийн хэмжээнээс 8-30 орчим хувиар бага байж байгаад 2018 онд зээл болон хадгаламжийн хэмжээ тэнцсэн байв. Гэвч үүнийг сум тус бүрээр нь задлан бэлчээрийн эмзэг байдалтай уялдуулж харвал бэлчээрийн эмзэг байдал өндөртэй сумуудад малчдын амьжиргаа муудаж, банкнаас авсан зээлийн хэмжээ өндөр байгаа нь судалгаанаас тодорхой харагдсан.

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ ӨНДӨРТЭЙ СУМДЫН МАЛЧДЫН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР, ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨНДӨР БАЙНА

-Бэлчээрийн эмзэг байдалд өртсөн иргэдийн өрхийн амьжиргааны түвшин бусдаас илүү доогуур байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Доройтсон бэлчээртэй газар нутагладаг малчин өрхүүд илүү их зээлтэй, хадгаламж багатай байгаа нь судалгаагаар гарч ирж байна. Үүнтэй уялдуулж үүний эсрэг авч болох арга механизм юу байж болох вэ? гэхээр сүүлийн үед даатгалын үйлчилгээ сайжирч байна. Малчид малаа даатгуулж, эрсдэлээс хамгаалж болно. Бэлчээрийн доройтолд өртсөн сумын малчид малаа даатгалд сайн хамруулж эхэлсэн нь сайшаалтай. Харин бэлчээрийн эмзэг байдлын нөлөөнд төдийлөн автаагүй сумын малчдын малаа даатгуулсан байдал нь бага байх жишээтэй.

-Говь-Алтай, Ховд аймгийн нийт бэлчээрийн хэдэн хувь нь доройтсон байна вэ?

-Бид эмзэг байдлыг гурван түвшинд хувааж бэлчээр, мал, малчин тус бүрд хэрхэн нөлөөлж байгааг гаргасан. Говь-Алтайн аймгийн тухайд малчдын 14 хувь, нийт малын 21 хувь, бэлчээрийн 12.6 хувь Ховд аймгийн тухайд малчдын 28 хувь, нийт малын 35 хувь, бэлчээрийн 31 хувь маш эмзэг байдалд байна гэж тогтоосон.

-Малчдын 14 болон 28 хувь нь маш эмзэг байдалд байна гэдэг нь малаасаа авах ашиг шим буурсан гэсэн үг үү?

-Бэлчээрийг түшиглэн амьдардаг Монгол малчдын тухайд бэлчээр, мал хоёр тэдний маш чухал баялаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн мал аж ахуйн салбар илүү эмзэг, өөрчлөлтөд өртөмтгий, нөхөн сэргэх чадавхаа алдах нь тухайн салбараас амьдралаа залгуулдаг малчдад хүндээр тусна гэсэн үг. Тэгэхээр бэлчээр дэх өвс ургамлын гарц, чанар буудах нь малын тарга хүч түүнээс гарах түүхий эд, мах, ноос ноолуурын чанарт шууд нөлөөлж цаашилбал малчдын амьжиргаа, эрүүл мэнд, сурч боловсроход сөрөг нөлөө үзүүлэх юм.

-Ган зудтай, бэлчээрийн доройтол ихтэй байсан жилүүдэд малчдын эрүүл мэнд, насжилтад ямар нэг өөрчлөлт ажиглагдав уу?

-Энэ их чухал зүйл. Эрүүл малчин байхгүй бол хэн малаа хариулах вэ? гэдэг асуудал. Сүүлийн 20 жилийн хугацаанд Говь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалт 62-оос 70 хүрч Монгол Улсын хүн амын дундаж наслалттай ижил түвшинд хүрсэн байгаа юм. Гэвч үүнийг хүйсээр нь авч үзэхэд өөр дүн гарна. Тухайлбал, 2000 онд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 59, эмэгтэйчүүдийнх 64 буюу 5 насны зөрүүтэй байсан бол 2018 онд эрэгтэйчүүдийнх 65, эмэгтэйчүүдийн 74 болж 9 насны зөрүүтэй болжээ. Энэ үзүүлэлт нь Ховд аймагт 6 жилийн зөрүүтэй байна. Эндээс бид малчдын тэр дундаа эрэгтэйчүүдийг урт наслахад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь бэлчээрийн экологийн эмзэг байдал байх магадлалтай гэсэн таамаглал, дүгнэлтэд хүрч байна. Тухайлбал бэлчээрийн доройтол өндөр байсан 2000-2002, 2007-2009, 2017 онуудад эрэгтэйчүүдийн дундаж наслалт буурч, өсөхгүй зогсонги байдалд орсон нь судалгаанаас ажиглагдсан.

Говь-Алтай аймаг 58 мянган хүн амтайгаас 39 мянга орчим нь малчин. Тиймээс малчдынхаа нийгмийн асуудлыг илүү нарийвчлан судалж байж бодлогын арга хэмжээ авах буюу тэтгэврийн насыг ялгаатай байдлаар тогтоох, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах зэргээр анхаарах нь зүйтэй байна. Одоо манай улсад эрэгтэйчүүд 65, эмэгтэйчүүд 55 настайдаа тэтгэвэрт гарч байгаа нь судалгааны үндэслэлгүй бодлогын шийдвэр гэж үзэх үндэслэл харагдаж байна.

-Судалгаанд баруун бүсийн хоёр аймгийн малчин иргэдийг хамруулсан боловч улсын хэмжээнд малчдын нийтлэг төрхийг төлөөлөх магадлалтай юу?

-Монгол Улсын баруун бүс нутаг мал аж ахуй дээр суурилдаг учир Ховд, Говь-Алтайн аймгууд бол бүс нутагтаа томоохон төлөөлөл болно. Бид санхүүжилт олдвол дараагийн судалгаагаа бүс нутгийн болон, улсын хэмжээнд хийж дахин нягталж үзмээр санагддаг. Монгол Улсад эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү зургаа байгаа бол малчдын хувьд энэ зөрүү ес байгаад анхаарал хандуулахгүй байж болохгүй.

-Та бүхэн судалгааны дүгнэлтээ бичиж, шийдвэр гаргах түвшинд танилцуулсан уу?

-Тийм ээ бид судалгааныхаа үр дүнгийн тайлан, зөвлөмжүүдээ хоёр аймаг, сумдын ЗДТГ-т танилцуулж хүргүүлсэн. Гэвч өнгөрсөн жилийн сонгуулиар орон нутгийн Засаг дарга нар солигдсон учир дахин танилцуулах шаардлагатай. Мөн судалгааг санхүүжүүлэгч байгууллагын шаардлагаар олон улсын сэтгүүлүүдэд гурван бүтээл хэвлүүлсэн.

-Судалгааны үр дүнд ямар зөвлөмжүүд гаргасан бол?

-Ази Номхон далайн бүсийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг судалгааг санхүүжүүлэгч /APN/ байгууллагын онцлог нь судалгаа хийлгээд орхидоггүй, судалгааны үр дүнгээ бодлого боловсруулах болон хэрэглэх түвшний иргэд, байгууллагуудад нь танилцуулж, хэрэгжилтийн процесст тусалж, ямар шийдвэрүүд гарсныг эргэн мэдээлэх шаардлага тавьдаг. Үүний дагуу бид дараах онцлог цөөхөн зөвлөмжүүдийг хүргүүлсэн.

skip-share

Бэлчээрийн эмзэг байдлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн буюу экологийн дүрвэгсдийг багасгахын тулд малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн даатгал, урьдчилан сэргийлэх мэдээлэл, мэдлэгийг сайжруулах шаардлагатай.

Тухайлбал, Малчин эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүг багасгахын тулд ажил хөдөлмөрийн онцлогийг асуулга судалгаагаар илрүүлж сум бүрд зөвлөмж хүргүүлэх, эрүүл зөв хооллолт, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөхөөс сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын үзлэг оношилгоонд төлөвлөгөөт хуваарийн дагуу хамруулах, сувилал-амралт эмчилгээнд жилд 1-2 удаа заавал хамрагдах нөхцөл механизмыг бүрдүүлэхэд аймаг орон нутгаас бодлогоор дэмжихийг зөвлөмж болгосон. Мөн бэлчээрийн эмзэг байдлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн (экологийн дүрвэгсэд)-ийг багасгахад малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн даатгал, урьдчилан сэргийлэх мэдээлэл, мэдлэгийг сайжруулах, сэтгэл санааны болоод гамшгийн бэлэн байдалд сургах, хуримтлал бий болгох чиглэлээр сургалт сурталчилгааг сайжруулах шаардлага байна.

Малын тэжээлийн хангамж болон тэжээллэг байдлыг нэмэгдүүлэх тэжээл үйлдвэрлэл ба хамгааллын агро-экологийн шинэ технологиудыг хослуулан ашиглах талаар туршлагатай малчид, мэргэжлийн байгууллагаар сургалт, семинар зохион байгуулах. Малчдын чадавхыг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны боломжуудыг нээн өргөжүүлэх, тохиромжтой газруудад хагас эрчимжсэн фермерийн үйл ажиллагаа хөгжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн технологи нэвтрүүлэхэд бусад улсын туршлагаас суралцах зэрэг зөвлөмж гаргасан. Энд тодруулж хэлэхэд малчдад бэлчээрийн доройтлоос ангижирсан Өвөрмонголын туршлагыг судлан хэрэгжүүлбэл үр өгөөжтэй санагдсан.

-Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх Өвөрмонголын туршлагыг судлаад, манай малчид хэрэгжүүлсэн болов уу?

-Бид нар Говь-Алтай, Ховд аймгийн малчид, шийдвэр гаргагчдын төлөөллийг Өвөрмонгол руу авч явж, туршлага судлуулсан. Өвөрмонголд 1970-2000 онуудад мал аж ахуйг эрчимтэй ашигласнаас бэлчээр нь доройтож цөл болсон юм билээ. Тэр үед элсэн цөлийг нөхөн сэргээх ажлуудыг үе шаттайгаар явуулсан. Одоо бол цөлжсөн гэж мэдэгдэхгүй ногоон болсон. Нөхөн сэргээхдээ төрөл бүрийн ургамал тарихаас гадна малаа мах, сүү, ноос ноолуурын чиглэлээр төрөлжүүлж, ашиг шим өндөртэй эрчимжсэн МАА эрхлэх, малын тоо толгойг тодорхой тоонд барьж татвар ногдуулах зэргээр олон талын арга хэмжээ авсан байсан.

Мөн өвсөө малдаа дангаар нь идүүлэх биш бусад хүнсний ногооны үлдэгдэл, тэжээллэг зүйлээр баяжуулан багсарч илүү шим тэжээлтэй болгож өгдөг юм байна лээ. Мал аж ахуйгаа бусад холбоотой зүйлтэй заавал хослуулан хөгжүүлэх зөвлөгөөг малчдад өгч байсан. Өвөрмонголчууд манай малчид шиг өвөлжөө, хаваржаа, зуслан гэх мэтээр нүүдэллэдэггүй. Нэг том хашаагаа дөрөв хуваагаад долоо долоо хоногоор сэлгэн малаа хашдаг юм билээ. Манай малчдын давуу тал нь нүүдэллэдэг. Тиймээс өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа нүүхдээ шим тэжээлт, усалгаа шаарддаггүй ургамлын үр цацаж, малын тэжээлээ бэлдэж орхиод явбал намар хураахад бэлэн болно гэж манай малчдад зөвлөсөн. Тэр ургамлынхаа үрийг малчдад өгч Говь-Алтай аймгийн Бигэр сумд тариалсан байгаа.

-

Энэ зөвлөгөөг малчид маань хэрхэн хүлээж авч байв?

-Мал маллахын зэрэгцээ хүнсний ногоо, өвс ургамал тариалж, бусад дагалдах зүйлүүд буюу хүнсний, цагаан идээний, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн хийнэ гэхэд малчдад маань хол сонсогдож байх шиг санагдсан. “Ийм ажлыг тариаланчид хийдэг, бид усалгааг нь хийх боломжгүй, хашаалах тор хаана байна” гэх мэтээр энгийн зовлон хэлэх хүмүүс байсан. Гэвч зарим нэг нь санаачлан хийж эхэлсэн. Нэг нь хийхэд бусад дагаад хийх хандлагатай юм байна лээ. Тиймээс заавал нүдээр нь үзүүлээд дараа нь дагуулж хийлгээд үр шимийг нь үзүүлбэл манай малчид их ажилсаг, амжуулаад идэвхтэй хийж байгаа нь ажиглагдсан.

-Та энэ чиглэлийн судалгаанууд дээр дагнан ажилладаг уу. Өмнө нь ямар судалгаа хийж байв?

-Би МУИС-ийг 2005 онд Хэрэглээний физик экологич мэргэжлээр бакалавр, 2007 онд “Зайнаас тандан судлал газарзүйн мэдээллийн систем” мэргэжлээр, 2012 онд Японы Кэио их сургуулийг “Хүрээлэн буй орчны удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн.

Бакалаврын оюутан байхаасаа эхлэн судалгааны ажил хийж эхэлсэн, судалгаанд маш сонирхолтой байсан. Миний судалгааны гол чиглэл Зайнаас тандан судлал буюу хиймэл дагуулын мэдээ ашиглан орон зайн дүрс боловсруулалтын арга зүйгээр байгаль орчны төлөв байдлын өөрчлөлт, үнэлгээ шинжилгээ, мониторинг, төлөвлөлтөд ашиглах, цаашлаад хиймэл дагуулын технологи хөгжүүлэлт, сургалт судалгаанд нэвтрүүлэх мөн сүүлийн жилүүдэд Тогтвортой хөгжлийн буюу байгаль, нийгэм, эдийн засгийн нийлмэл буюу салбар дамнасан судалгааг сонирхон хийдэг болсон юм.

-Цаг гарган ярилцаж, сонирхолтой судалгааны үр дүнгээ хуваалцсан Танд баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.193] 2021-10-17 17:33:03

Улсын хэмжээний дүн нь буруу байна гэсэн үг. Малчидыг тоож хардаггүй, хотын мргэдийг хамруулдаг, тэгээд ч малчдыг улсын хэмжээний дүнд хамруулдаггүй байсан гэдэг логик эндээс харагдаж байна.

Luta-jargal [39.155.101.96] 2021-10-17 13:46:04

---Humun,mal iin Emchi,eruul mend iin sudalgaa g Oncgoilon anhaarch sudalah inu chuhal aa !

s.ganbold [192.82.80.148] 2021-10-17 01:14:44

Даацтай, үр дүнтэй жинхэнэ нь шинжлэх ухааны арга, аргачлалаар хийсэн судалгаа болжээ. Гарсан үр дүнг, зөвлөмж саналыг эрх баригчид бодлогоор дэмжиж байна хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Төрд ийм мэлмий байгаа болов уу. Харах л үлдэч дээд.

luta-jargal [39.155.101.96] 2021-10-16 03:00:57

~有“体质人类学”的显示数据吗?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.